Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Хэн 2

“Хэн” сэдвийн үргэлжлэл

Энэ бол Ертөнц оргүй хоосон байсан юм гэж үү?, Ямар нэг зүйл, Хэн гэсэн цуврал сэдвүүдийн сүүлийнх нь юм. Дээрх сэдвүүдэд агуулагдсан гол санаанууд нь

(1) “Оргүй хоосон” гэж огт байгаагүй. Хэрэв ертөнц “Оргүй хоосон” байсан бол одоог хүртэл тэр хэвээрээ үлдэх байсан. Гэвч энд Ямар Нэг Зүйл байна. Жишээлбэл та.

(2) Нэгэнт “Оргүй Хоосон” гэж байгаагүй учраас тэнд Ямар Нэг Зүйл үргэлж байсан. Энэ “Ямар Нэг Зүйл”-ийг бид “Мөнх Оршигч Зүйл” гэж нэрлэсэн. Мөнх Оршигч тэр зүйлд эхлэл төгсгөл гэж байхгүй бөгөөд Тэр Өөрөө Өөрийгөө тэтгэдэг. Тэр бүхнийг хийх чадалтай, бүтээсэн бүхнээсээ үргэлж агуу.

(3) “Мөнх Оршигч Зүйл” нь машинтай адилхан гаднын нөлөөгөөр удирдагддаггүй. Мөнх Оршигч Зүйл нь хэрэгцээ шаардлагын улмаас ямар нэг юмыг бүтээдэггүй. Учир нь Түүнд хэрэгцээ гэж байдаггүй. Хэрэв Өөр Зүйлийг Тэр бүтээвэл, эхлээд шийдэх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ? Түүнд хүсэл ба хувийн чанар байдаг гэсэн үг. Иймд тэр Мөнх Оршигч Зүйл нь үнэндээ “Мөнх оршигч хэн Нэгэн” (эсвэл Мөнх Оршигчид) юм.

Мөнх Оршигч Нэгэн нь Өөрөө Өөрийгөө тэтгэж, ямар ч орчны шаардлагагүйгээр оршиж чаддаг учраас өөр юу ч байхгүй үед ч Тэр оршин байсан. Ямар ч орчин Түүгээр бүтээгдэх ёстой бөгөөд Түүнийг дотроо агуулахгүй. Тэнд Түүнээс өөр юу ч байхгүй, зөвхөн Тэр л байна.

Үүнээс үзэхэд Мөнх Оршигч Нэгэн нь хязгааргүй мэт. Учир нь цаг хугацаа ба орон зайн алинд нь ч Тэр хязгаарлагддаггүй. Тэрээр ямар ч орчноос хараат бусаар оршдог тул сансар огторгуйн гадна байна.

Цаг хугацаа ба орон зайн гадна оршдог учраас Түүнийг үл үзэгдэгч гэж нэрлэж болох нь. Зөвхөн орон зай эзэлдэг юмс л нүдэнд үзэгддэг. Хэрэв ямар нэг зүйл орон зайн гадна байвал харагдахгүй. Тиймээс “Мөнх Оршигч Нэгэн”-д оршин байхын тулд ямар ч бие хэрэггүй.

Хэлэлцэх хэрэгтэй учраас “Мөнх Оршигч Нэгэн” нь Өөр Ямар Нэг Зүйлийг буюу Өөр хэн нэгнийг бүтээхээр шийдсэн гэж бодъё. Тэгвэл Өөр Хэн Нэгэн нь хүсэл зоригтой байх ёстой бөгөөд үүний тулд Мөнх Оршигч Нэгэний адил өөрийн ухамсартай байх ёстой. Иймд Өөр Хэн Нэгэн нь хүсэл зориг бүхий нэгэн юм.

Өөр Хэн Нэгэнийг юу гэж тодорхойлж болох вэ? Өөр Хэн Нэгэн нь цаг хугацааны гадна байх уу? Үгүй, тэр өнө мөнхөөс оршиж ирээгүй. Түүнд эхлэл гэж байх учраас цаг хугацаанд хязгаарлагдах болно.

“Мөнх Оршигч Нэгэн”-ний бий болгосон ямар ч зүйл нь цаг хугацаа, орон зайн хувьд түүнээс дорд гэдгийг саная. Ийм байхаас өөр замгүй юм. Учир нь Өөр хэн нэгэн нь ирээдүйд үүрд оршиж болох байлаа ч, цаг хугацааны хувьд тэр эхлэлтэй байх болно. Түүний он цагууд “Мөнх Оршигч Нэгэн”-ий хязгааргүй цаг хугацаан дотор багтана.

Орон зайн хувьд? Өөр Хэн Нэгэн нь орон зайд хязгаарлагдах болов уу? Тийм. Мөнх Оршигч Нэгэн л ямар ч орчин нөхцөлөөс хамааралгүй байж чадна. Тэрхүү Өөр Хэн Нэгэнд оршин байх орчин хэрэгтэй. Ямар орчин гээч? Цаг хугацаатай адилхан. Өөр Хэн Нэгэн нь Мөнх Оршигч Нэгэний цаг хугацаан дотор оршдогийн адил, “орон зайн бүс”-д нь ч мөн орших болно.

Мөнх Оршигч Нэгэн нь орон зайн гадна оршдог. Иймд, Тэрээр аль ч цаг хугацаа, орон зайд хаа сайгүй оршино. Тиймээс, Өөр Хэн Нэгэн нь хэрэв бүтээгдвэл Мөнх Оршигч Нэгэний цаг хугацаа ба орон зай дотор байх болно.

Одоо бидэнд Мөнх Оршигч Нэгэн, Өөр Хэн Нэгэн хоёр байна. Харин нэг асуудал байна. Мөнх Оршигч Нэгэн орон зайн гадна оршдог тул Өөр Хэн Нэгэн нь Түүнийг харж чадахгүй. Тэр бүх орон зайг эзэлдэг.

Тийм учраас Өөр Хэн Нэгэн нь Мөнх Оршигч Нэгэнийг олж чадахгүй. Тэгвэл Мөнх Оршигч Нэгэн нь Өөр Хэн Нэгэнд өөрийгөө таниулахын тулд яах ёстой вэ? Тэр өөрийгөө “хязгаарлах” ёстой. Ингэх боломжтой юу?

Мөнх Оршигч Нэгэн юуг ч хийх боломжтойг санаарай. Тэр Өөрийгөө Өөр Хэн Нэгэнд мэдэгдэхүйц болгож чадна. Энэ бол “хязгаарлах” явдал юм. Яаж тэр вэ?

Бид энэ ертөнцөд байгаа бусад зүйлсийг харах, үнэрлэх, хүртэх, амтлах, сонсох зэргээр ялгаж таньдаг. Хэрэв Мөнх Оршигч Нэгэн нь Өөр Хэн Нэгэнд харах, сонсох зэрэг чадвар өгсөн юм бол, Тэр (1) үзэгдэх дүрээр харагдаж, (2) Өөр Хэн Нэгэнд хандан ярьж, эсвэл (3) үзэгдэх, ярих хоёрыг хослуулан хийж чадна. Эдгээр арга замуудаар Мөнх Оршигч Нэгэн нь Өөрийгөө хязгаарласнаар Өөр Хэн Нэгэн нь Түүнийг таньж чадах юм.

Өөр Хэн нэгэн нь бүтээгдсэн гэдгийг саная. Тэр нь цаг хугацаа, орон зайд хязгаарлагддаг ба мэдэгдэхүйц мөн чанартай. Тийм учраас Өөрийгөө таниулахын тулд Мөнх Оршигч Нэгэний хийх ёстой зүйл бол Өөр Хэн Нэгэнд байдаг буюу Өөрийнхөө өгсөн дүр төрхөд орох явдал юм. Энэ бол Өөрийгөө мэдэгдэхүйц болгох нэг зам юм.

Харин энд нэг асуулт байна. Хэрэв Мөнх Оршигч Нэгэн нь танигдахын тулд Өөрийгөө хязгаарлавал, Тэр бүхэл бүтэн байдлаараа илэрхийлэгдэж чадах уу? Үгүй! Маш их юмс илэрхийлэгдээгүй үлдэнэ. Хэдийгээр Тэр Өөрийнхөө талаар бүхэл бүтнээр нь маш ихийг илчлэн хэлж болох ч, Өөрийгөө хязгаарлахаас нааш Түүнийг Өөр Хэн Нэгэн нь таньж, эсвэл ойлгож чадахгүй.

Сонирхолтой нь, дээр өгүүлэгдсэн дүрслэл Библи дээр яг байдаг. Бид бол Өөр Хэн Нэгэнтэй нь адилхан. Бид цаг хугацаа, орон зайд хязгаарлагддаг. Харин Мөнх Оршигч Нэгэн нь Бурхан юм. Мөн Тэрээр Есүс Христ гэгч Нэгэний дүрээр Өөрийгөө “хязгаарласан” юм. Үүнээс илүүг мэдэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншина уу?

1. Бурхан бол өнөөх Мөнх Оршигч Нэгэн. Тэр үргэлж байсан ба байсаар байх болно

Уулс бий болохоос ч өмнө, Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө, үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан. (Дуулал 90:2)

Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй. (Исаиа 40:28)

“ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.” (Исаиа 44:6)

Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан... (Иеремиа 10:10)

Есүс тэдэнд, “Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн” гэж айлдав. (Иохан 8:58)

Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна. (Еврей 13:8)

“Би бол байгаа болон байсан, мөн хожим ирэх Төгс Хүчит Альфа ба Омега гэж Эзэн Бурхан айлдаж байна.” (Илчлэлт 1:8)

“Би бол Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл мөн.” (Илчлэлт 22:13)

2. Бурхан бол үл үзэгдэгч

Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь Түүнийг таниулсан юм. (Иохан 1:18)

Бурхан бол Сүнс. (Иохан 4:24)

Үеүдийн Хаан, үхэшгүй, үл үзэгдэх цорын ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. (1 Тимот 1:17)

Ерөөлт бөгөөд цорын ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн нь зохистой цагт үүнийг харуулна. Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. (1 Тимот 6:15-16)

3. Бурхан хаа сайгүй байж чадах хэдий ч, бас биднээс ангид хэвээр

Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ? (Дуулал 139:7)

“Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар боссон сүмд оршдоггүй юм. Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь хүн Бурханыг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой.” (Үйлс 17:24-27)

4. Ямар ч зүйл Бурханаар хийгдсэн байх боломжтой бөгөөд хийгдсэн байх болно

"ЭЗЭНд дэндүү хэцүү юм гэж байдаг уу?" (Эхлэл 18:14)

Харин бидний Бурхан тэнгэрт байдаг. Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг. (Дуулал 115:3)

“Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ гэж айлдав.” (Исаиа 46:10)

"Бурханд бүх юм боломжтой." (Матай 19:26)

"Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй." (Лук 1:37)

5. Өөрийгөө “хязгаарлах” нь Бурханд боломжтой. Тэр Өөрийгөө хүний дүрээр илчилж чадна

Эхэнд Үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан… Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. (Иохан 1:1, 1:14)

Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн Үгийн тухай Тэрхүү амь нь илэрхийлэгдсэн. Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илэрхийлэгдсэн мөнх амийг бид үзсэн, мөн та нарт гэрчилж, тунхаглаж байна. (1 Иохан 1:1-2)

Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. (Колоссай 1:15-16)

Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл. (Еврей 1:3)

Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, харин Өөрийгөө хоослож, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов. (Филиппой 2:5-8)

6. Бурхан Өөрийгөө хязгаарлах үед бүхэл бүтнээрээ байхгүй. Гэвч Тэр Өөрөө мөн хэвээрээ байна

"Эцэг Надаас илүү агуу юм." (Иохан 14:28)

"Би болон Эцэг нэг юм." (Иохан 10:30)

"Намайг харсан хүн Эцэгийг харсан." (Иохан 14:9)


Та энэ Бурханыг мэдэхийг хүсэж байна уу? Хэрэв тийм бол, хэрхэн мэдэх вэ?

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP