Оргүй Хоосон байсан бол өнөөдөр ч тэр хэвээрээ байх байсан. Гэтэл, нэгэнт ямар нэг зүйл (жишээ нь та) оршин байгаа учир ертөнц хэзээ ч хов хоосон байгаагүй билээ.
Ингэхээр цаг хугацааны аль ч үед оргүй хоосон байгаагүй. Тиймээс ямар нэг зүйл үргэлжид оршин байсаар ирсэн. Гэвч юу тэр билээ? Хэрэв бид цаг хугацааны эхлэлд очвол, тэр Ямар Нэг Зүйл нь чухам юу байх байсан бол? Тэр зүйл нь олон юм байв уу? Эсвэл ганц юм байв уу? Өнөөгийн юмстай зүйрлэвэл ямаршуу зүйл байсан бол?
Ямар Нэг Зүйл нь олон юм байв уу? Эсвэл ганц юм байв уу? Эхлээд үүний тоо хэмжээг шинжилж үзье. Буцаад нөгөө том, битүү, харанхуй өрөөндөө очъё. Тэнд 10 ширхэг теннисний бөмбөг байна гэж бодъё. Өнгөрсөн ямар ч цаг хугацааны үед очсон, тэнд зөвхөн 10 ширхэг теннисийн бөмбөг л байх болно.
Тэгээд юу болох бэ? Бид бүтэн нэг жил хүлээсэн гэж бодъё. Өрөөн дотор юу болох вэ? Теннисний бөмбөг яг 10 ширхэг хэвээрээ байж л байна. Тийм биз дээ? Яагаад гэвэл тэнд өөр зүйлийг бий болгох ямар ч хүчин зүйл байхгүй. Мөн хичнээн ч их хугацаа өнгөрсөн теннисний жирийн 10 бөмбөг дахин нэг бөмбөгийг бий болгохгүй нь мэдээж. Теннисний бөмбөгнөөс өөр юу ч байсан ялгаагүй.
За тэгвэл 10 биш 6 ширхэг теннисний бөмбөг тавьчихъя. Байдал өөрчлөгдөх үү? Үнэндээ ялгаагүй. Тэгвэл 1 сая бөмбөг байвал яах байсан бол? Мөн л ялгаагүй. Теннисний бөмбөгнүүд хичнээн ч ширхэг байлаа гээд тэнд өөр юу ч байхгүй шүү дээ.
Тоо хэмжээ бол гол асуудал биш болохыг бид олж мэдлээ. Бүхний эхлэлд байсан Ямар Нэг Зүйлийн хэд байх нь чухал биш юм байна. Эсвэл чухал юм уу?
Теннисний бөмбөгийг өрөөнөөс гаргаад оронд нь тахиа оруулъя. Нэг жил хүлээе. Өрөөн дотор юу байх вэ? Зөвхөн нэг л тахиа байх болно. Эсвэл өрөөнд нэг эр, нэг эм тахиа оруулсан гэж бодъё. Нэг жилийн дараа ямар үр дүн гарах бол? Сүрэг тахиа!
Тэгэхээр, хэрвээ өрөөн дотор гуравдагч зүйлийг бий болгож чадах хамгийн багадаа 2 зүйлийг оруулбал тоо хэмжээ үнэхээр чухал байх нь. Эр тахиа + эм тахиа = дэгдээхийнүүд. Харин гуравдагч зүйлийг бий болгож чадахгүй 2 зүйлийн тухайд бол тоо хэмжээ чухал биш. Теннисний бөмбөг + хөл бөмбөг = хоосон.
Тэгэхээр бусад юмсыг бий болгоход тоо хэмжээ биш харин чанар л гол шалтгаан байх нь. Өнөөх Ямар Нэг Зүйлд чухам ямар чанарууд байв? Бусад юмсыг тэр бий болгож чадах болов уу?
Тахианууд уруугаа эргэн очъё. Гуравдагч зүйлийг бий болгох чадвар тэдэнд байгаа учраас бүхний эхлэлийн тухай тайлал гарч ирж болох юм. Өрөөнд нэг эр, нэг эм тахиа байгаа. Гэхдээ тэнд өөр юу ч байхгүй учир тэд өрөөний өөр өөр хэсэгт, зогсонги байдалд байна. Тэд дэгдээхийнүүд гаргаж чадах уу?
Чадахгүй. Яагаад? Тэнд амьдрах орчин нөхцөл алга. Өрөөнд эр эм тахианаас өөр юу ч байхгүй. Тэнд амьсгалах, эсвэл нисэх агаар, явах газар, амьдрахад зайлшгүй хэрэгцээтэй тэжээл ч байхгүй тул тэд идэж, хөдөлж, нисч, амьсгалж чадахгүй. Тэдний орчин нөхцөл нь тэр чигээрээ хоосон.
