Тэниша Гэйни
Ахлах сургуулиа төгсөөд коллежид орохдоо би өөрийгөө хэзээ ч биеэ үнэлэгч болно гэж бодож байсангүй. Гэвч нэг л мэдэхэд би тийм хүн болчихсон байсан юм.
Гэртээ амьдарч, нутгийнхаа коллежид явахаас илүү сонирхолтой санагдаж байсан тул хол газар сурна гэхээр сэтгэл минь догдолж байлаа. Тэнд коллежийн уур амьсгал надад маш их таалагдаж байв. Үдэшлэгүүд, эрх чөлөө, дээд боловсрол эзэмших боломж гээд л. Коллежид суралцах нь миний хамгийн том амжилтуудын нэг байсан бөгөөд сургуулиа төгсөх нь нэн тэргүүний зорилго маань байлаа.
Гэвч би болох гэж буй бүхэнд хараахан бэлэн бус байжээ. Хичээлийн эхний семестртээ л би жирэмсэн болсон байв. Хоёрдугаар семестрт би үргэлж л үдэшлэг эргүүлдэг нэгэн болов. Гуравдугаар семестр болоход би ердөө гурван зүйлийг л хүсэж байгаагаа ойлгосон бөгөөд эдгээр нь мөнгө олох, сайхан зүйлс эдэлж хэрэглэх, “аз жаргалтай байх” байв. Нутгийн тайчих клубд ажилладаг сургуулийнхаа хэдэн залуустай ярилцсаны дараа би энэ гурван зүйлийг олж авах хамгийн хялбар арга бол тайчигч болох юм байна гэж бодох болсон.
Тэр залуусын нэгнийх нь аав тэр тайчих клубийн эзэн байлаа. Түүнд миний мөрөөддөг ганган BMW машин, нимгэн дэлгэцтэй зурагт, дэвшилтэт загварын компьютер зэрэг хамгийн сүүлийн үеийн цахилгаан хэрэгслүүд бүгд байв. Удалгүй би байдлыг тандахаар тэр клубээр орлоо. Эргэн тойрныг ажиглаж хараад, мөнгөөр авч болох бүхнийг бодож үзсэний эцэст би “Би оролдоод үзнээ” гэж хэлсэн юм. Хоёр гурван долоо хоног өнгөрөхөд л би үүний учрыг нь олдог болчихсон байв. Гэвч энэ зөвхөн эхлэл нь байсан. Би үргэлжлүүлэн хүмүүстэй уулзсаар, амархан мөнгө олох арга уруу илүү гүн орсоор л байлаа. Нэг их удалгүй би “болзоо авах” буюу биеэ үнэлэх ажил уруу орж эхэлсэн юм.
Гэвч 9 сар орчмын дараа Есүс миний амьдралд орж ирэх үедээ миний төсөөлж ч байгаагүй 180 градусын эргэлтийг авчирлаа.
Уулзсан залуучуудын маань нэг нь надад машины урьдчилгаа өгсөн боловч би машиныхаа үнийг төлөх, даатгалын урьдчилгаа төлөх мөнгө олох хэрэгтэй байлаа. Машин уруугаа эргээд алхаж байтал хажууд минь сувдан цагаан өнгөтэй сүүлийн үеийн загварын Линкольн суудлын тэрэг ирж зогсов. Надаас бараг хоёр дахин ах байрын настай цагаан арьстай залуу дотор нь сууж байв. Тэр надтай хэдэн үг солиод, намайг өдрийн хоолонд урьсан.
Би машинд нь суугаад булангийн цаана байх хоолны газар уруу хамт явав. Бид ярилцаж, инээлдэж хамт хооллосон. Хоол идэж дуусаад тэр намайг цуглаан дээрээ болдог Лхагва гаригийн оройн библи судлалд урьсан юм. Надад яг л зүсээ хувиргасан цагдаад хар тамхи санал болгосон юм шиг мэдрэмж төрсөн ч хамт явахыг зөвшөөрлөө. Тэр оройн цуглаан дээр Бурхан надтай хийж байсан бүхний минь талаар ярилцсан. Би тэр үед байнга л өөрийгөө хамгаалж, шалтаг тоочин “Бурхан та миний зүрх сэтгэлийг мэднэ. Би бол сайн хүн. Би чинь хоол идэх хэрэгтэй” шүү дээ. Гэхдээ энэ бүхэн хангалттай, цэг тавих болсон гэдгийг би мэдэж байв. Би индрийн урд очиж амьдралаа Есүс Христэд өгсөн юм. Энэ бол 2003 оны 7 сар байсан.
Энэ сонголтыг хийсэндээ сэтгэл минь маш их хөдөлж, бүх найз нөхөд, гэр бүлийнхэндээ энэ тухай хэлж билээ. Надтай уулзахаар ирж магадгүй залууст ч бас би Христэд итгэгч болсон тул цаашид тиймэрхүү зүйлстэй орооцолдохоо больсон гэж хэлсэн. Машиныхаа мөнгийг төлөхийн тулд би чадах бүхнээ хийсэн боловч нэгэнт төлж чадахгүйгээ ойлгосон тул машинаа борлуулагчид нь буцааж өглөө. Тайчих клубийн ажилтай холбоотой бүх харилцаагаа тасалсан тул би ажилгүй болсон юм. Өдөр бүр Библиэ уншиж, залбирч, Бурхан энэ бүгдийг шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байв. Үнэхээр ч Бурхан үүнийг хийсэн.
Би гэрийнхээ ойролцоох орон нутгийнхаа коллежид явдаг боллоо. Тэнд нэг семестр л сурсны дараа машингүй болсон тул сургууль уруугаа явах боломжгүй болов. Гэвч би илүү сайн өдрүүд өмнө минь байгаа, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэсээр байсан юм. Бурханд итгэх итгэл минь шинэхэн байсан ч би эргэлзэж, сэтгэлээр унаж, санаа зовсон хэвээр л байлаа. Зүгээр л итгээд залбирах л юм бол бүх зүйл амар хялбар, сайхан болчихно гэж бодтол тийм биш гэдгийг хараад надад эргэлзээ төрж байв. Амьдралынхаа нөхцөл байдлыг хараад, надад хэрэгтэй гэж бодсон зарим нэг материаллаг зүйлс байхгүйгээс болж би сэтгэлээр унаж байсан юм. Мөн энэ бүхэн яаж эргээд байр байрандаа очих юм болдоо гэж санаа минь зовж байлаа.
Найман сарын сүүл болсон ч надад машин байсангүй. Тиймээс би коллеждоо орсонгүй. Хөрш хотод байдаг усан цэргийн баазын хоолны газарт ажилд орсон боловч ажилдаа явах унаа олох амаргүй байсан тул сар орчим ажиллаад ажиллахаа болив. Би энэ бүхэн илүү дээрдэнэ гэдэгт итгэлтэй байсан тул цуглаандаа үргэлжлүүлэн явж Үгийг судлан, залбирч, Түүнд итгэсээр байсан.
Дараа жилийнх нь 2 сард, эмээ маань нас барахдаа үлдээсэн өв залгамжлалын захидал надад ирлээ. Үүгээр би машин авснаар сургуульдаа буцаж орсон. 2007 оны 5 сард Нягтлан бодогч мэргэжлээр Шинжлэх ухааны Бакалавр зэрэг эзэмшин сургуулиа төгссөн. Одоо би эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа бөгөөд машин маань ч дажгүй явж байна!
Мөн би “19 эрийн дараа: Намайг үнэнчээр хайрласан нэгэн” гэдэг нэртэй өөрийн амьдралын түүхээр ном бичсэн.
Та хэзээ нэгэн цагт материаллаг зүйлсийн араас хөөцөлдөж байсан уу?Та одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байж үзсэн үү? Амьдралаа нэг эргэцүүлээд үз. Та амьдралаа хэрхэн тодорхойлох вэ? Баяр хөөртэй юу? Бухимдсан уу? Санаа зовсон уу? Дарамттай юу? Урагш ахиж байна уу? Хойшоо ухарч байна уу? Олонх маань зарим үед дээрх бүгдийг нэг зэрэг мэдэрдэг. Хэзээ нэгэн цагт хийх юмсан гэж хүсдэг зүйлс, бас хэзээ ч санахгүйгээр мартах юмсан гэж хүсдэг зүйлс бидэнд бий. Есүс бүх зүйлсийг шинэчлэхээр ирсэн гэж Библид хэлсэн. Та хэрвээ бүхнийг эхнээс нь ямар ч толбогүй цэгээс дахин эхэлж чаддаг бол таны амьдрал ямар байх байсан бол?
Танд амар амгалан хэрэгтэй байгаа бол амьдралаа тогтвортой болгох арга зам бидэнд бий. Бид бүгдээрээ Хүү Есүс Христээр нь дамжуулан Бурхантай хувьчлан харилцаа тогтоосноор төгс нигүүлслийг хүлээн авах боломжтой.
Тэр танд хайртай. Танд өөрийгөө таниулахын тулд Тэр таныг урьж байна. Амьдралд тань ямар алдаа дутагдал байсaн нь Түүнд хамаагүй. Есүс таны гэм нүглийг өөртөө үүрээд загалмайд хадан, үнийг нь төлсөн. Тэгээд Тэр үхлээс амилсан. Тэр бас таны амьдралыг сэргээн шинэчлэх хүчтэй. Түүнтэй тогтоосон харилцаагаар дамжуулан Тэр танд шинэ амьдралыг өгч чадна.
Та яг одоо залбирч итгэлээ илэрхийлснээр Христийг хүлээн авах боломжтой. Залбирал бол маш энгийн Бурхантай ярих цаг юм. Бурхан таны зүрх сэтгэлийг мэддэг бөгөөд таны хэлж буй үгээс илүү зүрх сэтгэлийн хандлагад чинь анхаарал хандуулдаг. Залбирлын жишээ:
Эзэн Есүс ээ, би таныг хувьчлан таньж мэдмээр байна. Миний гэмийн төлөө загалмай дээр амиа өгсөнд баярлалаа. Амьдралынхаа хаалгыг би нээж, миний Аврагч Эзэн болон орж ирээч хэмээн Таныг урьж байна. Амьдралыг минь та захираач. Миний гэмийг уучилсанд, надад мөнх амийг өгсөнд баярлалаа. Та намайг Өөрийн хүслийн дагуу өөрчилж өгөөч.