Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд

Иохан


4 Есүс Иоханаас илүү олон хүнийг шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, 2 (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин Түүний шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) 3 Иудейг орхин Галил уруу дахин явжээ. 4 Есүс Самариар дайрч өнгөрөх болов. 5 Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ хот нь Иаков өөрийн хүү Иосефтоо өгсөн газрын ойролцоо байв. 6 Иаковын худаг тэнд байжээ. Аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байв. Энэ нь зургадугаар цагийн үед байлаа. 7 Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс
— Надад уух юм өгөөч гэж гуйв.
8 Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот уруу явсан байлаа. 9 Өнөөх Самари эмэгтэй
— Та Иудей хүн байж Самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.)
10 Есүс түүнд
— Хэрэв чи Бурханы бэлгийг болон "Надад уух юм өгөөч" гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд,
11 тэр Түүнд
— Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах вэ?
12 Та бидний өвөг Иаковаас агуу гэж үү? Тэр энэ худгийг бидэнд өгсөн юм. Иаков болоод түүний хөвгүүд ч, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв. 13 Есүс
— Энэ уснаас уух хүн бүр дахин цангана.
14 Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно гэхэд, 15 эмэгтэй Түүнд
— Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэх шаардлагагүй болно гэв.
16 Есүс
— Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав.
17 Тэр
— Би нөхөргүй гэсэнд Есүс
— "Би нөхөргүй" гэж чи зүйтэй хэлэв.
18 Учир нь чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. 19 Эмэгтэй
— Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа.
20 Бидний өвөг дээдэс энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар бол Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. 21 Есүс
— Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна.
22 Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол, бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна. 23 Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. 24 Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. 25 Тэр эмэгтэй Есүст
— Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө гэв.
26 Есүс түүнд
— Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав.

27 Тэр үед шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхсан боловч хэн нь ч
— Та юу хайна вэ? эсвэл
— Та түүнтэй юунд ярилцана вэ? хэмээн асуусангүй.
28 Тэгтэл өнөөх эмэгтэй усныхаа савыг орхин хот уруу явж, хүмүүст
29 Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд, 30 хүмүүс хотоос гарч Есүс уруу очиж байв. 31 Энэ үед шавь нар нь Есүсээс
— Рабби, зооглооч гэлээ.
32 Харин Тэр тэдэнд
— Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв.
33 Шавь нар нь
— Түүнд хэн ч идэх юм авчирж өгөөгүй биз дээ? хэмээн өөр хоорондоо ярилцав.
34 Есүс тэдэнд
— Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн.
35 Та нар "Ургац хураалт болтол дөрвөн сар байна" гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ. 36 Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. 37 Учир нь "Нэг нь тарьж, нөгөө нь хураана" гэсэн үг үнэн болох нь энд харагдаж байна. 38 Та нарын хөдөлмөрлөөгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Өөр хүмүүс хөдөлмөрлөсөн бөгөөд танар тэдний хөдөлмөрт оролцсон болно гэж айлдав.

39 Өнөөх эмэгтэйн "Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн" гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотоос Самарийн олон хүн Есүст итгэжээ. 40 Тиймээс самаричууд Есүс уруу очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд, Есүс тэнд хоёр хонов. 41 Есүсийн үгнээс нь болж улам олон хүн итгэв. 42 Тэд мөнөөх эмэгтэйд
— Одоо бид чиний ярьсанд биш, харин өөрсдөө сонсоод, энэ Нэгэн бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.

43 Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ. 44 Учир нь эш үзүүлэгч нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчлэн харуулсан юм. 45 Есүсийг Галилд ирэхэд галилынхан Иерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Учир нь тэд бас баярт очсон юм.

46 Есүс усыг дарс болгож байсан Галилын Кана хотод дахин очив. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд түүний хүү нь Капернаумд өвчтэй байлаа. 47 Түшмэл Есүсийг Иудейгээс Галилд ирснийг сонсоод, Түүн уруу очиж
— Ирж, миний хүүг эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа.
48 Есүс
— Хүмүүс та нар хэрэв тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй бол ер итгэхгүй гэж айлдав.
49 Хааны түшмэл Түүнд
— Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ.
50 Есүс
— Яв. Чиний хүү амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд харихаар явав.
51 Тийнхүү тэрээр буцаж явтал, боолууд нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. 52 Түшмэл хүүгээ аль цагт сайжирч эхэлснийг тэднээс асуусанд
— Өчигдөр долдугаар цагт түүний халуун буусан гэв.
53 Тэгээд эцэг нь "Чиний хүү амьд байна" гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. 54 Есүс Иудейгээс Галилд ирээд дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.

5-р бүлэг

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP