Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Насан туршийн найдвартай гэрлэлт гэж байна уу?

Дараах харилцааны зөвлөгөө нь гэрлэлттэй холбоотой асуудлыг бууруулахад болон гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэхэд тустай

Деннис Рейни

Нэгэн эмэгтэй гэрлэлтийн талаарх үзэл бодлоо надтай ийнхүү хуваалцсан юм:

“Яг л хоёр нүдний дурангаар элсэн цөлийг ширтэн харж байгаа юм шиг гэрлэлт гэдэг бол миний хувьд салалт, хүйтэн хөндий байдал, хүчирхийлэл, эвдэрсэн харилцаанууд гээд бүх л төрлийн хагарал, сүйрлийн талаарх мөхлийн өөр өөр үе шат шиг санагддаг. Ингэж амьдрахыг би хүсэн тэмүүлэх гэж үү? гэсэн бодол надад төрдөг” гэсэн.

Яг энэ асуултыг өнөө үед маш олон хүн асууж байна. Хэдийгээр тэд сэтгэлийнхээ гүнд насан туршийн баяр хөөртэй, амар тайван аюулгүй харилцааг хүсдэг ч гэлээ, тэд гэрлэлтээс айж явдаг байна. Гэрлээд удаагүй шинэхэн эхнэр “Долоо хоногийн мэдээ” сэтгүүлийн нийтлэлд: “Эцэг, эх хоёрын маань гэрлэлт салалтаар төгссөнийг би харж байсан, ирээдүйд би өөрийнхөө гэрлэлтийг хамгаалж үлдэж чадах эсэхээ мэдэхгүй байна”1 гэжээ.

Гэр бүл салалтын хор уршиг

Гэр бүл салалтаас ямар нэг байдлаар гомдол, зүрх сэтгэлийн шарх аваагүй хүүхдүүд гэж бараг байхгүй. Америкийн Нэгдсэн Улсад жил бүр нэг сая гаруй хүүхэд гэр бүлийн салалтад өртөж, эцэг эхээсээ хагацаж байна.2

Маш олон хүүхдүүд дараах зүйлсийг туулсан байдаг байна. Тухайлбал:

Мэри: Нэг өдөр түүнийг хичээлээсээ тараад ирэхэд аав нь чемоданаа бариад гарч явахтай нь таарчээ. Аав нь гэр бүлээ орхиод явж байсан нь тэр байж. ”Охин минь, чамайг эргэхээр аав нь ирнээ” гээд Мэригийн духан дээр үнсээд явжээ. Түүнээс хойш Мэри аавыгаа дахин хараагүй гэнэ.

Роберт: Түүнийг таван настай байхад нь ээж, аав нь салжээ. Түүнээс хойш ээж нь гурван ч удаа гэрлэсэн ба архи их уух болжээ. Машин дотор ундаа асгалаа гэж нэг удаа анхны хойд эцэг нь Робертыг зодож байжээ.

Керри: Түүний эцэг, эх салаагүй боловч, өөрсдийн ашиг орлого ажил мэргэжилдээ хэтэрхий их анхаарлаа хандуулдаг. Дунд сургуульд байх үед найрал хөгжмийн тоглолтуудад оролцоход нь түүний эцэг эх маш ховор очдог байж. Одоо тэр тэднээсээ хол коллежид сурч байгаа болохоор ээж, аавынхаа аль нэгэнтэй нь хааяа л нэг утсаар ярьдаг. Гэр бүлтэйгээ ихэвчлэн цахилгаан шуудан юмуу өөрөө хариулагчид үлдээсэн дуут шуудангаар л харилцдаг гэжээ.

Филип: Филипийг дунд сургуульд байхад, нэгэн шөнө ээж, аав нь хоорондоо хэрэлдэж, шуугилдах чимээнээр тэр сэржээ. Пижигнээн болж, орилж хашхирах чимээ сонсогджээ. Филип ээжийгээ хутганы шархнаас болж цус алдаж байхыг хараад, тэр даруй цагдаа дуудсан байна. Аавыг нь цагдаа нар баривчилж, харин Филипийг ээж, хоёр эмэгтэй дүүтэй нь хоргодох байранд амьдруулахаар болжээ. Филип одоо аавыгаа хаана байгааг ч мэдэхгүй.

Мэри, Роберт, Керри эсвэл Филиптэй адил нөхцөл байдалд амьдарч байгаа хэн нэгнийг магадгүй та мэдэх байх. Аль эсвэл таны амьдрал тэднийхтэй ижилхэн юмуу, эсвэл бүр үүнээс ч хүнд байж болох юм. Танай гэр бүл дотор зөрчил, хагарал, амгалан тайван биш байдал ноёлж байдаг байж ч болох юм. Үүний нөлөөгөөр, та гэрлэх шаардлага байна уу? гэж олон удаа бодож үзсэн байхаа. Гэр бүлтэй болсноор зовлон, шаналал, сэтгэл дундуур харилцаа, хүүхдүүдийнхээ сэтгэлийг шархлуулахыг та хүсэхгүй нь ойлгомжтой. Хайртай хүнтэйгээ амьдралаа туулан, зовлон жаргалаа хуваалцан амьдрахыг та хүсэх боловч үнэн хэрэгтээ гэрлэлт танд айдас хүргэмээр зүйл болсон байх аж. “Намайг гомдоож, шархлуулсан тэр амьдралаас арай дээр өөр амьдралаар би амьдарч чадах болов уу? Үнэхээр гэр бүлд аз жаргалтай, эрүүл харилцаа гэж байх болов уу?” гэж та өөрөөсөө асуудаг байж болох юм.

Гарцаагүй ТИЙМ гэж хариулна

Би 1976 оноос хойш гэр бүлүүдэд тусалдаг нэгэн байгууллагад ажиллахдаа гэрлэлт нь цаашид найдваргүй мэт харагдаж байсан, салах дөхсөн мянга мянган гэр бүлүүд эвлэрч, тэдний харилцаа амжилттай үргэлжилснийг би харж байсан. Урам нь хугарсан хүмүүст эрүүл бөгөөд бүрэн дүүрэн харилцааг мэдрүүлэх арга зам Бурханд бий. Энэ талаар дараа нь тодорхой өгүүлье.

Гэр бүл болгонд асуудал байдаг

Энэ их асуудлууд, шаналал зовлон гэр бүлд байсаар атал яагаад хүмүүс гэрлэхийг хүсдэг вэ? Хэдийгээр одоо үед хэвлэл, мэдээллээр гэрлэлтийн талаар маш муу зүйлс их цацагдаж байгаа ч хуримаа хийн гэрлэх ёслолын гоёмсог замаар алхах хосууд байсаар л. Саяхан хийгдсэн Луйс Харрисийн судалгаагаар коллежийн оюутнуудын 96% нь гэрлэхийг хүсдэг буюу аль хэдийн гэрлэсэн гэсэн дүн гарчээ. Мөн “Аз жаргалын түлхүүр бол гэр бүлийн дотно харилцаа холбоо” гэсэн санааг 97% нь санал нэгдэн хүлээн зөвшөөрсөн байна.3

Тэгэхээр Америкт насанд хүрэгчдийн дөрвөн хүний нэг нь гэр бүлээсээ салдаг4 гэсэн тооцоо гарсан хэдий ч насан туршийн аз жаргалтай гэрлэлтээр би амьдарч чадна гэсэн найдвар бараг хүн бүрийг гэрлээд үзэхэд хүргэдэг ажээ. Ер нь яагаад гэрлэлт нь тийм их сонирхол татсан зүйл юм бол оо?

Үнэндээ бол хэн ч ганцаараа амьдрахыг хүсдэггүй. Хэдийгээр бид өөрийнхөө эрх ашгийн төлөө зүтгэн, амьдарч ашиг, ололт амжилттай байж болох ч бүгд л өөрсдийг маань амь шигээ хайрлах хэн нэгэнтэй дотно харьцаатай байж, үүнээс бий болох дотно, аюулгүй тайван байдлыг мэдрэхийг хүсэж үгүйлдэг. Бид “ганцаараа байхыг хүсэж байна”, эсвэл “ганцаараа чөлөөтэй байх”-ыг хүсдэг гэх боловч үнэндээ биднийг хайрладаг хэн нэгэнтэй зүрх сэтгэлээ хуваалцах гэсэн хүсэл нь илүү хүчтэй байсаар байдаг.

Мөн дотно байдлын чухал хэсэг нь бэлгийн дур сонирхол байдаг хэдий ч зөвхөн сексээр дамжуулан, тухайн хүнтэй гүнзгий харилцаа тогтоож, дотно болно гэсэн үг биш юм. Хэн нэгэнд таалагдаж, үнэлэгдэх гэсэн хүсэл нь бидэнд анхнаасаа л байсан бөгөөд ингэж байхаар ч бид бүтээгдсэн.

Гэр бүл салалтын шалтгаанууд

Өөр нэгэнтэй дотно байхыг хүсэж надад хэрэгтэй байна гэж гэрлэчхээд яагаад энэ бүгд нь уур бухимдал, сэтгэл гонсгор байдлаар салж дуусдаг вэ? Насан туршид үргэлжлэх бат бөх харилцаанд хүрэхийг хичээж, гэрлэсэн олонх хүмүүс гол төлөв сэтгэл хөдлөл дээр тулгуурлан шийдвэр гаргадаг байна. Ихэнх харилцаануудад аль нэг нь нөгөөхөө хайрлах хайр, хүлээн зөвшөөрөлөөр тэр хүний хүлээсэн сэтгэлийг хангаж байдаг. Хэрэв халуун дулаан уур амьсгал тэдний дунд байвал эхнэр, нөхөр хоёр бие биетэйгээ хамт байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Энэ үедээ бие биенийгээ уурлуулж уцаарлуулах ялгаатай зан чанар, онцлог шинжүүдээ тэр бүр ажиглахгүй өнгөрөөдөг. Мөн сэтгэл ханамжтай харилцаж, хайр сэтгэлээ бие биедээ илүү ихээр илэрхийлсээр байдаг байна.

Гэвч харилцаанд хүйтэн, хөндий мэдрэмж бий болж эхлэх үед хосууд хоёул бие биенийхээ аль эсвэл нэг нь нөгөө хүнийхээ сул талыг олж харахдаа, түүнийг хайрлах чадвар нь хүрэхгүй болохыг олж мэддэг. Энэ үед бие биенийхээ хэрэгцээг олж хардаггүй ба улмаар тэр нь бие биенээ шархлуулан, гомдоох шалтаг болж, өөрөө өөрийгөө өмгөөлөх байдлыг ихэсгэн, эерэг уур амьсгалыг бууруулж, буруу ойлголцлыг ихэсгэж, зөрчлийг улам дэвэргэн, улмаар уур бухимдал, муу муухайг хөөрөгдөх байдалд оруулдаг. Энэхүү буруу тийш эргэсэн эргүүлгийг уучлал болон эвлэрэлээр зогсоохгүй л бол бие биенээ хайрлах хайр зогсдог.

Асуудал хурцдах үед өмнө нь мэдэгддэггүй байсан хувиа бодсон чанарууд илэрдэг байна. Харин амиа бодсон зан гарч ирэхгүй байх үед дээр дурдсан хүнд байдал тэр бүр бий болоод байдаггүй. Гэвч удалгүй энэ зан илэрч эхэлдэг. Хосууд ийм байдалтай тулгармагцаа шийдвэрлэх сайн арга замыг эрж хайхаасаа илүү цаашид бид бие биетэйгээ санаа бодол таарч, тохирохгүй юм байна хэмээн бууж өгдөг.

Харилцааны зөвлөмж — Гэрлэлтийн асуудлуудаас хэрхэн сэргийлэх тухай

Харилцааг амжилттай байлгахад хамтын ажиллагаа шаардагддаг. Тэгэхлээр тухайн хоёр хүн хоёулаа асуудлыг шийдвэрлэхийн тулд өөр өөрсдийн гэсэн хувийн хүслүүдээсээ татгалзах шаардлагатай болдог. Амин хувиа бодох үзэл өөрийгөө зориулах үзлээр солигдох хэрэгтэй. Заримдаа гэрлэлтийн амьдралд нэг хүн нь үүнийг нэлээд сайн биелүүлдэг байж болох ч эцэстээ түүний тэвчээр алдагддаг. Өөрийгөө өөр нэгэнд зориулах гэдэг хүний төрөлхийн чанар биш. Харин амиа бодох нь хүний төрөлхийн чанар юм. Яагаад ийм байдаг юм бол?

Хэрвээ төгс төгөлдөр хүмүүс энэ дэлхийд амьдардаг байсан бол гэрлэлт нь жинхэнэ эв нэгдэл дотор жаргалтай сайхан байхсан. Яг л Бурхан анх гэрлэлтийг ямар байлгахыг хүссэн шиг. Гэвч бид төгс дэлхийд амьдардаггүй. Шударгаар хэлбэл бүх хүн амиа бодох хандлага ба “гэм”-ийн нөлөөнд автсан байдаг. Гэм гэж юу вэ? Бид гол төлөв зөв зүйлсийг биш буруу зүйлсийг сонгон хийдэг. Бид амиа бодсон харамч, хорон санаатай, их зантай, уучлахыг хүсдэггүй гэх мэт олон муу төрөлх чанаруудтай. Тийм болохоор эхнэр, нөхрүүд эвлэрэн нийлэхэд асуудал байгаа нь ойлгомжтой.

Аливаа харилцаанд “Би ингэж хүсэж байна, би би” гэх нь эвлэрч нэгдэх гэсэн уур амьсгалыг нурааж байдаг хүний хандлага. Ингээд сөрөг давтамжууд ихсэж, улмаар ойр дотно байдал алга болтол үргэлжилж, улмаар гэрлэлт сүйрч эхэлдэг.

Бидэнд бүгдэд нь нөгөө хүнээ байгаа чигээр нь хайрлах дотоод хүч хэрэгтэй. Энэ талаар хамтдаа ярилцъя.

Бидний амиа бодсон муу зан зөвхөн нөхөр, эхнэрийг салгаад зогсохгүй бас бидний агуу тусламжийн эх сурвалж болох Бурханаас хүртэл салгадаг. Гэрлэлтийг санаачлагч, Зохион Бүтээгч болох Бурхан Өөрөө харилцаа хэрхэн явагддаг болохыг мэддэг. Бурхан биднийг эхлээд Өөртэй нь харилцаа тогтоож, дараа нь Түүгээр удирдуулахыг хүсдэг.

Тэр, зөвхөн бидний өдөр бүр тулгардаг асуудлууд болон сорилтуудад тусалж чадахаас гадна, өнгөрсөн цаг хугацааны турш олж авсан шарх сорвийг эдгээж өгөхийг хүсдэг. Тухайлбал, Тэр бидний өсвөр насандаа эсрэг хүйстэнтэй харилцах харилцаандаа хийсэн буруу сонголтуудаас биднийг бүрэн ариусгаж уучилж чадна. Бурхан бидэнд хайртай. Өөрийнх нь хүүхэд байхын ач тусыг мэдэрч, баяр хөөртэй байгаасай гэж Тэр хүсдэг. Энэ нь бидний гэрлэлтэд Бурхан ч бас тусална аа гэсэн үг.

Би үүнийг жирийн нэг эхнэр, нөхөр хоёрыг оролцуулсан хоёр зохиомжоор илэрхийлмээр байна. Эхний жишээ: Манай хосууд (би тэднийг Жон ба Лиза гэж нэрлэе) өөрсдийн амьдралдаа Бурханы оролцоог хүлээн зөвшөөрдөггүй гэр бүлээр гарна. Харин Б зохиомжид Жон болон Лиза бие биетэйгээ харилцахаас гадна (Бурханы Хүү) Есүс Христтэй харилцаатайгаар гарна.

Гарч болзошгүй гэр бүлийн асуудлууд — Зохиомж А

Бямба гаригийн өглөө Жон найзуудтайгаа гольф тоглохыг хүсч байлаа. Тэр орноосоо сугаран босоод, Лизад би явлаа 4 цаг хүртэл ирэхгүй гэж хэлжээ. Лиза гомдоллон: “Чи надад өнөөдөр зугаалгаар хамт явна гэж амласан шүү дээ” гэхэд

Жон: Би ерөөсөө тэгж хэлээгүй ш дээ гээд дуугаа өндөрсгөн “Би хоёр долоо хоног гольф тоглосонгүй. Өнөөдөр сайхан өдөр байна. Би явлаа” гээд хаалгаа саван, гарч одов.

Лизад үл тоомсорлогдсон мэдрэмж төрж, хэсэг уйлсны дараа өрөөндөө ууртайгаар алхаж ороод, буйдан дээрээс дэрээ авч шидэв.

“Жон тэнэгээ би чамд үзүүлээд өгнө дөө” хэмээн хашхирлаа. Лиза найз охин уруугаа утасдаж, өдрийн хоол хамт идэж, дэлгүүр хэсэхээр боллоо. Лиза дэлгүүрээс 300 долларын шинэ хувцас худалдаж авчээ. Уг нь түүнд зөвхөн шинэ гоёл л хэрэгтэй байсан ч Жоныг шатаахын тулд хэд хэдэн “илүү” зүйлс бас авсан байжээ. Одоо тэдний картын дансан дахь мөнгө нь нэлээд багассан нь лавтай.

Энэ хооронд Жон гольф тоглож дуусаад, найзуудтайгаа гольфийн клуб дэх цэнгээний газар юм уухаар саатацгаалаа. Нэгийг уугаад, дараагийнх уруу орлоо. Зөөгч эмэгтэй маш дур булаам болохыг Жон ажиглалаа. Зөөгчийг Жонд гурав дахь шилийг өгөх зуур Жон түүний чихэнд сээтэн хаясан шинжтэй зүйл шивнэжээ. Эмэгтэй гомдсон дүр эсгэсэн хэдий ч түүний инээмсэглэл нь Жон овоо хэдэн оноо авсныг илтгэж байлаа. Дараагийн удаа зөөгч эмэгтэй ирэхдээ уух юмны доорх амны алчууран дээр утасны дугаараа бичсэн байхыг Жон анзаарчээ. Жон амны алчуурыг хумин авч, халаасандаа хийв.

Жон гэртээ 5 цагт бага зэрэг гуйвж дайвсаар ирлээ. Лиза зурагтынхаа дууг чангаар тавин, үзэж байлаа. Жон буйдангийн ойролцоо тор дүүрэн зүйлс байхыг харав. Тэр уурандаа зурагтаа унтраан, тортой зүйлсийг заан, Лиза уруу зандарч эхлэв. Лиза түүнийг хараан зүхэж, хаалгаа савчин, унтлагын өрөө уруу яваад өгөв. Тэд шөнө болтол хэрэлдэн маргалджээ. Жон зочдын өрөөнд унтахаар явснаар хэрүүл намжив.

Гарч болзошгүй гэр бүлийн асуудлууд — Зохиомж Б

Бямба гаригийн өглөө Жон найзуудтайгаа гольф тоглохыг хүсэж байлаа. Тэр орноосоо сугаран босоод, Лизад 4 цаг хүртэл ирэхгүй гэж хэлжээ. Лиза гайхан, “Бид өнөөдөр зугаалгаар хамт явна гэж бодсон шүү дээ” гэхэд

Жон: “Маргааш явж болно шүү дээ, би хоёр долоо хоног гольф тоглосонгүй. Өнөөдөр гадаа сайхан байна. Би явлаа” гээд хаалгаа чанга хаан, гараад явчхав.

Лизад үл тоомсорлогдсон мэдрэмж төрж, хэсэг уйлсны дараа өрөөндөө ууртайгаар алхаж ороод, буйдан дээрээс дэрээ авч шидэв.

Ямар их уурлаж байгаагаа Жон уруу харж байгаад хэлэхийг хүсэн Лиза, “Жон тэнэг минь” хэмээн хашхирлаа.

Лиза гарч алхахаар шийджээ. Цэцэрлэгт хүрээлэн өнгөрөх зуур түүний уур, шаналал арай гайгүй болжээ. Лиза гэртээ харих замдаа “Есүс ээ, Би Жонд маш их уур хүрч байна. Түүнийг амиа бодсон зан гаргасан гэж бодож байна. Би бас амиа бодохгүй байхад туслаач, уураа захирч чадахад туслаач” гэж залбирлаа.

Лиза найз бүсгүй уруугаа утасдаж хамт үдийн хоол идэж, дэлгүүр хэсэхээр болзлоо. Лиза дэлгүүрээс шинэ гоёлын хувцас худалдаж авчээ.

Энэ хооронд Жон гольф тоглож дуусаад найзуудтайгаа гольфийн клуб дэх зуушны кафед хачиртай талх идэж, юм уухаар саатацгаалаа. Жон лангууны ард зогсож байсан охины ямар хөөрхөн болохыг ажиглаад, түүн уруу нөхөрсөг инээмсэглэн, найзуудтайгаа нийлэхээр цааш алхав. Өглөөхөн Жон Лизаг найзуудтайгаа өнгөрөөх сайхан цагаас нь холдуулах гэж хүсэн, түүнээс зууран, нэлээд их гоншигносон гэж бодож байв. Харин одоо Жон түүнд буруу хандсан мэт санагдав. Түүнийг энэ бодол тавгүйтүүлж байлаа.

Жон “Найзуудаа, би өнөөдөр ингээд харилаа. Би Лизатай хамт байх хэрэгтэй” гэж хэллээ. Хоёр найз нь түүнийг шоолсон боловч Жон шийдвэртээ бат зогслоо.

Лизаг гэртээ өдрийн 1 цагт ирэхэд Жон гал тогоондоо сууж байхыг хараад гайхав. Тэдний зугаалгадаа авч явахаар бэлтгэсэн хүнснээсээ идээд сууж байв.

“Чи гэртээ яагаад ийм эрт ирээв?” хэмээн Лиза асуухдаа түүний хоолойд гомдсон өнгө аяс илт байв.

Өнөө өглөө тэгж аашилсанд намайг уучлаарай гэж хэлээд Жон “Би гольф тоглохыг хүсэхдээ чиний хүслийг тоосонгүй. Би амиа бодсон зан гаргасан гэж бодож байна. Чи намайг уучлах уу? гэв.

Лиза уруулаа хазан, гомдсон хэвээр байсан ч Жон үнэхээр харамссан байдалтай харагдлаа. Тэгээд ч Жон гольфийн тоглоомоо маш эрт дуусгаад ирсэн нь үнэмшимгүй байлаа. “Тиймээ би чамайг уучиллаа” гэж Лиза хэлжээ.

Тэд бие биенийгээ тэврэнгээ Жон Лизад “Бид ингээд энэ өдрийг дуусгах гэж үү? Зугаалганд явж амжина гэж бодоод, би эрт ирсэн шүү дээ. Чи явмаар байна уу? гэлээ.

Лиза Жоныг “хариугаа авна даа” гэсэн бодлоосоо татгалзан байж харин ямар нэгэн юм хэлсэнгүй толгойгоо дохин инээмсэглэв.

Тэр өдөр Жон болон Лизагийн хүслээр өнгөрлөө. Тэдэнд байсан уур бухимдал алга болж, тэдний харилцаа хаврын борооны дараах шинэхэн өглөө мэт болжээ. Тэдний аль алиных нь амьдралд Есүс ажлаа хийсээр байлаа. Эхлээд тэдэнд яаж амьдрахыг үзүүлэн, дараа нь өөр өөрсдийн хувиа бодсон хүслээсээ буун өгөх сэтгэлийг хоёуланд нь өгчээ. Хэн нэгнийг хайрлахад эдгээр хоёр үйлдэл чухал боловч, жинхэнэ бодит тусламжгүйгээр үргэлж энэ бүгдийг байнга хэрэгжүүлдэг байхад маш хэцүү.

Мэдээж дээрх хоёр зохиомж нь төвөгтэй дотоод сэтгэлийн нөхцөл байдлын зөвхөн гадна талыг харуулж байгаа ч Бурхан юуны учир эхнэр, нөхрийн амьдрал дотор хувьчлан оролцож, тэдний гэрлэлтийн амьдралд ийм өөрчлөлтийг гаргаж ирж байгааг дүрслэн үзүүлсэн гэж бодож байна.

Христчин итгэл бол зүгээр нэг дүрэм, журмын цуглуулга биш харин энэ нь амьдрал ямар байхаар анх бүтээгдсэн тэр байдлаар амьдрах хүч болон удирдамжийг Бурхантай харилцах харилцаагаар дамжуулан, хүлээн авдаг хором тутмын амьд харилцааг хэлдэг.

Гэр бүл салалтын статистик тоонд багтахаас сэргийлэх—Бурханий үгийг сонс

Бурхан Библи дээр салалтын хор уршгийн тухай, нэгнийхээ хэрэгцээг даруугаар ойлгон, бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүр тавих, бие биендээ үнэнч байх, бэлгийн харилцааны ёс суртахуунгүй байдлаас зайлсхийх гээд маш олон зүйлсийн талаар тодорхой үгсийг хэлсэн байдаг. Хэдийгээр бид юу хийхээ заалгасан ч гэсэн үүнийг хийхийг хүсдэггүй шүү дээ.

Түүний удирдамж бидний хиймээр байгаа зүйлсээс гол төлөв ондоо зүйлсийг үйлдүүлэхийг зорьдог. Тухайлбал: Худлаа хэлээд л өнгөрч болох байсан зүйлд ч гэсэн хайртай хүндээ үнэнээ хэлэх хэрэгтэй болдог. Гэхдээ харилцааг байгуулахын тулд Бурхан ямар мэргэн ухаантай болохыг, Түүнийг дагах нь хэчнээн ухаалаг шийдвэр болохыг хосууд олонтаа олж харж байгааг байнга мэдэрдэг.

Тухайлбал, Бурхан одоо ч бэлгийн дотно харилцаанд орохоос өмнө гэрлэх хэрэгтэй гэж хэлсэн хэвээр. Гэсэн хэдий ч “Гэрлэхээсээ өмнө хос болон амьдрах нь зөв” гэсэн санааг5 санал асуулгад оролцсон коллежийн оюутнуудын 64% нь дэмжсэн санал өгсөн байна. Эдгээр олон оюутнуудын эцэг, эх салж байгааг тэд харж байсан ба “оролдоод үзэх” нь зөв гэж үздэг байх юм.

Тэгвэл Бурхан яагаад бэлгийн харилцааны өмнө гэрлэлтийг тавьдаг вэ? Яагаад гэвэл Тэр биднийг насан туршийн, сэтгэл хангалуун байх ойр дотно байдлыг амсаж, мэдрээсэй хэмээн хүсдэг. Хоёр хос хэзээ ч барьц алдаж болох орчин нөхцөлд хэрхэн бэлгийн харьцаанд орохгүй байж ирээдүйн эрүүл гэрлэлтээ хамгаалж үлдэх вэ? Гэрлэхээсээ өмнө хамт амьдарч байсан хүмүүсийн дунд салалтын тоо илүү өндөр байдгийг судалгаа баталжээ.6 Бурхан мэргэн ухаан алдаагүй, үргэлж зөв байдаг ба Бурхан заавар, зөвлөмжөө өгөхдөө үргэлж биднийг хамгаалан халамжлах хайрынхаа үүднээс өгдөг.

“Бурхан зөвхөн гэрлэлтийн зөвлөгч байхыг хүсдэг биш бидний насан туршийн амьдралд зөвлөж туслахыг хүсдэг.”

Гэвч Бурхан зөвхөн гэрлэлтийн зөвлөгч байхыг хүсдэг биш бидний насан туршийн амьдралд зөвлөж туслахыг хүсдэг. Тэр, биднийг Өөрийг нь мэдээсэй, Өөртэй нь харилцаа тогтоож, Өөрт нь итгээсэй гэж хүсдэг. Хэн нэгнийг үнэнчээр хайрлахын тулд эхлээд, Түүний бидэнд хандсан хувиршгүй үнэнч хайрыг амсаж, мэдрэх хэрэгтэй гэж Бурхан хэлдэг.

Биднийг хайрласан хайр нь Бурханыг бидний төлөө нэгэн гайхмаар зүйлийг хийхэд хүргэсэн юм. Биднийг бие биенээсээ салахад хүргэдэг, ялангуяа ариун бөгөөд төгс Бурханаас тусгаарладаг зүйл нь бидний амиа бодсон үзэл болохыг бид урьд нь ярьсан. Библи дээр ингэж өгүүлдэг. “Чиний гэм нүгэл Бурхан та хоёрыг тусгаарлажээ.”7 Бидний зүгээс хичнээн хичээж зүтгээд, хязгааргүй олон сайн үйлс хийгээд ч Бурханы мэлмийн өмнөх гэм нүглээ арилгаж чадахгүй. Тэрнээс ч дор зүйл бол бидний гэм нүглийн шийтгэл бол үхэл. Дэлхий дээр амьдраад, үхсэний дараа ч гэсэн Бурханаас мөнхөд тусгаарлагдан, сална гэсэн үг. Үүнийг засаж, залруулахын тулд хийж чадах юм бидэнд байхгүй.

Түүний тогтоосон хэм хэмжээ бол төгс төгөлдөр байдал боловч бид тэр хэмжээнд хүрч чадахгүй. Хэдий тийм ч Тэр, биднийг гэсэн хайраа шударга байдлаа орхигдуулалгүйгээр Өөрийн арга замаар бидэнд илэрхийлсэн.

Есүс Христ буюу Бурхан Өөрөө хүний төрхөөр бидний гэм нүглийн шийтгэл болох үхлийн шийтгэлийг үүрэхээр дэлхийд ирсэн. Есүс мөн бидэнд Бурханы замыг заан өгч, бидэнд утга учиртай амьдралыг өгөхөөр ирсэн ажээ. Тэр хэлэхдээ, Түүний хүн болон ирсэн хамгийн гол зорилго бол бидний өмнөөс үхэх байсан юм.

Тэр бид бүгдийн, миний, таны бас энэ дэлхийн бүх хүмүүсийн гэмийн төлөөсийг загалмайд цовдлогдон (Ромын цаазаар авах нэг хэлбэр), нас барахдаа бүрэн төлсөн юм. Булшлагдаад, гурав хоногийн дараа Есүс махан биеэрээ дахин амилсан юм. Үүнийг гэрчлэх маш олон хүн Түүний тухай болон Түүний бидэнд санал болгож буй амьдралын тухай энэ дэлхийд зарлан тараажээ.

Гэр бүлийн асуудлыг даван туулах – Эхлээд Бурхантай харилцаа тогтоо

Бурханд хүлээн зөвшөөрөгдөх гэж ажиллах нь бидний хийх зүйл биш. Түүнтэй харилцах харилцааг Тэр бидэнд үнэгүйгээр санал болгодог. Түүний уучлалыг хүлээж аван, Түүнтэй харилцаа тогтоохыг хүсэх эсэх нь ердөө бидний сонголт.

“Би бол зам, үнэн, амь мөн. Надаар дамжилгүй хэн ч Эцэгт хүрэхгүй”8 гэж Есүс хэлсэн. Тэр бидний амьдралд орж ирэхийг хүсдэг хэдий ч дахиад хэлэхэд энэ бол бидний хувийн шийдвэр байдаг. Гэрлэлт нь маш чухал ач холбогдолтой шийдвэр байдаг бол энэ нь бүр ч илүү чухал ач холбогдолтой шийдвэр юм.

Бурхантай үүрд мөнхийн харилцаатай болж таны амьдралд Түүний хүч нөлөөг хүлээж авахыг хүсэж байна уу? Түүний мэргэн удирдамжаар хөтлүүлж хүч чадлаар нь дэмжлэг авч амьдрахыг та хүсч байна уу?

Хэрвээ тийм бол Түүнийг амьдралд тань орж ирэхийг яг одоо асууж болно. Хосууд олон гэрчүүдийн өмнө бие биедээ амлалт өгөх хүртлээ гэрлээгүй байдаг шиг Бурхантай харилцаа эхлэх нь хувь хүний өөрийнх нь шийдвэр юм. Есүс хэлэхдээ “Сонсогтун. Үүдийг чинь (зүрх сэтгэлийн) тогшин, зогсож буй хүн Би байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод, хаалгаа нээвэл, Би түүний дотор орно”9 гэсэн. Библид мөн “Түүнийг хүлээж авсан болгонд Түүний хүүхдүүд болох эрхийг Тэр өгөв”10 гэсэн байдаг. Танд зориулсан Бурханы хайрыг та мэдэхийг хүсэж байна уу? Түүнийг зүрх сэтгэлдээ урихыг та хүсч байна уу?

Та дараах байдлаар Түүнд өөрийгөө илэрхийлж болно. “Эзэн Есүс ээ, Таныг би амьдралдаа оруулмаар байна. Та намайг удирдан чиглүүлээч. Миний бүх гэм нүглийг уучлаач. Миний гэмийн төлөөс болж загалмай дээр нас барсанд тань баярлалаа. Яг одоо та миний амьдралд орж ирээч. Би хаалгаа нээвэл Миний амьдралд орж ирэх болно гэсэн амлалтаа өгсөн Танд баярлалаа. Би одоо зүрх сэтгэлийн үүдээ нээж байна. Таныг үнэхээр таньж мэдэх болсондоо баяртай байна. Амен.”

Та үүнийг чин сэтгэлээсээ залбирсан бол, та Бурхантай харилцаад эхэлчихлээ. Энэ байдал таны гэрлэлтийн асуудлуудад ямар нөлөө үзүүлж чадах вэ? Та хайраар бялхсан гэрлэлтийг бий болгож чадна. Бусад бүх эхнэр нөхрүүдтэй адилаар та олонтаа алдаа гаргах болно. Заримдаа сайхан гэр бүлийн амьдралаар амьдрах гэж маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж ч болох юм. Гэвч та Түүнд найдаж, түшиглэх юм бол Бурхан хувиа бодохгүйгээр ханиа хайрлан, уучлалаар дүүрэн, насан туршийн найдвартай гэрлэлтийн амьдралаар амьдарч чадах юм.

 Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…
 Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.
 Надад асуулт байна…

Дэннис Рейни бол Кампус Крусейд Фор Крайст байгууллагын Гэр Бүлийн Амьдрал хөдөлгөөний захирал юм. Тэрбээр зохиолч төдийгүй “Өнөөдрийн Гэр Бүлийн Амьдрал” радиогийн хөтлөгч юм. Эхнэр Барбара болон 6 хүүхдийн хамт амьдардаг.

Зүүлт: (1) Kendall Hamilton and Pat Wingert, "Down the Aisle," Newsweek, 20 July 1998, p. 54. (2) John J. DiIulio, Jr., "Deadly Divorce," National Review, 7 April 97. (3) "Generation 2001: A Survey of the First College Graduating Class of the New Millennium," conducted in 1997-1998 by Louis Harris and Associates for Northwestern Mutual Life Insurance Company, 720 E. Wisconsin Ave., Milwaukee, WI 53202, pp. 8, 11. (4) DiIulio, Jr., "Deadly Divorce." (5) Generation 2001: A Survey, p. 11. (6) Shervert H. Frazier, Psychotrends (New York: Simon & Schuster, 1994), p. 106 (7) Исаиа 59:2 (8) Иохан 14:6 (9) Илчлэлт 3:20 (10) Иохан 1:12

ХУВААЛЦАХ:  

TOP