Тэгэхээр тахиануудыг өрөөнөөс авъя. Тахианууд ямар ч орчин нөхцөлгүйгээр оршиж, мөн үржиж чадахгүй. Тодорхой нөхцөлд л үржинэ. Энэ тохиолдолд орчин нөхцөл нь тэдэнд нөлөөлсний улмаас тэд өөрчлөгдөж (утгагүй юм шиг сонсогдох боловч), магадгүй анааш ч юм уу, эсвэл халиуны төрлийн амьтантай төстэй өөр төрлийн тахиаг ч бий болгож болох юм.
Бидэнд ямар ч орчингүй өрөө байгаа шүү дээ. Тийм ч учраас орчин нөхцөлгүйгээр - агаар, хоол хүнс, усгүйгээр оршиж чаддаг Ямар Нэг Зүйл байх ёстой болж байна. Дэлхийд амьдрагч бүх зүйл энэ шалгуурт тэнцэхгүй.
За тэгвэл амьгүй зүйлс энэ шаардлагад нийцэх үү? Тэдэнд орчин нөхцөл хэрэггүй. Гэхдээ бид теннисний бөмбөгний тухай судалж байхдаа мухардалд хүрсэн шүү дээ. Амьгүй зүйлс нь өөрөөсөө гадна юуг ч бий болгож чадахгүй. 10 теннисний бөмбөгний оронд нэг тэрбум устөрөгчийн молекул байлгая. Тэгвэл өрөөнд юу болох вэ? Хичнээн ч цаг хугацаа өнгөрсөн устөрөгчийн молекулууд нэг тэрбум хэвээрээ л байх болно.
Бид амьгүй зүйлийн талаар ярьж байгаа учраас үүнийг бий болгохын тулд юу хэрэгтэй байж болохыг авч үзье. Суперколлайдрын тухай та сонсож байсан уу? Америкийн Нэгдсэн Улсын засгийн газар матери үүсгэх зорилгоор нэгэн туршилтыг хийжээ. Суперколлайдр бол атомуудыг маш өндөр хурдтайгаар хооронд нь мөргөлдүүлж өчүүхэн жижиг зүйлийг бий болгох зорилготойгоор хийгдсэн, олон бээрийн урттай, газар доорх туннел юм. Энэ нь ердөө л микроскопоор дөнгөж харагдах төдий өчүүхэн зүйлийг л бий болгохын тулд шүү дээ.
Энэ юу гэсэн үг вэ? Бидний өмнө нь ярьж байсан 10 теннисний бөмбөгийг ийм аргаар үүсгэнэ гэвэл сонсогдож байгаа шигээ тийм ч амархан биш ээ. Оргүй хоосноос ердөө ганцхан теннисний бөмбөгийг бий болгох гэж АСАР ИХ энерги зарцуулах хэрэгтэй болох нь. Гэтэл бидэнд огт юу ч байхгүй. Өрөө хов хоосон шүү дээ.
Тэгэхээр ийм байна. Эхэнд оршин байсан өнөөх Ямар Нэг Зүйл нь өөр юунаас ч үл хамааран бие даан орших бүрэн чадвартай байж таарах нь. Мөн түүнд оршин байхын тулд ямар ч орчин хэрэггүй байсан байна.
Хоёрт, бүхний Эхэнд оршин байсан Ямар Нэг Зүйл маань Өөрөөсөө гадна Өөр зүйлийг бүтээх чадвартай байх ёстой. Хэрэв тийм биш бол өнөөдөр Тэр ганцаараа л байж байх ёстой. Гэвч өнөөдөр Өөр зүйл оршин байна. Жишээ нь Та...
Гуравт, Өөр зүйлийг оргүй хоосноос бүтээн бий болгохын тулд хэмжээлшгүй их хүч шаардлагатай. Өчүүхэн зүйлийг бүтээхийн тулд маш урт туннел, дээр нь бас түүнийг ажиллуулах их энерги хэрэгтэй юм бол, орчлон ертөнцийг бий болгохын тулд хичнээн их хүч шаардагдах бол?
Өрөө үрүүгаа эргэн очъё. Өрөөн дотор үнэхээр онцгой теннисний бөмбөг байна гэж бодъё. Энэ теннисний бөмбөг өөр бөмбөгнүүдийг бүтээж чадна. Түүнд их энерги, хүч чадал бий. Мөн оршин байхын тулд Түүнд юу ч хэрэггүй бөгөөд Түүнээс өөр юу ч тэнд байхгүй. Энэ бөмбөгийг Мөнх Оршигч Зүйл гэе.
