Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Хүүхэмсэг эрчүүдийн явдал

Нэгэн залуугийн бэлгийн амьдралдаа гаргасан өөрчлөлт

Үл таних зочин

Хүмүүсийн дунд “Бусдын мунхаглалыг өөртөө ашигтайгаар эргүүлэх нь хамгийн мундаг” гэсэн яриа байдаг. Нийтлэлийн маань сэдэв үүнтэй холбоотой бөгөөд би өөрийн сурч мэдсэн цөөн хэдэн зүйлийг та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Энэ бол охид, тэдэнтэй тогтоох харилцаа холбооны тухай юм. Намайг гэр бүл болтлоо бэлгийн харьцаанд оролгүй хүлээхээр шийдэхэд хүргэсэн арван шалтгааныг доор дурдлаа.

Болзох үеийн зөвлөмж #1:
Бэлгийн харьцаанд орох нь төсөөлж байсан шиг минь сэтгэл ханамжийг авчирдаггүй болохыг би ойлгосон

Коллежид сурч байхдаа би өөрийгөө “Янаг амрагийн явдалд шартаж” байгаагаа анзаарсан. Охидтой хамт байсны маргааш өглөө би сэтгэлдээ үргэлж хоосролыг мэдэрдэг байв. Үүнийг телевиз, эсвэл кинонд дүрслэн харуулдаггүй ч ийм зүйл үнэхээр олонтаа тохиолддог. Үүний эцэст хоосон мэдрэмж, харуусал заавал төрдөг байлаа.

“Янаг амрагийн явдалд шартаж” буй нь миний хувьд үнэхээр хачирхалтай тохиолдол байлаа. Коллежид сурч байхад секс гэдэг бол миний хувьд яг л “бурхан” маань байлаа. Эрэгтэй хүний хувьд өглөө, өдөр, үдэшгүй зөвхөн үүний л тухай боддог байв. Тэгэхлээр та намайг өөрийн “бурхнаа” тахин, хүндлэх том үйл болох бэлгийн харьцаанд орсноор бүрэн дүүрэн сэтгэл ханамжийг авдаг байсан байх гэж бодож байж магадгүй. Гэвч тийм байгаагүй, сэтгэл хангалуун мэдрэмж надад ирж байсангүй.

Танд энэ бүхэн танил байна уу? Та ер нь “Янаг амрагийн явдалд шартаж” байсан уу? Хэрэв, тийм бол та зогсоод, энэ талаар эргэцүүлэн, бодож үз. “Яагаад ийм байна? Хэрвээ секс тийм чухал зүйл юм бол яагаад миний сэтгэл хоосон хэвээр үлдэж байна вэ?”

Сэтгэлийн эл хоосролоос болж, би үнэхээр төөрөгдөлд орж байснаа санаж байна. Улмаар “Секс надад бүхнээс илүү их хэрэгтэй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрч байсан. (Хоосон мэдрэмжийг минь арилтал дүүргэж чадна гэж найдсан зүйлсийнхээ талаарх бидний бодол үргэлж ийм буруу байдаг. Жишээ нь: Бид хүсэн дурлаж байсан машинаа худалдан аваад хэсэг хугацааны дараа түүнээсээ уйддаг. Үнэндээ машин биднийг сэтгэл хангалуун болгох зүйл биш юм байна гэдгийг ухаарч танихын оронд “Энэ машин биш байж. Өөр машин л надад сэтгэл ханамжийг өгнө” гэж үргэлж ташаа боддог.)

Гэхдээ л сэтгэлдээ хоосон байдлыг мэдэрсэн хэвээр байдаг. Эцэст нь би гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаа төсөөлөгддөг, кино дэлгэцээр сурталчлагддаг шигээ сэтгэл ханамжийг өгдөггүй болохыг ойлгосон юм. Хэрвээ тийм байсан бол яагаад ч тэнд “хоосрол” байх ёсгүй шүү дээ.

Болзох үеийн зөвлөмж #2:
Эмэгтэй хүмүүст илүү хүндлэлтэй хандахыг би хүсэх болсон

Бэлгийн харьцаанд орох болоход тэнд яг чухам юу болоод байгааг охид бүрэн ойлгодоггүй болохыг би мэдсэн. Учир нь тэд аливаад залуусаас ондоо ханддаг. “Би түүнд хайртай юм чинь” гэдгээр охид бэлгийн харьцаанд орсноо, хэдийгээр орох хүсэлгүй байсан ч орсныгоо зөвтгөдөг. Яагаад ингэдэг вэ? “Охид хайрлуулахын тулд сексийг хэрэглэдэг, хөвгүүд бэлгийн харьцаанд орохын тулд хайрыг ашигладаг” гэсэн яриа байдаг нь үнэний хувьтай аж.

Охид тухайн хөвгүүнтэй нэгэн өдөр гэрлэж буйгаа төсөөлөн боддог бол хөвгүүд найз нөхдөдөө ярих зүйлтэй байхын тулд тухайн охинтой хийхийг хүсэж буй бүх зүйлийг ургуулан боддог. Үүнийг хийх нь зөв гэж охид дотроо бодож байхад хөвгүүд үүнийг буруу гэж бодсон ч үргэлжлүүлдэг. Яагаад тэр вэ? Мэдээж хүсэл, тачаалаас болж байгаа ч үүнд бас өөр нэгэн шалтгаан байгаа. Тэр бол эр хүн гэдгээ мэдрэх. Гэхдээ үүнийгээ мэдрэхийн тулд заавал бүсгүй хүнийг мэхлэх хэрэгтэй гэж үү?

Бүсгүй хүнийг хүндэтгэж байхдаа та өөрийгөө ч бас хүндэлж буй хэрэг юм гэдгийг ухаарсан. Учир нь та хожим хойно харамсалд хүрэх үйлдэл хийснээрээ таашаалаас ч илүү удаан хугацаанд таныг зовоох харууслыг үүрч явах хэрэгтэй болдог. Роб Рой гэдэг кинонд гол дүрийн баатар ийн өгүүлдэг “Хүндэтгэл бол эр хүний өөртөө өгч чадах бэлэг”. Та зүрхэндээ зөв гэж мэдэрч буй (тухайн эмэгтэйг гомдоохгүй) зүйлийг үйлдэх замаар бүсгүй хүнд хүндлэл үзүүлснээрээ өөрийгөө хүндэтгээд зогсохгүй амьдралаа харуусал тээсэн он жилүүдээс хамгаалах болно.

Болзох үеийн зөвлөмж #3:
Тэр бол өөр нэгний гэргий

Надтай болзож байсан охидын дийлэнх нь одоо аль хэдийн өөр хүний эхнэр болсон. Тэдгээр нөхрүүдийн оронд би өөрийгөө тавьж үзэхдээ эхнэрүүдтэй нь тийм зүйл хийгээгүй байсан ч болоосой гэж хүсдэг. Би үүндээ үнэхээр харамсдаг.

Намайг гэр бүл болоход эхнэрт маань өөр хэн нэгэн минийх шиг байдлаар хандсан байвал надад мэдээж сайхан байхгүй. Та юу гэж бодож байна? Өөр хэн нэгэн таны эхнэртэй байхыг та хүсэж байна уу? Та одоо найз охинтой бол ирээдүйн эхнэрт чинь тийм зүйл тохиолдвол танд ямар байх вэ гэдэгтэй жишиж нэг үзээрэй.

Та бас үүнийг арай өөрөөр төсөөлж үзэж болно. Тэр охин хэн нэгний хайртай охин нь. Тэгвэл, тэр таны охин байвал яах вэ? Эсвэл тэр таны эгч, эмэгтэй дүү чинь бол яах вэ? Тийм бол өөртэйгөө адил залууст охиноо, эгчийгээ, дүүгээ ашиглуулахыг та хүсэх үү? Одоо би охидыг өөр өнцгөөс харах болсон. Тэд ирээдүйд хэн нэгний гэргий болно, бас хэн нэгний охин, эгч дүү нь билээ.

Болзох үеийн зөвлөмж #4:
Бэлгийн харьцаанд орсноор миний хамгийн сайн харилцаа сүйрсэн

Нэгэн жишээ дурдахад, коллежид байхдаа би өөрийнхөө мөрөөдлийн эзэн болсон, ялдамхан зантай нэгэн охинтой үерхдэг байлаа. Түүнтэй хамт байхдаа би хэзээ ч уйддаггүй байсан. Гэвч миний санаачлагын дагуу бид бэлгийн харьцаанд орж эхэлсэн билээ.

Удалгүй бидний харилцаа зөвхөн секс дээр л төвлөрөх болсон. Би түүнийг бусад талаар сонирхохоо больж, бид улам илүү дотносож ойртохын оронд бие биенээсээ холдож эхэлсэн юм даа. Тиймээс л би “Бэлгийн харьцаанд орсноор миний тогтоосон хамгийн сайн харилцаа устаж үгүй болсон“ гэж хэлдэг. Хүмүүс сэтгэл санаа, оюун бодол, бие махбод, сүнсний гээд өөр хоорондоо ялгаатай, олон тал дээр түшиглэх нь бий. Харамсалтай нь, найз охинтойгоо тогтоосон миний харилцаа илүү бие махбодын тал уруугаа хэлбийх болсноос үүдэн, харилцааны маань бусад хэсэг тастагдаж, эцэстээ харилцаа маань бүхэлдээ сүйрсэн юм. Хэрвээ бид (би) хүлээсэн бол өнөөдөр ч бид хамтдаа байж байхыг үгүйсгэхийн аргагүй.

Энэ зөвхөн надад тохиолдсон зүйл биш, ийм байдал миний төдийгүй өөр бусдын амьдралд байсан олон сайхан харилцааг устгаж, үгүй хийснийг би мэднэ. Үүнд ямар нэг учир шалтгаан байгаа болохыг би ойлгосон. Энэ талаар би тайлбар өгүүлэх болно.

Болзох үеийн зөвлөмж #5:
Гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаа бидний харилцааны бусад талбарыг сүйрүүлдэг

Миний хувьд бэлгийн харьцаанд орсны дараа хоёр зүйл нэгэн зэрэг болж буйг ажигласан. Тухайн үедээ би энэ тогтолцоог ухаж ойлгоогүй ч эргээд харахад энэ зүйл тохиолдол бүрд давтагдаж байсныг баттайяа хэлж чадна. Тэр хоёр зүйл нь юу гээч. 1) (Хэдийгээр би хүсээгүй ч) Тухайн охиныг хүндлэх хүндлэлээ алдсан. 2) (Хэдийгээр тэр хүсээгүй ч) Надад итгэхээ больж эхэлсэн.

Яагаад ийм зүйл болдгийг би мэдэхгүй ч үнэхээр бий болдог гэдгийг л мэднэ. Магадгүй тогтсон “тогтолцоог” нь бид зөрчсөнтэй холбоотой байх. Гэхдээ энэ зүйл зөвхөн надад тохиолддоггүй болохыг миний болон бусдын амьдрал хангалттай нотлон, харуулсан юм. Олон хүн гэрлэлтээс өмнө бэлгийн харьцаанд орсноос болж гэр бүлийн амьдралдаа асуудалтай болдог. Эрүүл гэрлэлтэд зайлшгүй шаардлагатай хүндэтгэл, итгэлцлийн аль аль нь тэдний гэрлэлтэд дутаж байдаг.

Би гэр бүл болоод удаагүй байгаа нэгэн хосыг мэднэ. Тэд яг энэ шалтгааны улмаас сардаа бараг ганц удаа л бэлгийн харьцаанд ордог. Учир нь нөхөр нь өөрийг нь хүндлэхгүй байгааг мэддэг эхнэр нь түүнд итгэж чаддаггүй, улмаар түүнд өөрийгөө зориулахыг хүсдэггүй. Энэ үнэхээр гунигтай боловч, бодит амьдрал дээр ийм хос таны бодож байгаагаас ч илүү элбэг байдаг. Гэхдээ хэн ч үүнийгээ бусдад дэлгэж яриад байдаггүй. Түүнчлэн гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орж буй хосыг харуулсан кино, дэлгэцийн бүтээлүүдэд ч энэ талаар огт дурддаггүй. Ийм асуудал амьдрал дээр бий болдог ч хэн ч үүнийг мэдэхийг хүсдэггүй юм шиг санагддаг.

Болзох үеийн зөвлөмж #6:
Гэрлэлтийн дараа илүү аз жаргалтай бэлгийн амьдралыг хүсэж байвал гэрлэхээсээ өмнө тэвчээртэй хүлээ

Ингэснээр би эхнэртээ илүү их хүндэтгэлтэйгээр, тэр маань ч надад илүү их итгэлтэйгээр гэрлэх болно. Хэрвээ эмэгтэй нь эрэгтэйдээ итгэхгүй байвал түүнд өөрийгөө бүхлээр нь өгч зориулах хүсэлгүй, улмаар түүнтэй хамт байхдаа ямар ч баяр баясгалангүй байдаг болохыг би мэдэрсэн юм.

“Охид хайрлуулахын тулд бэлгийн харьцааг хэрэглэдэг бол хөвгүүд бэлгийн харьцаанд орохын тулд хайрыг ашигладаг.” Эмэгтэй нь үүнийг харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд хийж байхад эрэгтэй нь харилцаанаас илүү үүнийг л хүсэж байсан болохоор тэд гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд ордог. Гэрлэснийхээ дараа эмэгтэй нь хүсэж байсан зүйл болох гэрлэлтийн амлалтыг найз залуугаасаа нэгэнт хүлээгээд авчихдаг тул сексийг цаашид хэрэглэх шаардлага түүнд байхгүй болдог. Гэрлэхээсээ өмнө өөртэй нь унтсан явдалд бүсгүй магадгүй дурамжхан, таатай бус сэтгэгдэлтэй үлдсэн байж болно. Тиймээс сексийг тэгтлээ сонирхохоо больдог. Гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орсон учраас эхнэрээ эрхэмлэн хүндлэхээ больсон залуугийн хувьд сексийг хүссээр байх боловч үүнийг эхнэрээсээ өөр хэн нэгэнтэй хийхэд бэлэн байдаг. Тиймээс тэдний гэрлэлт сексийн хувьд цэвэр, ариун байдлаа алддаг.

Би одоо ийм зүйлтэй хутгалдахгүй байгаа. Коллежид сурч байсан үе минь өнгөрөн одож эргэн тойрны минь нэлээд хүн гэрлэцгээсэн. Харин энэ зүйл болсоор байгааг харж байна. Үүнээс сэргийлэх нэг жор бий. Энэ бол гэрлэх хүртлээ бэлгийн харьцаанд орохгүй хүлээх. Ингэснээр эхнэр, нөхөр хоёр хоёулаа харилцан бие биедээ илүү хүндлэлийг өгөх ба үүний үр дүнд тэдний бэлгийн амьдрал илүү таатай, байнгын байх болно. Учир нь тэд нэг нэгнээ сэтгэлийнхээ гүнээс хайрлаж, хүндэлж буйтай холбоотой.

Болзох үеийн зөвлөмж #7:
Гэр бүлийн амьдралаа илүү аз жаргалтай байлгана гэдэг бусад эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орохгүй байна гэсэн үг

Сексийг бид “энгийн” гэж нэрлэдэг ч үнэндээ хүмүүсийн хооронд маш гүнзгий холбоосыг бий болгодог нууцлаг зүйл. Тэгэхээр, би бусад охидтой хэр олон холбогдож уягдана, тэр чинээгээр би ирээдүйн эхнэртэйгээ холбогдох боломжоо алдаж байдаг. Энэ нь наалттай тууз буюу скочтой төстэй юм. Наалттай туузыг өөр өөр гадаргуу дээр нааж хэрэглэх тусам эд зүйлтэй наалдах чанараа тэр алдаж байдаг. Улмаар тэр юун дээр ч наалдахаа болино.

Гэрлэхээсээ өмнө бусад охидтой холбогдох тусам эхнэртэйгээ бат бэх холбоотой байх боломж маань хумигдаж байдаг. Би түүнийгээ санагалзан, энхрийлэх, тэр бүү хэл хайрлах сэтгэлээр ядмаг нэгэн байх болно. Ирээдүйн эхнэртээ үнэнчээр үлдээж буй өдөр хоног бүр маань түүнтэйгээ харилцах харилцааг маань хожмын өдрүүдэд тэтгэх болно.

Манай нийгэм завхайрлыг буруушаан, зэмлэдэг хирнээ гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцаа, тэр бүү хэл олон харилцагчтай байхыг огт эсэргүүцдэггүй нь үнэхээр гайхалтай биш гэж үү. Болох ёстой цаг хугацаанаас нь түрүүлж бэлгийн харьцаанд орох нь завхайрал мөн. Завхайрлын улмаас гэр бүлд хагарсан харилцаа үүсдэг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл үүнтэй яг адилхан үр дагаврыг гэрлэлтийн өмнөх секс бий болгодог. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд буй болсон холбоосыг эвдлэн нураадаг юм.

Болзох үеийн зөвлөмж #8:
Сексийн хувьд тааламжтай эсэхээ мэдэхийн тулд хэн нэгэнтэй би унтах шаардлагагүй

Бэлгийн харилцаа бол хүний харилцааны хамгийн чухал зүйл биш харин харилцан бие биедээ тааламжтай байгаагаа илэрхийлэх хэлбэр болохыг би ухаарсан. Бэлгийн харилцаанаас авах таашаал нь хосуудын харилцааны бусад тал хэр таатай сайхан байгаатай шууд холбоотой байдаг. Тэд бусад тал дээр үнэхээр сайн харилцдаг бол сексийн хувьд санаа зовох зүйлгүй гэдгийг би ухаарсан. Тиймээс би эхнэртэйгээ бэлгийн харилцааны хувьд таатай байж чадах уу, үгүй юу гэдгээ мэдэхийн тулд хамт унтах биш харин харилцааныхаа хэсэг бүрийг сайн байлгах тал дээр анхаарах хэрэгтэй.

Үүгээр ч зогсохгүй, дараах зүйлийг нээж илрүүлснээ энд дурдах хэрэгтэй болов уу? Тэр юу гэвэл, харилцааг тодорхойлогч, шийдвэрлэх хүчин зүйлийг секс болгосноор бэлгийн харилцаа ямар ч сонирхолгүй болдог. Үүнийг эргэцүүлж нэг бодоорой. Бэлгийн харилцаагаа сайн нягталж, байнга түүнийг шүүн, харилцаагаа ч түүгээр шүүж үзэх нь харилцааг мөхөөдөг. Яг л шоронд байгаа мэт. Танд эрх чөлөөтэй, хөгжил дэвшилтэй мэт санагдаж байгаа тэр зүйл өөрийг тань нэгэнт хүлсэн гэсэн үг.

Сексийг голчлох бус, харин харилцааныхаа бусад хэсгийг илүүтэй анхаарснаар бэлгийн амьдрал тань түүнийг гоц гойд, ер бусын тааламжтай байлгах гэсэн таны хүчин чармайлтгүйгээр (ингэх ч боломжгүй) өөрөө аяндаа сэтгэлийн таашаал, баяр хөөрийг танд бэлэглэж байдаг. Коллежид сурдаг, насанд хүрсэн хүний хувьд би сексийг гол төвөө болгохгүй байх боломжтой байсан гэж боддоггүй. Тийм ч байгаагүй учраас би ямартаа ч хүлээх нь дээр гэж бодсон.

Болзох үеийн зөвлөмж #9:
Сексээс ч илүү сэтгэл ханамжийг өгч чадах зүйл байдгийг би ухаарсан

Та, дотроо үүнтэй санал нийлж байгаа байх. Гэхдээ энэ бол үнэн. Яг үнэндээ бэлгийн харилцаанаас илүү чухал зүйл байдгийг олж мэдэхэд минь секс тус болсон. Тэр зүйл нь ямар нэгэн зүйл биш харин хэн Нэгэн юм. Тэр бол Бурхан.

Энэ хуваалцсан зүйл маань амьдралаас хол сонсогдож байж болох ч та цааш нь анхаарч харвал ойлгомжтой болно. Бурханээс өөр ямар ч зүйл биднийг дүүрэн баяр баясгалантай, сэтгэл хангалуун байлгаж чадахгүй байхаар Тэр хүмүүн биднийг төлөвлөн бүтээж, үүнийгээ хүн бүрд бэлэг болгож өгчээ. Нэгэн хүн энэ талаар “Хүн бүрийн дотор зөвхөн Бурхан л дүүргэж чадах хоосон орон зай байдаг” хэмээн хэлсэн байдаг.

Тиймээс хүмүүс албан тушаал, хань ижил, хувцасны загвар, бас бусад зүйлсээ сольж өөрчилж байдаг. Өөрсдийг нь бүрэн дүүргэж чадах зүйлсийг эрж хайхдаа бид эд юм (болон хэн нэгэн), ямар нэгэн зүйлс дотор төөрөлдөж орхидог. Сэтгэл дүүрэн ханамжийг өгч чадах зүйлийг олно гэсэн итгэл найдвартайгаар бид нэгнийг (эсвэл хэн нэгэн хүнийг) орхиж, нөгөө уруу нисдэг. Гэвч үүнийг зөвхөн Бурхан өгч чадах учраас бид Түүний өмнө ирэхгүйгээр хэзээ ч сэтгэл хангалуун байдлыг олж авч чаддаггүй.

Бурхан бидэнд дэндүү их хайртай учраас Түүнээс өөр ямар ч зүйлээс бид бодит сэтгэл хангалуун байдлыг авахгүй байхаар бүтээсэн. Учир нь Тэр бидэнд хамгийн сайныг хүсдэг. Үнэндээ хамгийн сайн нь Бурхан Өөрөө билээ. Түүнээс өөр хэн ч, ямар ч зүйл илүү чухал байж чадахгүй болохыг би өөрийн амьдралаасаа амсаж мэдсэн. Нэг зүйл, дараагийн эд зүйлийг худалдаж аваад ч галзуу солиотой мэт бэлгийн амьдрал маань ч, амьдралаа бүрэн дүүрэн болгох гэсэн оролдлогын маань аль нь ч миний хоосон байдлыг дүүргэж чадаагүй. Харин би Есүс Христийг амьдралдаа урин оруулах үед хоосон байдал маань төгсгөл болсон. Есүс Христ хэлэхдээ “Над уруу ирсэн хэн ч өлсөхгүй, Надад итгэсэн хэн ч цангахгүй” (Иох 6:35) хэмээсэн. Эдгээр үг миний амьдралд биеллээ олсон юм. Би Бурхантай харилцаа тогтоох үед дотор маань байсан хоосон орон зай дүүргэгдсэн. Би дахин хоосон байдлыг мэдрэхээ больсон. Эцэст нь хэлэхэд, сексийн өгдөгтэй зүйрлэхийн аргагүй сэтгэл хангалуун, дүүрэн байдал Бурханыг танин мэдсэнээр надад ирсэн юм даа.

Болзох үеийн зөвлөмж #10:
Бурхан надад хүлээх хүч чадлыг өгсөн

Энэ бүхэн намайг бэлгийн амьдралд орсноос хойш олон жилийн дараа болсон. Гэрлэх хүртлээ хүлээнэ гэж би хэлж чадахыг хүсэж байсан ч чадаагүй. Охидтой харилцаж байсан хандлага бүрийнхээ төлөө үнэхээр их харамссан (Өмнө дурдаж байсанчлан тэдгээр харамсал агшин зуурын тааламжаас минь илүү удаан хугацаанд намайг зовоосон юм). (Хэрвээ би гэрлэвэл) Ирээдүйн гэр бүл маань тогтвортой байх эсэх дээр ч санаа зовох болсон. Өмнө хийсэн бүх үйлдлийг маань ирээдүйн төлөөх санаа зовнилынхоо хамт шийдвэрлэхэд минь Бурхан надад тусалсан. Тэр намайг маш их өөрчилсөн, өөрчилсөөр ч байгаа.

Түүгээр ч үл барам, гэр бүл болтлоо дахин бэлгийн харьцаанд орохгүй байх чадварыг Бурхан надад өгсөн. Энэ нь үнэхээр их сорилт, тэмцэл дунд байсан ч тэр бүхнийг даван гарахад надад үзүүлсэн Бурханы хүч, туслалцаа хангалттай их байсан билээ. Түүний дотор байхад бүхий л зүйлс боломжтой. Өдөр хоног, долоо хоног, жил өнгөрөх тусам би хүлээсэн учраас гэрлэлт маань илүү хүчирхэг, гайхалтай сайн байх болно гэдгийг би ухаарсан юм. Эр хүнийхээ хувьд, амьдралынхаа энэхүү чухал хэсэгт Бурханд найдаж байсныхаа улмаас миний Түүнтэй харилцах харилцаа өнөөдөр маш хүчирхэг байна.

Эхлэх цэг

Хэрэв, та эр нөхөр, эцэг хүнийхээ хувьд харилцаагаа амжилттай байлгахыг хүсдэг бол өөрөөсөө эхлэх нь хамгийн зөв сонголт. Таныг сайн байхад тохирох эхнэр, зөв хүүхдүүдийг хайх нь утгагүй. Хамгийн чухал нь та үүнийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Илүү сайн нөхөр, эцэг хүн байхад чинь тус болж чадах чухал зүйл бол Бурхантай тогтоох харилцаа юм.

Бурхан бол бэлгийн харилцаа, хайр сэтгэл, бүхий л харилцааны Зохиогч нь билээ. Энэ бүхнээс бид таашаалыг авдаг байхаар Тэр бүтээсэн. Түүний төлөвлөсний дагуу энэ бүхэнд хандахад жинхэнэ баяр хөөрийг амсах болно. Бурхан бол “Үүнийг хий”, ”Түүнийг бүү хий” гэж ямар ч учир шалтгаангүй хэлдэг ёс суртахууны номлогч биш болохыг би олж мэдсэн. “Үүнийг бүү хий” (жишээ нь, гэрлэх хүртлээ бэлгийн харьцаанд бүү ор) гэж Тэр хэлэхдээ Тэрээр хэн удирдагч болохыг харуулах гэсэндээ бус харин бидний сайн сайхны төлөө айлддаг. Тэрээр намайг эр хүн болгож бүтээхдээ надад юу хамгийн сайн болохыг, надад ямар зүйл хамгийн их сэтгэл ханамж өгөхийг мэддэг учраас энэ бүхнийг айлддаг.

Бурханыг хувьчлан танин мэдэх нь

Есүс Христ бол энэ дэлхий дээр хүн болж ирсэн Бурхан юм гэдгийг Библид өгүүлдэг. “Үг нь махан бие болж бидний дунд оршин байсан”. Тэрээр “Бурханы бодит илэрхийлэл” байлаа. Товчоор дүгнэн хэлбэл, Бурхан гэж хэн болохыг Есүс Христ илчлэн харуулсан юм. Бид Түүнтэй хэрхэн харилцаж эхлэх вэ?

Бурханы бидэнд зориулсан хайр үнэхээр агуу болохыг мэдээсэй гэж Тэр хүсдэг ч Түүнээс биднийг гэм нүгэл (Бурханыг болон бусдыг төгс хайрлаж чаддаггүй байдал) маань тусгаарлаж байдаг.

Тиймээс Есүс Христ ("махан биеэр ирсэн Бурхан") загалмай дээр бидний бүх гэм нүглийг үүрэн үхэлтэй учирсан юм. Түүний хийсэн үйлсийн улмаас бид бүрэн уучлагдаж, Түүгээр хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Тэрээр зодуур, доромжлол, ташуур, загалмайн үхлийг бидний төлөө амсаж, өргөл болсон. Гурван өдрийн дараа Тэр үхлээс амилсан. Өөрийгөө өргөл болгосных нь хариуд Түүнийг амьдралдаа урьж оруулахыг Тэр биднээс хүсэж байна.

Есүс Христ энэ дэлхий дээр амьдарч байсан эрчүүдээс хамгийн агуу, мөс чанараараа жинхэнэ эр хүн байсан. Хэдийгээр хүмүүс үүнд ач холбогдол өгдөггүй ч Тэр жинхэнэ эр хүн байсан. Тэгэхлээр та эр хүн байх талаар маш сайн мэдэх Нэгэнийг амьдралдаа урьж байна гэсэн үг. Тэрээр танд Холливуудынх шиг биш харин сэтгэл хангалуун амьдралтай, бусдын амьдралд үнэхээр их үнэ цэнийг өгч чадах жинхэнэ эр хүн болоход чинь туслах болно.

Тэр жинхэнэ эр хүн хэнтэй адил харагдах бол? Тэрээр (зөвхөн өөрийнхийг эрдэг) чонотой адилхан бус харин бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулж чадах хоньчинтой адил харагддаг. Христтэй харилцах харилцаа чинь өсөж хөгжих тусам та жинхэнэ эр хүн байхын утга учрыг олж мэдсээр байх болно. Түүнчлэн Христ таны эмэгтэйчүүдийн талаарх бодол, тэдэнтэй харилцах арга замыг тань өөрчлөх болно.

Та, Христтэй мөнхөд үргэлжлэх харилцааг эхлүүлж чадна. "Бурхан ертөнцийг үнэхээр их хайрлан, цорын ганц Хүүгээ өгсөн. Түүнд итгэсэн хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болно" (Иох 3:16). Итгэл бишрэл бол жинхэнэ итгэл билээ. Таны төлөө Христ Өөрийгөө өргөл болгосон гэдэгт итгэж найдах үед танд мөнх амь өгөгддөг, өөрөөр хэлбэл амьдралын чинь туршид оршин байсаар байх харилцаа Бурхан та хоёрын дунд тогтдог. Хэрвээ та үүнийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол Түүн уруу хандан залбирах тань тус болох загварыг та дагаарай.

Агуу Бурхан минь ээ, Таны эсрэг гэм нүгэл хийсэндээ би үнэхээр гэмшиж байна. Гэм нүглийг минь загалмай дээр үүрсэн Танд баярлалаа. Таны уучлалыг хүлээн авч, Тантай харилцаатай болохыг хүсэж байна. Амьдралд маань Аврагч, Эзэн болж ирээч. Өөрийн хүсэж байгаачлан намайг өөрчлөөч.

Бурханыг улам илүү таньж мэдэхийг хүсэж байгаа бол, үерхэл, болзох талаар тустай зөвлөмж авахыг хүсвэл та Библийн Матай, Марк, Лук, Иохан номыг уншаарай.

 Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…
 Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP