Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Секс ба Дотно харилцааны эрэл

Хэн нэгэнтэй дотно байхын тулд яах вэ? Хайр гэж юу вэ? Дотно байдал гэж юу вэ? Та үерхлээс юуг эрж хайдаг вэ?

Дик Пурнел

Оюутны Уриалга сэтгүүлд Доктор Хенри Брэнт: Хосууд над дээр ирээд, “Эхэндээ бэлгийн харилцаа бол сэтгэл татам сайхан санагддаг, Харин дараа нь өөрийнхөө тухай болон хамтрагчийнхаа тухай бодоод үзэхээр, инээдтэй санагдаж эхэлдэг. Үүний дараа бид хоорондоо таарч тохирохоо болин маргалдаж, эцэстээ салдаг. Одоо бол бид өстөн дайснууд л гэсэн үг” гэж ярьцгаадгаас нь харахад тэдэнд адил төстэй тал байна гэж дурдсан байна.

Энэ адил төстэй талыг би “Өглөө- сэтгэцийн гажуудал” гэж нэрлэдэг юм. Бид өглөө сэрсний дараа дотно байдал огт үгүй болсныг мэдэрдэг. Бэлгийн харилцаа нь үнэндээ биднийг огт сэтгэл хангалуун болгодоггүй бөгөөд анх хүсэж байсан тэр байдлаар төгсдөггүй. Өөрөөр хэлбэл хувийн сэтгэл ханамжаа эрж хайсан амиа бодсон хоёр хүн л харагдаж байна. Жинхэнэ хайр ба дотно байдал нь “хоромхон зуур” бий болдоггүй бөгөөд та, өөрийгөө ганцаардмал байдлаас нэгдмэл байдлыг хайж байгаагаа ойлгох болно.

Хүн бүрийн амьдралд бие махбод, сэтгэл хөдлөл, оюун ухаан, нийгэм болон сүсэг бишрэл нь чухал нөлөөтэй байдаг. Эдгээр таван хэсгүүд нэгдмэл байснаар үр дүнд хүрдэг. Дотно байдлыг эрж хайхдаа бид үүнийхээ тайлбарыг өнөөдрөөс эсвэл өчигдрөөс хайдаг. Бидний гаргадаг алдаануудын нэг нь “хоромхон зуурын” сэтгэл ханамжийг хүсдэг явдал юм. Хэрэв бидний дотно байх гэсэн харилцаа бүтэхгүй бол бид “хялбар” арга замыг хайж эхэлдэг. Бид юунаас үүнийг эрж хайдаг вэ? Бие махбод, оюун ухаан, нийгэм, сэтгэл хөдлөл болон сүсэг бишрэл зэргээс үү? Тэгэхээр бид бие махбодын хэрэгцээнүүддээ илүү анхаарал тавьдаг. Бусад дөрвөн талбар дээр дотносохоос илүү бие махбодын хувьд дотносох нь илүү амархан байдаг болохоор тэр. Таны хэр яарч байгаагаас шууд хамаарч хагас цаг эсвэл хэдхэн хормын төдийд л эсрэг хүйсний хэн нэгтэй бие махбодын хувьд дотно болж болно. Бие махбодын хүслээ бэлгийн харилцаагаар түр хугацаанд хангаж болдгийг та удалгүй олж мэддэг. Гэвч бидэнд үүнээс илүү гүнзгий хангагдаагүй хэрэгцээ байсаар байдаг.

Таны хүсэл тачаал илүү их болж, бэлгийн харилцаанд орсны дараа та үүнээс залхах үедээ яадаг вэ? Энэ байдлаа хүмүүс “бид хайранд умбасан, тиймээ би үнэхээр хайрласан болохоор бэлгийн харилцаанд орсон “ гэж хэлдэг боловч тэд сэтгэл ханамжтай үлддэггүй, өөрсдөө буруу зүйл хийсэн мэт байдлыг мэдэрдэг. Америкийн дээд сургуулиудын ихэнх оюутнууд дотно байдлыг эрэлхийлэн “Одоо л жинхэнэ дотно байдал, үүрд үргэлжлэх хайрыг оллоо” гэж найдан, нэг үерхлээс нөгөөд шилжин явдаг нь надад ажиглагдсан.

Бидний үнэхээр хайж байгаа тэр зүйл бол бэлгийн харилцаа биш гэдэгт би итгэдэг. Бид үнэхээр юу хайдаг вэ? гэхээр дотно байдлыг хайдаг.

Дотно байдал гэж юу вэ?

Орчин үед хүмүүс дотно байдал бол бэлгийн харилцаа гэж ойлгох болсон. Гэвч үнэндээ дотно байдал гэдэг бол үүнээс ч агуу зүйл юм. Дотно байдал нь амьдрал дээр бие махбод, нийгэм, сэтгэл хөдлөл, оюун ухаан, сүсэг бишрэлийн талуудаар хэмжигддэг. Дотно байдал гэдэг нь үнэндээ Бүх л амьдралаа хуваалцахыг хэлнэ. Хүн бүрд ийм хүсэл байдаггүй гэж үү? Та хэн нэгэнтэй амьдралаа хуваалцан, ойр дотно байхыг хэзээ нэгэн цагт хүсэж байгаагүй гэж үү?

Маршал Ходж “Хайрын талаарх таны айдас” гэсэн номондоо “Бид бүгд хайраа илэрхийлэх, дотносох болон энхрийллийн хором, мөчүүдийг хайдаг боловч яг тэр мөчдөө үргэлж ухарч няцдаг. Бид хайраас айдаг” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр номондоо “Хэн нэгэнд та дотносох тусам, шаналал ихэсдэг.” гэж хэлсэн байна. Зүрх сэтгэлийн зовуур шаналал олох вий гэх айдас биднийг жинхэнэ дотно байдлыг олохоос холдуулдаг.

Би Өмнөд Илиной мужийн Их сургуулиудаар цуврал лекц зааж байсан юм. Лекцийн дараа нэгэн эмэгтэй “ Би тантай найз залуугийнхаа асуудлын талаар ярилцах хэрэгтэй байна.” гэж хэлэхэд нь ярилцахаар суусан юм. Тэр эмэгтэй надад асуудал, бэрхшээлүүдийнхээ тухай ярив. Хэдэн хормын дараа тэр нэг ийм зүйлийг хэлсэн “Би дахиж хэзээ ч шаналж зовохгүй байхыг хичээх болно.” гэхэд нь бид түүнд “Өөрөөр хэлбэл чи дахиж хэзээ ч хайрлахгүй гэсэн шийдвэр гаргаж байна.” гэв. Тэр намайг өөрийг нь буруу ойлгосон гэж бодсон бололтой үргэлжлүүлэн “Үгүй ээ, би тэгж хэлэх гээгүй юмаа. Би зүгээр л дахин шаналж зовмооргүй байна. Би амьдралдаа шаналахыг хүсэхгүй байна.” гэхэд нь би “Тиймээ, чи амьдралдаа ямар ч хайрыг хүсэхгүй байгаа хэрэг байна.” гэж хэлсэн юм. Хайр хүнээс тодорхой хэмжээний золиосыг шаарддаг. Зарим тохиолдолд хайр нь шаналал авчрах үе ч бий.

Хүн амын бараг зуун хувь нь өмнөх харилцаанаас ямар нэгэн шархыг амсаж байсан гэдэгтэй та санал нэгдэх байх. Тэгэхээр та сэтгэлийн шаналлаа хэрхэн давдаг вэ? Тухайн шаналлаа нуухын тулд бидний ихэнх маань хүмүүст миний нэрлэдгээр “давхар сануулга” дохио өгдөг. Бид хүмүүст “Сонсооч, Би чамтай ойр дотно байхыг хүсэж байна, би хайрламаар байна бас хайрлуулмаар байна гэхдээ хүлээгээрэй би өмнө нь шархалж байсан юм. Гэвч би энэ талаар яримааргүй байна. Тийм зүйлийн тухай ч сонсмооргүй байна” гэж хэлдэг шүү дээ. Бид өөрсдийн зүрх сэтгэлдээ гаднын хэн нэгнийг нэвтрэхээс хамгаалж хана босгодог. Харин тэр хана биднийг хүмүүсээс тусгаарлаад зогсохгүй бас ганцаардахад хүргэдэг. Үр дүн нь юу вэ? Ганцаардал таны сэтгэлийг эзэмдэж, жинхэнэ дотно байдал болон хайрыг амсах боломжгүй болгодог.

Хайр гэж юу вэ?

Хайр бол сэтгэл хөдлөлөөс мөн сайхан мэдрэмжээс ч хавьгүй илүү агуу зүйл юм. Гэвч хайр, бэлгийн харилцаа болон дотно байдлын талаар Бурханы хэлсэн зүйлсийг манай нийгэм зүгээр л нэг энгийн сэтгэл хөдлөл болон мэдрэмжүүд болгож өөрчилжээ. Бурхан хайрын тухай Библид 1Коринт номын 13-р бүлэгт маш нарийвчлан дүрсэлсэн байдаг. Тэгэхээр хайрыг бүрэн илэрхийлж хэлсэн Бурханы үг буюу ишлэлийг дараах байдлаар танд илэрхийлэн хэлж өгье. (1Коринт 13:4-7)

Биднийг яаж хайрлуулах ёстойг хэлсэн Бурханы үгстэй таныг хайрласан хэн нэгэн хүний хайр хэр их нийцэж байгааг үзээрэй:

  • Таныг хайрлаж буй тэр хүн танд атаархалгүйгээр, тэвчээртэй, эелдэг байдлаар ханддаг уу?
  • Тэр хүн танд ихэмсэг бардам зан гаргаж байсан уу?
  • Тэр хүн уурлахдаа удаан, бүдүүлэг бус, амиа боддоггүй хүн мөн үү?
  • Тэр хүн таны алдаа дутагдал бүрийг зүгээр өнгөрөөж байсан уу?
  • Тэр хүн таныг хуурч мэхлэлгүй танд үргэлж үнэнч байдаг уу?
  • Тэр хүн таныг хамгаалж, танд итгэж, үргэлж танд сайн сайхан зүйлсийг хүсэж байсан уу, бас тантай зөрчилдөх үедээ хүлээцтэй байдаг уу?

Биднийг энэ хайрыг амсаж мэдрээсэй гэж Бурхан хүсдэг ба энэ нь Түүний хайрын тодорхойлолт юм. Энэ хайр бол “нөгөө хүндээ анхаарлаа хандуулсан” болохыг та ажиглаж байгаа биз ээ. Энэ бол өөрийгөө бодохоос илүү нөгөө хүндээ өгдөг хайр юм. Гэхдээ чухам хэн ингэж амьдарч чадах вэ? гэсэн асуудал гарч ирнэ.

Ийм хайрыг мэдрэхийн тулд бид эхлээд биднийг гэсэн Бурханий хайрыг амсаж мэдрэх шаардлагатай юм. Хэрэв та ийм хайраар хайрлуулж байгаагүй бол хэн нэгнийг хайрлаж чадахгүй. Таныг болон таны талаарх бүх зүйлийг мэддэг, таныг төгсөөр хайрладаг нэгэн бол Бурхан юм.

Эртний Иеремиа эш үзүүлэгчээр дамжуулан, Бурхан бидэнд “Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Хайр энэрлээрээ би чамайг Өөртөө татсан юм.” гэж хэлсэн байна. (Иеримиа 31:3). Тиймээс таныг гэсэн Бурханы хайр хэзээ ч өөрчлөгдөж хувирдаггүй юм.

Бурхан биднийг үнэхээр их хайрладаг учраас Есүс Христэд бидний гэмийн өмнөөс загалмайд цовдлогдохыг (эртний цээрлэлийн хэлбэр) зөвшөөрсөн юм. Библид “Бурхан дэлхийг үнэхээр их хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болно.” (Иохан3:16). гэж хэлжээ. Бид Бурхан уруу эргэн, Түүний уучлалыг хүлээн авснаар Түүний хайрыг амсаж мэдэрч эхэлдэг.

Бурхан бидэнд “Хэрэв бид гэм нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит зөвт бөгөөд бидний гэм нүглийг уучилж, аливаа зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ” (1Иохан1:9) гэж хэлжээ. Бурхан бидний гэмийг уучлаад зогсохгүй, Тэр тэдгээрийг мартаж, тэдгээрээс биднийг бүрэн цэвэрлэдэг.

Юунаас ч үл хамааран, Бурхан биднийг үргэлжид хайрласаар байдаг. Ихэнх харилцаанууд ямар нэгэн зүйл тохиолдох үед тухайлбал хэн нэгнийгээ хохироосон тохиолдол, эсвэл аль нэг нь санхүүгийн байр сууриа алдах тохиолдолд зогсож, төгсгөл болдог. Гэвч Бурханы хайр нь бидний гаднах төрх байдал эсвэл бидний хэн бэ? гэдгээс үл хамаардаг.

Тэгэхээр хайрын талаарх Бурханы бодол санаа энэ нийгмийнхээс бүхэлдээ ялгаатай байгааг та харж байгаа байхаа. Танд ийм хайрын харилцааг эхлүүлж болно гэж төсөөлөгдөж байна уу? Бид Түүнээс залбиран гуйхад л Түүний уучлал бас хайр нь биднийх болдог гэж Бурхан хэлсэн. Энэ бол Түүний бидэнд өгдөг бэлэг. Хэрэв бид уг бэлгийг авахаас татгалзвал өөрсдийгөө жинхэнэ сэтгэл хангалуун байдал, жинхэнэ дотно байдал бас амьдралын жинхэнэ зорилгыг олох боломжгүй болгож байгаа хэрэг юм.

Хариулт

Бидний үнэхээр хайж байгаа тэр зүйл бол бэлгийн харилцаа биш гэдэгт би итгэдэг. Бид үнэхээр юу хайдаг вэ? гэхээр дотно байдлыг хайдаг.

Бурханы хайр бол хариулт нь юм. Бидний хийх ёстой зүйл бол ердөө итгэлээрээ хариу (амлалт) өгөх юм. Библид Есүсийн талаар “ Түүнийг хүлээж авсан болгонд Түүний нэрэнд итгэсэн болгонд Бурханы хүүхэд болгох эрхийг Тэр өгөв” (Иохан1:12) гэсэн байдаг. Бурхан бидний өмнөөс гэм нүглийн шийтгэлийг үүрүүлэхээр Өөрийн ганц Хүүгээ илгээсэн ба Есүс үүний төлөө л нас барсан юм. Гэвч түүх ингээд дуусаагүй. Гурван өдрийн дараа Есүс үхлээс амилсан юм. Бурхан өнөөдөр ч гэсэн амьд учир Өөрийн хайрыг таны зүрх сэтгэлд оруулахыг хүсэж байна. Та Түүнийг зүрх сэтгэлдээ хүлээн авснаар Түүний таны амьдралд хийх зүйлсийг болон тантай харилцах Түүний харилцааг ямар гайхамшигтай болохыг мэдрэх болно.

Бурханы үг бидэнд “Хүүд (Есүс Христ) итгэгч хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг” Иохан 3:36 гэж хэлжээ.

Бурхан бидэнд зөвхөн өнөөдрийн энэ амьдралыг хүсээд зогсохгүй мөнхийн амьдралаар амьдраасай гэж хүсдэг. Хэрэв бид Түүнийг хүлээж авахаас татгалзвал бид гэм нүглийн төлөөс болох мөнхийн үхлийг амсаж, Бурханаас үүрд тусгаарлагдах болно. Есүс Христийг хүлээж авна гэдэг маань Түүнд итгэж, Түүнийг хүлээн зөвшөөрөхийг хэлдэг ба ингэснээр бидний амьдрал тэнцвэртэй болох болно. Бурханд итгэснээрээ бид Түүний уучлалыг саадгүй авч чадна.

Бурхан бидний бүхий л зүйлийг мэдэж байдаг. Түүнд итгэснээр Тэр бидэнд гэм нүгэлгүй амьдралаар амьдрахад тусалдаг. Тэр үргэлж бидэнтэй хамт байх болно. Бурхантай байхад бид амар тайван байх болно. Бид Түүнд итгэж, Түүнд найдаж эхэлсний дараа Тэр бидний дотор оршиж, Түүнтэй ойр дотно болдог. Түүний уучлал бидний зүрх сэтгэлийн гүний гүнд байх гэм, амиа бодсон үзлээс биднийг чөлөөлдөг ба бидэнд байсан, цаашид гарч ирэх асуудал болон зөрчлүүдээс чөлөөлөх болно.

Сэтгэл хангалуун дотно байдал

Бэлгийн харилцааны талаарх Бурханы хандлага Библид маш тодорхой байдаг. Бурхан бэлгийн харилцааг гэрлэлт, зөвхөн гэрлэлтэд л зориулан нандигнах хэрэгтэй гэж хэлдэг. Биднийг өрөвдөлтэй байлгахыг хүссэн учраас биш харин бидний зүрх сэтгэлийг хамгаалахын тулд Тэр ингэж хүсдэг. Тэр бидэнд зориулж, аюулгүй байдлын үндэс суурийг тавьж өгөхийг хүсдэг учраас бид гэрлэх үед Бурханы хайр болон мэргэн ухаан дээр үндэслэгдсэн дотно байдал бий болох боломжтой юм.

Бид өөрсдийгөө Есүс Христэд даатгахад Тэр бидэнд өдөр бүр шинэ хайр болон шинэ хүч чадлыг өгдөг. Үүнээс л бидний хайгаад байгаа сэтгэл хангалуун дотно байдал олдох юм. Бурхан биднийг хэзээ ч орхихгүй бөгөөд ямар ч үед хувиршгүй хайраар хайрладаг. Бурханы хайраар бие биенээ хайрлаж чадвал тэд илүү эв нэгдэлтэй байж чадна. Үерхэж байхдаа хамт байснаараа зөвхөн итгэл бишрэлээр өсөх биш, нийгэм, оюун ухаан, сэтгэл хөдлөлөөр өсөж улмаар та шударга, халамжтай, бас сэтгэл хангалуун дотно харилцааг амсах боломжтой. Харилцааныхаа суурийг ийнхүү зөв тавибал гэрлэсний дараа бэлгийн харилцаа нь уг харилцааг илүү бататгаж өгдөг.

Та, Христийг одоо ч итгэлээр залбиран хүлээж авч болно. Бурхантай ярилцахыг залбирал гэдэг. Бурхан таны зүрх сэтгэлийг мэддэг бөгөөд таны үгнээс илүү таны зүрх сэтгэлийн хандлага Түүнд чухал байдаг. Дараах маягаар та залбирч болно: “Эзэн Есүс ээ, Та надад хэрэгтэй байна. Миний гэм нүглийн өмнөөс загалмай дээр нас барсанд баярлалаа. Би амьдралынхаа үүд хаалгыг танд нээж, Таныг өөрийн Аврагч болон Эзэнээр хүлээн авч байна. Миний гэмийг уучилж, надад мөнх амийг өгч байгаад тань баярлалаа. Миний амьдралыг захирч, Та намайг Өөрийн хүссэнээрээ өөрчилж өгөөрэй.”

Энэхүү залбирал таны зүрх сэтгэлийн тань хүслийг илэрхийлж чадаж байна уу? Хэрвээ тийм бол яг одоо үүнчлэн залбираарай. Христэд итгэснээр Тэр амласан ёсоороо таны амьдралд орж ирэх болно. Ингэснээр та Түүнтэй харилцах харилцаа эхэлж байгаа хэрэг. Түүнийг илүү таньж мэдэх тусам дотно байдлыг улам илүү амсаж мэдрэх болно. Түүнийг амьдралынхаа төв болгосноор амьдралдаа Түүнийг илүү сайн таньж мэдэх болно. Ингэснээр таны амьдрал шинэчлэгдэн, бүх харилцаанд тань сэтгэл хангалуун байдал бий болно.

 Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…
 Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.
 Надад асуулт байна…

Дик Пурнел бол 450 гаруй их дээд сургуулиудаар явж оюутнуудад яриа лекц хийж байсан хүн бөгөөд “Найз байх тухай” болон “Дурлагч ба Дахин хайрлахаас бүү татгалз”, “Бэлгийн харилцааны харамсал” зэрэг 12 номын зохиогч юм.

ХУВААЛЦАХ:  

TOP