Энэ теннисний бөмбөг өөр нэг теннисний бөмбөгийг бүтээсэн гэж бодъё. Цаг хугацааны хувьд аль нь агуу вэ? 1-р бөмбөг бол Мөнх Оршигч Зүйл. Тэр үргэлж оршиж байдаг. 2-р бөмбөг бол 1-р бөмбөг түүнийг бүтээснээс хойш л оршиж эхэлсэн. Тэгэхээр нэг нь цаг хугацааны хувьд хязгаарлагдмал, нөгөө нь хязгаарлагдмал бус юм.
ХҮЧ ЧАДЛЫН хувьд аль нь агуу вэ? Мөн л 1-р бөмбөг. Түүнд 2-р бөмбөгийг хоосноос бүтээх ба устгах чадал байгаа. Иймээс 1-р бөмбөг нь 2-раас илүү хүчтэй.Үнэндээ 2-р бөмбөг оршин байхын тулд 1-р бөмбөгнөөс үргэлж хамааралтай байх ёстой.
Хэрэв 1-р бөмбөг өөрийг нь устгахад хангалттай хүчийг 2-р бөмбөгөнд өгвөл яах вэ? гэж бодож болох юм. Тэгвэл 2-р бөмбөг арай илүү агуу болж, 1-р бөмбөг илүү агуу байхаа болих нь, тийм үү?
Тэгвэл үүнд нэг асуудал байна. Хэдийгээр 2-р бөмбөгөнд 1-р бөмбөг хүчээ өгсөн ч, тэр хүч нь үнэндээ 1-р бөмбөгний эзэмшил хэвээр л байх болно. Энэ тохиолдолд асуудал, 1-р бөмбөг өөрийн хүчээр өөрийгөө устгаж чадах уу? гэсэн асуулт болж хувирна. Хариулт нь үгүй. Яагаад гэвэл 1-р бөмбөг өөрийн хүчээ ашиглахын тулд юун түрүүнд өөрөө оршиж байх ёстой.
Хоёрдугаарт, бүхнийг чадах хүч 1-р бөмбөгөнд анхнаасаа байсан учраас хүч нь хэзээ ч замхарч алга болохгүй. Тиймээс тэр өөрийгөө устгах боломжгүй.
1-р бөмбөг нь өөрөө анхдагч учраас тэр бүтээгдээгүй. Тэгэхээр 1-р бөмбөг устгагдах боломжгүй. 1-р бөмбөг байсаар л байсан. Энэ бол Мөнх Оршигч Зүйл. 1-р бөмбөг устгагдахын тулд түүнээс хүчтэй өөр зүйл байх хэрэгтэй болно. Гэвч 1-р бөмбөгнөөс илүү агуу зүйл байхгүй ба байх ч боломжгүй. Оршин тогтнохын тулд түүнд юу ч хэрэггүй. Түүнийг өөрчлөх гадны нөлөө гэж байхгүй. Түүнд эхлэл байгаагүй учраас төгсгөл ч байхгүй. Мөн чанар нь хэзээ ч өөрчлөгдөхгүй хэвээрээ л байдаг. Түүний туйлын мөн чанар нь ОРШИН БАЙХ учраас хэзээ ч замхарч алга болохгүй. Тэгэхээр түүнийг усгах нь бүтэшгүй хэрэг юм.
Бидний олж мэдсэн зүйл бол: Эхэнд оршиж байсан Ямар Нэг Зүйл нь бүтээсэн Өөр Нэг Зүйлээсээ хавьгүй илүү. Тэрхүү Өөр Нэг Зүйлд оршин байхын тулд өнөөх Ямар Нэг Зүйл хэрэгтэй. Тийм учраас тэрхүү Өөр Нэг Зүйлд хэрэгцээ бий. Мөнх Оршигч Зүйлд өөр бусад зүйл хэрэггүй учраас Өөр Нэг Зүйл нь Түүнээс мөхөс бөгөөд үргэлж тийм л байх болно.
Ямар Нэг Зүйл нь өөртэй нь зарим талаараа адилхан Өөр Нэг Зүйлийг бүтээж болох ч, тэрхүү бүтээл нь юу ч байлаа гэсэн түүнтэй бүх талаараа эн тэнцүү байж чадахгүй. Мөнх Оршигч Зүйл нь цаг хугацаа ба хүч чадлын хувьд үргэлж илүү учраас өөртэйгөө эн тэнцүү зүйлийг бүтээх боломжгүй. Тэр өөр юунаас ч хамааралгүй, ганцаар бие даан оршиж чаддаг.
Мөнх Оршигч Зүйл чухам юу байв? Үүнийг “Хэн” сэдвээс үзээрэй.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |