Лаура Кросс Калэнберг
Миний хувьд Европын хувцас загварын сэтгүүлүүдийн нүүрэнд зургаа тавиулах нь мөрөөдөл байхаа больж, амьдралд маань бодит биелэлээ олсон билээ. Итгэмээргүй юм шүү. Сэтгүүлд зургаа тавиулах, маш их мөнгө олох, дэлхийгээр аялах нь миний хүсэл байлаа. Зорилгодоо хүрэх гэж зүтгэсэн минь талаар болсонгүй. Одоо би Парис дахь шинэ гэртээ алдар нэр, азтай хувь тавиландаа умбан хангалуун сайхан амьдарч байна. Амьдрал ингээд л болдог гэж үү?
Таны бодлоор гоо үзэсгэлэн гэж юу вэ? Хэрвээ та боломжтой байсан бол өөрийнхөө юуг өөрчлөхийг хүсэх вэ? 19 насандаа Парисын Кристиан Диороос ажил үйлсийнхээ гарааг эхэлж байх үед хүмүүст хэрхэн харагдаж байгаа нь гоо сайхан юм байна гэж би боддог байсан юм. Хүмүүс намайг магтан сайшааж бас загвар үзүүлэх ажил надад санал болгох юм бол би өөрийгөө хөөрхөн юм байна гэж дүгнэдэг байв. Хэрвээ, би ажилтай бас амжилттай байх л юм бол өөрийгөө үзэсгэлэнтэй байна гэж үзсэн. Гэхдээ би өөрийгөө хэн гэж үзэх үзлийг хүмүүсийн гарт буюу бусдын намайг хэн гэж үзэж буйгаар тодорхойлох нь аюултай зүйл гэдгийг ойлгосон.
Би гоо үзэсгэлэнг ойр дотно харилцаа бүхий хүрээллээр дүгнэж байв. Учир нь би дэлхийн хамгийн алдартай сэтгүүлд зургаа тавиулдаг хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй хамтран ажилладаг байлаа. Тэд, миний дотнын найз нөхөд учраас би ч мөн адил үзэсгэлэнтэй юм байна гэж баттай боддог байв.
Өөрийгөө хөөрхөн гэдгийг өөртөө итгүүлсэн өөр нэг хэмжүүр нь надад татагдсан эрчүүд байлаа. Маш царайлаг, ухаантай, баян залуучууд миний араас гүйдэг учраас би өөрийгөө үзэсгэлэнтэй гэж тооцсон юм. Би маш алдартай болсноор олон найзуудтай болсон билээ. Амжилтад хүрэх тусам улам бүр алдартай болж, бүх л төрлийн үдэшлэгүүдэд уригдах нь энүүхэнд болж хүссэн газар уруугаа явах их амархан болсон юм. Ийм олон найзуудтай мөн эдгээр газруудад уригдаж байгаа болохоор би өөрийгөө үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн хүн юм байна гэж боддог байлаа.
Эцэст нь, би зөвхөн өөрийнхөө амьдралд л анхаарлаа хандуулж, өөрийгөө бодсон аминчхан хүн болсон юм. “Би”, “Миний”, “Надад” гэсэн үгс миний хамгийн дуртай үгс болж зөвхөн өөрийнхөө талаар бодож, өөртөө л ихэнх цагаа зарцуулдаг байлаа. Миний бүх амьдрал, биеийн жин, үс, миний хувцаслалт, бусдыг татах байдал гээд бүгд гадаад үзэмж маань болсон байв.
Би нэг удаа Японд загвар үзүүлэх ажлаар хоёр сар болсон юм. Гутлын үдээсийг үдэхээс эхлээд миний бүх зүйлийг хүмүүс хийж өгдөг байлаа. Намайг хувцаслах үед даашинз болон гадуур хувцсыг өмсүүлэх хүмүүс зогсож байдаг. Нэг хүний ажлыг бараг гурван хүн хийж өгдөг байв. Энэ бүхэн намайг их чухал хүн болохыг мэдрүүлж, өөрийгөө л анхаарах бодлын минь үндэс болж өгсөн.
Би ч маш шаргуу ажилладаг байлаа. Надад маргааш ажлаасаа гарахгүй гэсэн баталгаа байхгүй учраас би долоо хоногийн бүх өдөр ажилладаг байв. Миний гоо үзэсгэлэн хэзээ нэгэн цагт хөгшрөх учир ажил бүрийг алдалгүй хийх хэрэгтэй. Би өдрийн турш Германд ажиллан, орой нь Парис уруу нисэж, тэнд ажлаа үргэлжлүүлэн өглөө нь эргээд, Герман уруу буцах жишээтэй. Ажлаа алдахаас үнэхээр айдаг байсан ба ингэхгүйн тулд юу ч хийхэд бэлэн байдаг байлаа. Тиймээс би өөрийн хийж чадах ямар ч ажлыг татгалзалгүйгээр хүлээн авдаг байсан юм.
Энэ бүхний үр дүнд би туйлдаа хүртэл ядарч, өвдсөн юм. Нэг өдөр зураг авалтын үеэр би муужирч унаад, өвдгөө гэмтээсэн. Загварын ертөнцөд ажиллаж эхэлснээс хойш анх удаа эмнэлэгт хэвтсэн минь энэ байлаа. Ажлаа хийх боломжгүй болсон тэр үе бол миний амьдралын хамгийн аймшигтай хүнд өдрүүд байсан юм. Хэдийгээр хоёрхон долоо хоног эмнэлэгт байх ёстой байсан ч тэр хугацаанд миний оролцох байсан загварын үзүүлбэрүүдээс хоцорсондоо маш их харамсаж байлаа. Би арван дөрвөн удаагийн шоунд оролцох боломжгүй болсон юм.
Гэхдээ ажлаа хийх чадваргүй болон орондоо хэвтэж байсан тэр нэг өдөр амьдралынхаа тухай эргэцүүлэн бодлоо. Тэгээд надад гоо үзэсгэлэн болон түүний үнэ цэнэ гэж ер нь юу юм бэ? Би ер нь ямар хүн болчихсон юм бэ? гээд олон зүйлсийг бодон амьдралаа эргэн нэг харлаа.
Гоо үзэсгэлэнгийн талаар миний бодол бүрэн биш гэдгийг би ойлгосон юм. Тухайлбал миний гадаад дүр төрх өөрчлөгдөнө гэдгийг би ухаарсан. Миний сэтгүүлүүд дээр гарсан зураг болон цуглуулсан зурагнуудын хайчилбар маш хурдан хуучирч, моодноос гарчихдаг байлаа. Зургийн агентууд надаас зургийн цомгоосоо 6 сар тутам хуучирсан зургуудаа авахыг шаарддаг байсан учир би шинэ зураг авахуулахын тулд маш их хөдөлмөрлөдөг байлаа. Би хоцрогдохгүйн тулд байнга хичээх хэрэгтэй болдог байв.
Залуу хүний хувьд ийм их мөнгө олж байгаа нь сайн ч гэлээ түүнийгээ яаж зөв зарцуулах вэ гэдэг асуудал намайг шаналгаж байсан. Үүнээс улбаалаад, хүмүүс яагаад надад үнэхээр татагддаг юм бол гэж би өөрөөсөө асуухад хүрсэн юм. Хэрвээ миний гадаад үзэмж арай өөр байсан бол, эсвэл би өөр ажил хийдэг байсан бол, магадгүй арай бага мөнгөтэй байсан бол миний найз залуу намайг яг байгаагаар минь хайрлаж чадах болов уу?
Эдгээр бодол, эргэцүүллүүд нь амжилтын оргилд яваа намайг хүнд цохилтод оруулсан билээ.
Өөрийнхөө амьдралын энэ өнгөцхөн байдлыг ухаарсны дараа миний сэтгэл хоосрох шиг болсон. Бодож, хүсэж, мөрөөдөж байсан бүх зүйл надад байсан ч нэг зүйл дутагдаад байх шиг санагдсан. Зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэрч байсан тэр хоосон зайг миний амжилт, алдар нэр дүүргэж чадаагүй юм.
Яагаад ийм болчхов? Миний эрхэмлэдэг зүйлс хаачсан бэ? Би хэний төлөө эсвэл юуны төлөө амьдарч байсан юм бэ?
Миний амьдрал баталгаагүй зүйл дээр тогтож байгаа юм шиг санагдлаа. Миний амьдрал соёлын шалгуур, найз залуугийн маань хүсэл, олсон их мөнгө, алдар нэр зэрэг дээр л тогтож байлаа. Амьдрал маань элсэн дээр баригдсан байшин шиг байгааг ухаарсан.
Миний өссөн газар болох Индиана мужид надад тохиосон нэгэн онцгой үйл явдал санаанд орж ирэв. Ангийн маань хүүхэд намайг сүмийнхээ концертод урьж билээ. Тэнд сонссон дуунуудаас “Хайрыг хаа сайгүй хайхдаа би буруу газруудаас эржээ” гэсэн дууны үгс миний сэтгэлд зурсхийн орж ирлээ . Уг сүмийн өсвөрийн бүлгийн хүүхдүүдийн тэн хагас нь хөвгүүд ба тэр сүм маш том байсан нь миний анхаарлыг татаж, сонирхолтой байх болов уу? гэж бодон, тэр үед тэдний санал болгосон Есүс Христийг би хүлээн авсан юм.
Гэхдээ тухайн үед миний амьдралд Бурхан хэрэггүй гэдэгт би итгэчихсэн байсан. Яагаад гэвэл миний эцэг эх салах дээрээ тулсан байсан үе. Тэдний сүсэг бишрэл тэдэнд тус болохгүй байх шиг санагдсан учраас тэр юм. Харин концертын үеэр дуу хөгжмөөс гадна тэнд яригдсан нэг зүйл миний зүрх сэтгэлд маш их хүрсэн. Концертын төгсгөлд хөгжимчид та нартай хуваалцах сайн мэдээ байна гэлээ. Би тэднийг ямар нэгэн цомгийн талаар ч юмуу нэг тиймэрхүү юм л хэлэх гэж байна даа гэж бодож байв. Гэтэл тэдний яриа эцэстээ Бурхан бидэнд хайртай гэсэн мэдээ болж хувирлаа. Тэд, Есүс Христээр дамжуулан, Бурхантай харилцаж болно гэж ярив. Тэгээд Бурхан намайг ямар ч нөхцөл тавилгүйгээр хайрладаг учраас цорын ганц Хүүгээ миний гэмийн шийтгэлийг үүрүүлэн, загалмай дээр цовдлогдохоор илгээсэн гэж хэлсэн. Би тэр үед пөөх! Нөхцөл тавьдаггүй хайрын харилцаа байдаг гэж үү? гэж бодож байлаа. Амьдралдаа буруу зүйлс хийдэг байснаа хүлээн зөвшөөрөх нь надад ерөөсөө асуудал биш байсан юм. Учир нь би Бурхан намайг ямар хүн байгаасай гэж хүссэн тэр хэмжээнд хүрэхээргүй байсан юм л даа. Бурханы хайрыг авахын тулд ямар нэг юм хийх шаардлагагүйг хөгжимчид надад тайлбарлаж өгсөн юм. Тэд надад Есүс Христээр дамжуулан, маш энгийнээр Бурханы уучлал болон хайрын бэлгийг хүлээж авч болно гэж хэлсэн.
Би тэр орой намайг уучилж, өөрчилж өгөөч гэж Христээс гуйн товчхон залбирсан билээ. Би Түүний төлөө амьдарч, амьдралынхаа туршид Түүнд үйлчилнэ гэж хэлсэн. Тэгээд Түүнийг амьдралд минь орж ирэн, надтай харилцаж эхлээч гэж зүрх сэтгэлдээ урьсан юм.
Олон жилийн дараа Парист тэр онцгой үйл явдлын талаар эргэн дурсаж байх үедээ би амьдралын жинхэнэ утга учраа гээснээ ухааран, цаашид хэрхэн тийм зорилготой амьдарч чадахаа гайхан эргэлзэж байлаа. Би Бурхантай харилцах харилцаанаасаа татгалзан өөрийнхөө замыг сонгож амьдарснаа ухаарч, ойлгосон юм. Миний сэтгэлд ямар нэгэн юм дутагдаад байсанд гайхах зүйлгүй боллоо. Тиймээс би бусдад таалагдаж, таашаагдахын тулд бас зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч байсанд намайг уучлаарай гэж Бурханд хандан залбирсан. Тэгээд би Түүнд ”Намайг өөрчилж өгөөч. Жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу болохыг надад харуулаач” хэмээн гуйн ярьсан юм.
Бурханы надад ойлгуулсан хамгийн эхний зүйл нь үнс нурам мэт устаж алга болох зүйлсийн аюулыг сануулсан юм. Би үүнтэй маш удаан хугацааны турш зөрчилддөг байлаа. Америкчууд жил бүр гоо сайхны бүтээгдэхүүнд л гэхэд 20 тэрбум долларыг, гоо сайхны мэс засалд 300 сая долларыг, 33 тэрбум долларыг хоолны дэглэм барих бүтээгдэхүүнд зарцуулдаг байна. Үүнээс үзэхэд гадаад үзэмждээ хэчнээн их цаг хугацаа, мөнгө зарцуулдаг болох нь харагдаж байна. Гэвч зөвхөн гадаад төрх бол жинхэнэ гоо үзэсгэлэн биш байлаа.
Мөн үүнтэй адил бас нэг зүйл бол би өөрийн гадаад төрхийг бусад эмэгтэйчүүдийн гадаад төрхтэй харьцуулдаг зуршил байлаа. Миний бас нэг асуудал бол атаархал байв.
Бурхан намайг бүтээсэн бөгөөд Түүний өмнө би үнэ цэнэтэй нэгэн гэдэгтээ бат итгэлтэй байх, гадаад төрх, зан байдлаас үл хамааран, Бурхан намайг хайрладаг гэдгийг мэдсэнээрээ сэтгэл хангалуун байж, аюулгүй баталгаатай байдалд байж суралцах хэрэгтэй байлаа.
Учир нь гадаад гоо үзэсгэлэн бол баталгаатай зүйл биш. Энэ байдал нь найз байх болон найзуудтай байхад маань саад болдог байлаа. Хүмүүс намайг сайшаан магтаасай гэсэн горьдлого найдварыг та бусдаас их хүлээдэг болно.
Гоо үзэсгэлэн гэж юу вэ? Энэ бол гадаад төрх биш юм. Харин гоо үзэсгэлэн бол хүний зүрх сэтгэлд байдаг юм. Миний ажил хэрэгт тийм ч их чухал биш ч даруу байдал бол гоо үзэсгэлэн. Өөрийгөө зөвөөр үзэх үзэл ба сэтгэл хангалуун байдал бол гоо үзэсгэлэн. Бурханыг хувьчлан мэдэх нь танд гоо үзэсгэлэнг авчирдаг. Учир нь таныг байгаагаар чинь хүлээж авч, таныг хайрладаг Бурханы хайр, таны амьдралд амар тайван, өөрийгөө зөвөөр үнэлж үзэх байдлыг авчирдаг. Ингэснээр танд өөрийгөө байгаагаар нь хүлээн авч хайрлах, дутагдалтай талаа ч хүлээн зөвшөөрөх чадвартай болгодог. Христийн уучлалыг аваагүй үед гэм нүгэл биднийг дотроос маань бохирдуулж, муухай болгодог. Дэлхийн нууж далдлах зүйл боломжгүй болдог. Бүх будаг шунх, гоо сайхны мэс засал, эмчилгээнүүд үүнийг өөрчилж чадахгүй. Бурханы нүдний өмнө бидний дотор байгаа гэм нүглүүд ил байдаг ба хүмүүст ч энэ нь мэдэгддэг. Зөвхөн Христ биднийг Бурханы нүдний өмнө гоо үзэсгэлэнтэй болгож чаддаг. Бурхан бидний амьдралын төвд байснаар жинхэнэ дотоод гоо үзэсгэлэн бий болж, улмаар гадаад байдалд маань ч нөлөөлдөг.
Есүс Христ миний амьдралыг өөрчилсөн. Би Түүнийг дагана гэсэн шийдвэртээ хэзээ ч харамсахгүй гэдгээ танд хэлж чадна. Та, Христийг амьдралдаа яагаад урьж болохгүй гэж? Есүс хэлэхдээ “Харагтун. Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод, хаалгаа нээвэл Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно” гэсэн байдаг (Илчлэлт 3:20).
Та яг одоо залбирлаар дамжуулан, итгэлээрээ Христийг хүлээн авч болно. Бурхан таны хэлж буй үгсээс илүү таны зүрх сэтгэлийн хандлагыг чухалчилдаг. Доор би өөрийн залбирсан залбирлаа бичлээ. Энэ нь таны зүрх сэтгэлийн хүслийг илэрхийлж байж болох юм.
Эзэн Есүс минь, Та надад хэрэгтэй байна. Миний гэм нүглийн төлөөсийг төлөхөөр загалмай дээр нас барсанд тань баярлалаа. Би амьдралынхаа үүдийг нээж, Таныг Аврагч Эзэнээ болгон хүлээн авъя. Миний гэмийг уучилж, мөнх амийг өгч байгаад тань баярлалаа. Миний амьдралыг захирч, намайг Өөрийн хүслээр өөрчилж өгөөч.
Хэрэв, энэ залбирал таны зүрх сэтгэлийн хүсэлтэй нийцэж байвал үүнийг та яг одоо ч залбирч болно. Таныг залбирсан даруй Христ амласнаараа таны амьдралд орж ирэх болно.
2001 © Лаура Кросс Калэнберг
Лаура Калэнберг бол Нью Йорк хотын загвар өмсөгч бөгөөд энэ ажлаараа 22 орноор аялан явсан ба түүний зураг Мэри Клейр, Космополитан болон Брио зэрэг маш олон сэтгүүлийн нүүрэнд тавигдаж байжээ. Тэрбээр бас Сакс, Ньемэн Маркус болон Хэйний сурталчилгаануудад тоглож байсан. Мөн мэргэжлийн загвар өмсөгч Жефф Калэнбергтэй гэрлэж, хоёр хөөрхөн хүүхэдтэй болон аж төрж байгаа нэгэн юм.
Гэрэл зураг: Michael Goldman, David Sacks