Стив Соер
Бодит түүхээс… Стив Соер бага сургуульд байхаасаа Хемофили (цус шүүрэх) өвчтэй байсан ба цус сэлбэх эмчилгээний үеэр ХДХВ вирус болон элэгний Гепатит С вирусийн халдвар авчээ. Хэдэн жилийн дараа 19 настайдаа өөрт нь амьдрах хугацаа маш бага үлдсэнийг мэдээд, олон коллеж, их сургуулиудаар зочлон хүнд хэцүү, аймшигтай нөхцөл дунд хэрхэн амар тайван, өөдрөг амьдарч болох тухай туршлагаасаа хуваалцжээ. Яриаг нь сонссон олон оюутнууд Бурханы хайр болон найдварын талаарх түүний түүх мянга мянган оюутнуудын амьдралыг үүрд өөрчилснийг танд гэрчлэх бизээ. Санта Барбара дахь Калифорнийн Их Сургууль дээр хийсэн түүний ярианаас эмхтгэснийг танд хүргэе.
Мэйн мужийн орчим, далайн эргээс алсад тэнгисийн цэргийн нэгэн усан онгоц өтгөн манан дунд хөвж явлаа. Тэр орой усан цэрэг алсад гэрэлтэх нэгэн гэрлийг олж хараад, даруй явж, ахмаддаа “Манай онгоц уруу алсаас чиглүүлэн тусгасан гэрлийг би олж харлаа. Та надад юу гэж тушаахсан бол?” хэмээн илтгэв. Ахмад түүнд “Тэр усан онгоц уруу, чиглэлээ өөрчил” гэсэн гэрлэн дохио өгөхийг тушаав. Өнөөх усан онгоц хариуд нь “Та нар өөрсдөө чиглэлээ өөрчил” гэсэн дохио ирүүллээ. Ахмад усан цэрэгт чиглэлээ даруй өөрчил гэсэн дохиог дахин явуул гэжээ. Хариуд нь мөн л “Үгүй ээ, та нар өөрсдөө чиглэлээ өөрчил” гэсэн дохио ирэв. Сүүлчийн удаа дохиогоо явуулахдаа усан цэрэг “Америкийн Нэгдсэн Улсын байлдааны усан онгоцны ахмад тушааж байна. Та нар даруй чиглэлээ өөрчил” гэлээ. Харин үүний хариуд “Үгүй ээ, та нар өөрсдөө чиглэлээ өөрчил. Энэ бол гэрэлт цамхаг байна” гэсэн дохио иржээ. Учир нь тэд гэрэлт цамхгийг усан онгоц гэж эндүүрсэн байж.
Хүмүүс бид өвчин шаналал, зовлон зүдгүүртэй хэрхэн тэмцэлддэгийг энэ түүхээр дүрслэн харуулах гэсэн юм. Бид эргэн тойрон дахь нөхцөл байдлуудыг чиглэлээ өөрчлөөсэй гэж үргэлж хүсдэгээс биш өөрсдөө чиглэлээ өөрчилдөггүй гэхэд болно. Миний амьдрал үүнийг харуулах төгс жишээ байсан юм.
Би багаасаа хемофили буюу цус задрах өвчтэй. Энэ өвчний улмаас үе мөч хавагнаж, яс хавдан янгинаж өвддөг юм. Уг өвчин донор цусны протейн буюу уургаар эмчлэгддэг. 1980-аас 1983 оны хооронд шиг санагдаж байна, донорын сангаас надад хандивласан цусны доноруудын нэг нь ХДХВ-ийн (Хүний Дархлал Хомсдолын Вирус) халдвартай байсан байж. Ингээд донорын сангаас цус авч хийлгэсэн эмчилгээнүүдийн (магадгүй зуугаад донор байсан байх) үр дүнд би вирусээр халдварлаж хоцров. Би элэгний С вирусээр ч мөн адил халдварласан байлаа.
Дунд сургуулийн 9-р ангид орох хүртэл маань надад ХДХВ-ийн халдвар авсан гэж хэлээгүй юм. Би үүнийгээ мэдсэний дараа, хүн хэзээ ч давж дийлшгүй зүйлтэй тулгарахдаа ямар байдалд ордог билээ? яг л тийм байдалд орсон юм. Би зүгээр л “Надад тийм вирус байхгүй” хэмээн үгүйсгэж, огт юу ч болоогүй мэт дүр эсгэхийг хичээдэг байлаа. ХДХВ нь гемофилиа өвчин шиг өвдөлт өгдөггүй байсан юм. Хемофили өвчний үед үе мөч, булчингууд хавдаж үнэхээр аймшигтай өвддөг. Харин ХДХВ-ийн шинж тэмдэг ил харагддаггүй. Уг өвчнөөр өвдөөгүй юм шиг дүр үзүүлэхэд их амархан, өөрт ямар ч зовуургүй байдаг юм. Тийм болохоор аав, ээж маань “Чи дажгүй харагдаж байна, миний хүү зүгээр байх аа” гэж хэлдэг байсан юм.
“Монти Питоны Ариун Тагшны Эрэлд”3 хэмээх кинонд, бодит үнэнийг үгүйсгэснийг дараах байдлаар тод томруун илэрхийлсэн байдаг. Нэг үзэгдэлд Артур хаан ой дундуур морьтой хатируулж яваад, хар өнгийн хуучирсан хуяг өмссөн нэгэн баатар эртэй таардаг. Тэр баатар эр Артур хааны замыг хааж саатуулдаг юм. Артур хаан түүнийг тулалдаж ялахаас нааш замаас нь холдохгүй болохыг ойлгов. Тулалдаан ч эхэлж Артур хаан хар өмсгөлтэй өнөөх хуягт баатрын гарыг цавчив. Тэрээр сэлмээ хуйндаа буцаан хийж, түүнд мэхийн ёслоод өнгөрөн явах гэтэл өнөөх баатар “Хөөе чи буцаад ир, би бууж өгөөгүй байна” хэмээн хашхирахад Артур хаан “Би чиний гарыг цавчсан тул чи ялагдсан” гэхэд нөгөө баатар “Үгүй ээ, миний гар тасраагүй” гэжээ. Артур хаан доош заан “Тасарч унасан гар чинь тэр байна” гэхэд нөгөө эр “Энэ бол зүгээр л нэг шарх” гэжээ. Артур хаан түүнийг замаасаа зайлуулахын тулд зэрлэгээр зэрэмдэглэх хэрэгтэй юм байна гэж бодов. Ийнхүү үргэлжлүүлэн тулалдаж өнөөх баатрын бүх мөчийг цавчин зэрэмдэглэж их биеийг нь зөвхөн толгойтой нь үлдээжээ. Ингээд Артур хаан морьтойгоо давхин өнгөрөх зуур, өнөөх баатар хойноос нь “Хулчгар минь, чи хүрээд ир л дээ. Би чиний хөлийг хуга хазна даа” хэмээн хашхирч байгаа нь гардаг.
Тэр баатар өөрийн ялагдлаа үгүйсгэж буйг та тайлбарлуулалгүй ойлгож байгаа. Тулалдаанд ялагдсан бодит байдлаа тэр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Энд үгүйсгэлийг хэдийгээр ёгтлон дүрсэлсэн боловч үгүйсгэлийн хор хөнөөл маш бодитой болохыг харуулж байна. Хэрвээ би ХДХВ-ийн халдвар авсан гэдгээ үргэлжлүүлэн үгүйсгэсээр байсан бол эрсдэлтэй алхмууд хийж болзошгүй байв. Тухайлбал хуруугаа эсгэвэл зөв арга хэмжээ авахгүй, мөн хэн нэгнийг хүндээр гэмтээж эсвэл бүр алчхаж ч болох байв. Бодит байдлыг үгүйсгэх нь өөрт их аюултай бөгөөд сэтгэлийн хүнд дарамтыг авчирдаг. Учир нь хэрвээ хүн ямар нэг зүйлийг дотроо дарж, юу ч болоогүй мэт дүр үзүүлэн удаан хугацаанд явбал тэр нь хуримтлагдсаар эцэстээ тэсэрдэг.
Би ХДХВ-ийн халдвар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байсаар бараг бүтэн гурван жилийн нүүр үзэв. Ахлах сургуулийн төгсөх ангид байх үедээ би маш их өвдсөн юм. Миний өвчний шинж тэмдгүүд илэрч эхэллээ. Аливаа халдвар, өвчнийг эсэргүүцдэг цусны цагаан бөөмсийг Т эсүүд гэдэг ба эсийн тоо тухайн хүн ХДХВ вирусээр халдварласан эсэхийг, мөн ДОХ-той болсон эсэхийг тодорхойлдог юм. Хэрэв таны Т эсийн тоо 200–аас бага болсон байвал ДОХ гэсэн үг. Миний Т эсийн тоо 213-т хүрч улам бүр багассаар байлаа. Бие маань урд өмнөхөөсөө улам дордож, царай цонхийн хорчийж эхэлсэн. Би бүр аягатай хоолоо ч даахаа больсон байлаа. Тэр үед л би ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилснөө бүрэн хүлээн зөвшөөрсөн юм.
Би өвчнөө үгүйсгэхээ больж, надад тохиолдож буй зүйлсийг даван туулах шинэ арга зам олох хэрэгтэй болсон юм. Хамгийн түрүүнд би хэн нэгнийг буруутгахыг оролдсон. Хэрвээ хэн нэгэн над уруу ирээд “Стив, энэ бол миний буруу. Намайг уучлаарай” гэж хэлбэл магадгүй би арай дээрдэх байх гэж бодож байв. Тиймээс би эхлээд ижил хүйстнүүдийг буруутгамаар санагдсан юм. Хэн нэгэнд бурууг тохох нь хялбар байсан юм. Гэхдээ энэ тухай бодож үзээд өөрийнхөө өвчний төлөө бүхэл бүтэн бүлэг хүмүүсийг буруутгах нь тэнэг хэрэг гэдгийг ойлгосон. Үүний эцэст би Бурханыг буруутгав. Тэр үед би ер итгэдэггүй байсан ба хэрэв бүх зүйлийг хянан захирагч нэгэн байдаг бол тэр нь Бурхан л байх ёстой гэж үзсэн хэрэг. Тиймээс би Түүнд бурууг тохохыг оролдсон юм.
Хүн ер нь өвчин шаналалдаа зовох тусам бухимдаж, эцэстээ уур хилэнгээ хянах чадваргүй болдог. Өчүүхэн төдий зүйлд ч би уурлах болов. Намайг жаахан бухимдуулах зүйлийг хэн нэгэн хэлэх л юм бол би тэр хүнд дэлбэртлээ уурладаг болсон. Хана нүдэж, өрөөгөө бусниулж өгдөг байлаа.
Гэхдээ уур хилэн бол хүний оюун ухааныг самууруулж, эрүүл сэтгэх чадваргүй болгодгийг би биеэрээ амссан юм. Үүнээс ч дор зүйл нь таны энэ байдал хайртай хүмүүсийг чинь зовоодог. Өвдөж зовуурлах үед хэн нэгнийг шаналгаж зовоохгүй нэг арга бол зүгээр л уйлах. Уйлсны дараа үнэхээр хэсэг зуур ч гэсэн сэтгэл онгойдог юм.
Нэгэн удаа би тэсвэрлэхийн аргагүй их өвдөөд, өрөөндөө байж байв. Жингээ ихээр алдсан байлаа. Би орилон, Бурханыг хараан зүхэж, өрөөнийхөө ханыг нүдэж байтал аав минь өрөөнд орж ирсэн юм. Тухайн үед миний аав архины “ААА” (Архинаас Ангижрахуй 12 алхамт хөтөлбөр) эмчилгээнд явж Бурханы талаар мэдсэн байсан юм. Тэгээд аав маань над уруу хараад “Стив, аав нь чамд тусалж чадахгүй нь үнэн. Эмч нар ч мөн адил чамд тусалж чадахгүй. Ээж чинь ч мөн адил. Чи өөрөө өөртөө ч туслах аргагүй шүү дээ. Яг одоо чамд тусалж чадах цорын ганц нэгэн бол Бурхан” гэж хэлээд гарсан юм.
Би Бурханыг хараан зүхэхээ зогсоосон ч Түүнээс тусламж гуйх зохистой гэж өөрийгөө бодохгүй л байлаа. Гэвч надад өөр зам байсангүй. Би өвдөг сөгдөөд нулимс дуслуулан “За за, Бурхан минь, Та үнэхээр байдаг бол надад туслаач. Тэгвэл би ч бас Таныг хүндэлье” хэмээн хэлсэн юм.
Тийм ээ, маш богинохон хугацааны дотор миний алдсан жин нөхөгдсөн. Миний Т эсийн тоо 365 хүртэл өссөн байлаа. Энэ үнэхээр сайн хэрэг. Надад маш таатай байлаа. Үнэхээр сайхан байсан гэхээс өөр хэлэх үг надад олдоогүй. Тэгээд надад “За за, Бурхан минь, Танд баярлалаа. Үнэхээр сайхан байлаа. Баяртай” гэж хэлмээр санагдсан.
Би ахлах сургуулиа дүүргээд, тэр зундаа коллежийн дотуур байранд орохоор шалгуулж байх үедээ өрөөнд хамт амьдрах найзтайгаа танилцсан юм. Тэр туранхай, өндөр, шар үстэй залуу байсан ба надаас “Хөөе найзаа, чи итгэж болох хүн шиг байна. Миний өрөөний найз болох уу?” гэж асуухад би дотроо “За байз, надад тийм ч таатай санагдахгүй л байна... За яахав” гэж бодоод “Тэгэлгүй яахав” гэлээ. Тэгээд бид нэг өрөөнд амьдрах болж удалгүй дотно найзууд болцгоолоо. Тэр найз маань Христэд итгэгч байсныг би сүүлд олж мэдсэн. Би тухайн үед Христэд итгэгч хүн гэхээр хоёр нүүртэй, өршөөнгүй зөөлөн, бусдыг буруушаан зэмлэгч гэж л төсөөлдөг байлаа. Би ийм л бодолтой байсан. Гэвч өрөөний найз маань миний бодож байснаас өөр байсан.
Тэрээр унших чадвараа алдах өвчтэй байсан юм. Хичээлээ давтаж байгаад уншихад бэрхшээлтэй болж бухимдах үедээ зүгээр л түр завсарлаад, нүдээ анин залбирч, гүнзгий амьсгал авсныхаа дараа үргэлжлүүлэн давтдагийг нь би ажигласан юм. Харин би түүний оронд байсан бол хана балбаж, эд зүйлс эвдэн сүйтгэх байсан. Гэвч найзын маань энэ байдал миний гайхлыг төрүүлсэн юм. Тэр ямар нэг зүйл эвдэж сүйтгэхгүйгээр яаж тэсдэг байна аа? гэж боддог байв. Түүний биеэ барьж байгааг нь хараад би үнэхээр гайхдаг байлаа.
Найз маань хаврын амралтаар намайг Дэйтон далайн эрэг уруу хамт явахыг урив. Эрэг дээр найз маань тэнд амарч байсан нэг залуутай яриа өрнүүлж эхэллээ. Эхэндээ бид энгийн, байдаг л зүйлсийн талаар ярилцаж байлаа. Удалгүй тэдний яриа зарим нэг гүнзгий, хүнд асуудлуудыг хөндөж эхлэв. Би л хувьдаа тийм зүйлсийн талаар ярилцмааргүй байсан. Тиймэрхүү асуудлуудтай дотроо их тэмцэлддэг байсан юм. Цэл залуугаараа нас барах гэж байгаагаа мэднэ гэдэг хүнд зүйл. Тиймээс би тийм газар энэ асуудлын талаар танихгүй хүнтэй огт яримааргүй байсан юм л даа. Тэр ярианаас би алгуур зайлсхийхийг хичээж байв. Тэдний яриа үргэлжилсээр эцэстээ найзын маань итгэлийн талаарх яриа болж хувирав. Миний хувьд итгэгч хүн ямар байдаг тухай зүгээр л таамаглан боддог байснаас биш тэдний юунд итгэдэг, ямар бодол санаатай байдгийг хэзээ ч мэддэггүй байсан юм. Тэгээд би найзынхаа ярианд анхаарлаа хандуулж эхэлсэн юм.
Би найзынхаа ярьсан шиг сайн тайлбарлаж чадах эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ тэр нэг иймэрхүү зүйл ярьсан юм. “Миний Бурханд итгэдгийг та хоёр мэдэж байгаа байх. Тэр бидэнтэй харилцаатай байхын тулд биднийг бүтээсэн гэж би итгэдэг. Гэвч бид Бурхантай харилцахыг хүсдэггүй. Тиймээс бид Түүнийг цааш нь түлхэж нүүрээ буруулдаг. Бурханаас нүүрээ буруулж, Түүнийг эсэргүүцэж байгаа нь санаатай байна уу? эсвэл үл тоомсорлож байна уу? ялгаагүй үүнийг Библид гэм гэж тооцдог. Би “Гэм” гэдэг үгэнд дургүй учраас үүнийг Бурханаас “Нүүр буруулах” гэж ярья. Бид Түүнтэй харилцаатай байхаар бүтээгдсэн хирнээ Түүнийг цааш түлхэж нүүр буруулсан учраас шийтгэл авч таарна. Ингэж эсэргүүцсэний шийтгэл нь үхэл юм. Бурханаас тусгаарлагдах нь мөнх үхэл юм” гэж хэлэх үед би “Өө тэр чинь сайхан хэрэг байна даа” гэж бодсон.
Би яриан дундуур нь орж “Гэхдээ Бурхан бидэнд хайртай шүү дээ” гэхэд найз маань “Бурхан бас шударга. Хайр шударга бусаар илрэх ёсгүй” гэж хэлсэн юм. Тэрийг харин би ойлгохгүй байлаа. Тэгээд найз маань үргэлжлүүлэн “За, чи өөрийн амиа хүртэл зориулж чадах энэ дэлхий дээрх хамгийн хайртай хүнээ бод доо. Тэр хүнээс та нүүрээ буруулж, маш удаан хугацаанд уулзаагүй гэж бодъё. Гэтэл нэгэн өдөр та тэр хүнээ тавин алхмын цаана зогсож байгааг хараад гараа сунган гүйж очтол “Үгүй ээ, та надаас нүүр буруулж байснаа санаж байна уу?” хэмээн хэлсэн гэж та төсөөл дөө. Тэгвэл орчлонгийн хамгийн агуу хайр Бурханээс нүүр буруулж байна гэж төсөөлье.
Үүнийг сонсоод би “Яана аа, энэ ч харин тоогүй хэрэг шүү” гэж бодлоо. Тэр цааш нь үргэлжлүүлэн “Ингээд дуусах хэрэг биш л дээ. Аз болоход Бурхан бидэнд маш их хайртай учраас бидэнд ямагт санаа тавьдаг. Тиймээс бидэнд оногдох шийтгэлийг Тэр хэлтрүүлэхээр шийдсэн юм. Бурхан Өөрийн Хүү Есүсийг илгээж, бидний оронд загалмай дээр үхэх ялаар шийтгүүлсэн юм. Учир нь Есүс л гэм нүгэлгүй амьдарсан болохоор Тэр хэн нэгний өмнөөс шийтгэлийг үүрч болох байв. Тийнхүү Тэр бидний шийтгэлийг амь биеэрээ амссан юм.”
Бас тэр: “Тэгээд Есүс гурав хоногийн дараа үхлээс амилсан. Тэр үхлийг ялан дийлж бидэнд мөнх амьтай болох боломжийг нээсэн. Ингэснээр бид мөнх үхлээр үхэхгүй бөгөөд үүрд мөнхөд Бурханы хайр дотор байх болно” гэж ярьсан юм.
Намайг “Хөөх” гэж хэлтэл найз маань “Хэдийгээр Тэр бидний шийтгэлийг үүрч, бас бидэнд мөнх амийг санал болгосон ч үүнийг нь хүлээж авах, авахгүй нь чамаас хамаарна” гэж хэлсэн юм. Би үүнийг бас л сайн ойлгохгүй байлаа. Харин азаар нөгөө залуу ч надтай адил байлаа. Тиймээс найз маань “За тэгвэл, чи машин барьж явна гэж бодъё. Хурдны хязгаар 35км/ц байхад та 90км/ц-ийн хурдтай давхижээ. Машин замаар бараг л нисэж байна. Цагдаа таныг зогсоогоод торгууль бичжээ. Дараа өдөр нь та торгуулиа төлөхөөр шүүх танхимд очих ёстой болжээ. Та танхимд орж ирээд хартал шүүгч нь таны аав байсан гэж бодъё. Тэгээд чи Өө, аав байна ш дээ гэж хэлэх болно. Аав чинь чам уруу хараад “Стив, чи хууль зөрчөө юу?” гэхэд нь чи “Харин тиймээ” гэнэ. Тэгээд аав чинь “За, 500 долларын торгууль төл эсвэл шоронд хоёр өдөр суу” гэж хэлээд шүүхийн алхаа буулгах болно. Тийм л зүйл болно шүү дээ” гэв. Цааш нь “Тиймээ аав чинь шударга шүүгч учраас шийтгэл оноох л болно. Гэхдээ тэр шүүгчийн суудлаасаа босон, өмсгөлөө тайлаад халаасаа ухан 500 доллар гаргаж чамд өгнө шүү дээ. Яагаад гэвэл аав чинь чамд хайртай бөгөөд чиний шийтгэлийг өмнөөс чинь төлж өгнө. Харин чи тэр төлөөсийг хүлээж авах ёстой. Аав чинь чамд 500 доллар өгөн “Май, үүнийг ав” гэж хэлэхтэй адил Бурхан ч тэгж хэлж байгаа хэрэг. Харин та “Үгүй ээ, би мөнхөд Танаас тусдаа байх болно” гэж хэлэх эсэх нь таны л шийдэх зүйл юм.
Найз маань тэрхүү төлөөсийг залбирлаар хүлээж авдаг гэж хэлсэн юм. Тэрээр “Чи Бурханы төлөөсийг маш энгийн байдлаар хүлээж авч болно. Энэ бол Бурханы ивээл. Бид үүнийг авахын тулд юу ч хийх хэрэггүй, энэ бол Бурханээс бидэнд өгч буй бэлэг юм” гэж хэлсэн юм. Би энэхүү ивээлийн тухай анх удаа сонссон минь энэ. Найз маань “Энэ бол итгэлийн залбирлаар хүлээж авдаг бэлэг юм” гэж хэлсэн. Миний найз тэр залууд залбирахыг санал болгоод түүний төлөө чангаар залбирахад нь би ч бас дагаж намуухан залбирлаа.
Хоёр дахь удаагаа залбирсан тэр мөчөөс хойш би амьдралыг шинээр харах боллоо. Маргааш амьд байх болов уу? гэж би шөнө бүр сэтгэл түгшихээ байж үхэхээс айхаа болив. Яагаад гэвэл миний хувьд үхнэ гэдэг харанхуй зүйл биш болсон юм. Харин би үхэх юм бол ертөнцийн хамгийн агуу хайртай үүрд мөнхөд хамт байна гэдгээ мэднэ. Энэ миний сэтгэлийг үнэхээр уужруулсан юм.
Миний аав, ээж ч мөн адил тэр төлөөсийг хүлээн авсан юм. Тэд миний адилаар залбирч Бурханыг хүлээн авч, амьдралыг шинээр харах болсон. Надад амьд байх зургаахан сар байгааг мэдсэн хирнээ их сургуулиудаар хол аялахыг минь тэд зөвшөөрсөн гэж бодоход гайхалтай. Хайртай хүүгээ нүдний нь өмнө үхэж байгааг харах хэчнээн хэцүү болохыг та төсөөлж байгаа байх. Тэд юу ч хийж чадахгүй шүү дээ. Харин одоо би болон миний аав ээж энэ хүнд байдлыг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байгаа нь Есүс Христ бидний амьдралд байгаа учраас юм.
Бурханы төлөөсийг хүлээж авах боломжийг би танд олгож болох уу? Хэрвээ танд ДОХ-ыг эмчлэх вакцин байсан бол надад өгөх байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Харин би Бурханээс ирдэг бэлэг болох мөнх амийг хэрхэн хүлээж авахыг мэднэ. Энэ бэлгийг та аваасай гэж би хүсэж байна. Хэрвээ та даван туулахын аргагүй нөхцөлд яваа бол, ямар ч хүнд байдлаас таныг тэнхрүүлж босгох хэн нэгнийг үгүйлж байгаа бол яг одоо надтай хамт залбираасай гэж хүсэж байна. Энэ бол шидэт тарни эсвэл шившлэг биш ээ. Сэтгэл хөдөлгөсөн бодол ч биш. Харин Бурхантай тогтоох харилцааны эхлэл юм. Үүнд бусад харилцааны нэгэн адил хугацаа хэрэгтэй. Хүчин чармайлт ч бас шаардлагатай. Би таныг ятгамаар байна. Бурханы энэ төлөөс танд үнэхээр хэрэгтэй гэж та бодож байгаа бол боломжийг бүү алдаарай. Энэ бол бэлэг!
Би одоо залбирах болно. Залбирал нь нүдээ аньж, эсвэл толгойгоо бөхийлгөж, гараа хавсрах, эсвэл “Халлелүяа” гэж хашхирснаар хийгддэг зүйл биш. Энэ бол ердөө таны зүрх сэтгэлийн хандлага. Өөрөөр хэлбэл “Бурхан минь, би хууль зөрчжээ. Би Танаас нүүр буруулсан байна. Харин одоо би Таны төлөөсийг хүлээж авахаар эргэж ирлээ” гэсэн үг. Хэрвээ танд энэхүү бэлэг үнэхээр хэрэгтэй гэж бодож байгаа бол ингэж залбираарай. “Эзэн Есүс ээ, Та надад хэрэгтэй байна. Миний төлөө загалмай дээр нас барсанд тань баярлалаа. Та миний амьдралд орж ирээч. Намайг сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг нэгэн болгоорой. Амен.”
Хэрвээ та Бурханд хандан, энэ үгийг чин сэтгэлээсээ л хэлсэн бол хамгийн аугаа Нэгэнтэй харилцаа тогтоолоо. Энэ нь нэг залбираад л дуусчихдаг зүйл биш. Бурхантай харилцах нь цаашид үргэлжлэх үйл явц юм. Энэ нь өдөр бүр Бурханд итгэж, өөрийн хүссэн, тааламжтай санагдсан зүйлсээ заавал хийхийн оронд Тэр таныг юу хийгээсэй гэж хүсэж байна? түүнийг нь хийхийг хэлж байгаа юм. Хүмүүс надад “Христ итгэл чинь чамд ашиг тусаа өгч байгаа бол сайн хэрэг. Гэхдээ бусад шашнууд ч гэсэн хүмүүсийн төлөө байдаг биз дээ?” гэдэг. Сайн асуулт. Хэдийгээр бусад шашнуудад үнэний хувь байдаг ч Бурхан Өөрт нь хүрэх ганц л замыг өгсөн гэдэгт би итгэдэг. Энэ бол загалмай дээрх Есүсийн үхлээр нээгдсэн зам. Шашнууд ерөнхийдөө хуульчлагдсан байдаг -- “Чи үүнийг өдөрт долоон удаа хийвэл Бурханд (эсвэл гэгээрэлд) арай ойртох болно” гэх жишээтэй. Хэрэв та ингэж Бурханд хүрнэ гэж бодож байгаа бол хэр зэрэг их зүтгэл шаардлагатай бол? Түүнд хүрснээ чухам хэзээ мэдэх вэ?
Христэд итгэгч нь Бурханы нигүүлслийн ачаар л Түүнд хүрдэг гэж би боддог. Бид Бурханы төгс байдалд хүрч чадахгүйгээ мэдсэнээр Түүний нигүүлсэлд найддаг. Бид олон удаа алдах байлаа ч хамгийн гол нь Түүнтэй хамт алхсаар байх нь чухал. Та алдсан ч урагшил, Бурханы нигүүлсэлд итгэсээр бай. Залбир. Библи унш. Бурханы танд хандсан хүслийг олж мэд. Нэг л өдөр танд амар тайван ирэх болно. Одоо таны сэтгэл тайван бус байж болно оо. Гэвч та тэнгэрийн улсад очих үед мөнхөд амар амгалан байх болно.
Хэрэв танд Стивтэй адил гемофилиа, элэгний С вирус, ХДХВ-ийн халдварын шинж тэмдэг илэрсэн эсвэл танд амьдралын өөр бусад асуудлууд байгаа бол Стивийн хуваалцахыг хүсэж байсан зүйлийн өөр нэг тайлбарыг үзээрэй. Бурханыг хувьчлан таньж мэдэх нь…
Стив Соер Элэгний С вирусийн улмаас элэгний дутагдлаар 1999 оны 3-р сарын 13-нд нас барсан. Есүсийг хүлээн авахад тань Стивийн амьдралын түүх урам зориг өгөх байх аа. Стив амьдралынхаа сүүлийн өдрүүдэд “Дахиад ганцхан их сургууль” дээр яриа хийчих юмсан хэмээн хэлж байжээ. Яагаад? “Христтэй харилцаатай байх боломжтойг бусдад ойлгуулахын тулд би эдгээр үхлийн өвчнөөр өвдөх ёстой байсан юм бол ганц хүний төлөө байсан ч надад харамсах зүйл байхгүй. Хамгийн чухал нь мөнх амь” хэмээн хэлж байжээ.
Бид Есүсийг хүлээн авснаар мөнхийн амьтай болдог. Бид сайн үйлс бүтээснээр тэнгэрийн оронд очихгүй. Мөнх амь бол Есүст итгэсэн хүмүүст өгдөг бэлэг юм.
Библид:
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.” Иохан 3:16
“Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин Эзэн бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” Исаиа 53:6
“Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив.” Иохан 5:24
“Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?” 1 Коринт 15:55
“Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэхүү амь нь Түүний Хүүгийн дотор байна. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй. Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.” 1 Иохан 5:11-13
Зүүлт: (1) ХДХВ: Энэ нь хүний дархлалын системийг устгадаг вирус бөгөөд улмаар ДОХ- оор өвчлөх шалтгаан болдог. Уг вирус нь дархлааны амин чухал нэгж болох цусны цагаан бөөмсийг устгадаг төдийгүй хүн ямар ч дархлаагүй болж, өвчин үүсгэгч вирусийг эсэргүүцэх чадваргүй болдог байна.
(2) Хемофили буюу цус шүүрэх өвчний үед цусны бүлэгнэх чадвар их мууддаг. Хөнгөн шархдах үед ч цус тогтохгүй уддаг байна. https://www.mongolnews.mn/unuudur.php?n=8752
(3) Monty Python's In Search of the Holy Grail
Photos by Guy Gerrard and Tom Mills © Worldwide Challenge