Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Геройноос гарах зам

“Дахиад жаахныг хэрэглэчихвэл хүч орно, би яах ч үгүй” гэж та бодож байгаа байх. Яагаад хүч ордоггүй талаар, харин оронд нь юу болдог талаар хуваалцсан нэгний түүх...

Тэд Н.

Хар тамхинд донтсон хүний амьдрал яг л хэд хэдэн салангид үзэгдлүүдийн эвлүүлэг мэт байдаг. Тэр нэгэн шөнө би жолоо бариад явж байх үедээ толинд туссан түгшүүртэй улаан цэнхэр гэрлийг анзаарав. Би машиныхаа хурдыг 95 миллээс сааруулж зогсоонгоо усанд орохдоо өмсдөг нөмрөг, ногоон өнгийн унтлагын өмдтэй явж байгаагаа мэдэв. Тэрхэн зуур өнгөрсөн хэдхэн цагийн дотор хичнээн их архи ууснаа тоолох гэж оролдохдоо халаасанд минь хагас тун геройн байгааг мөн машин дотор минь хэлэхээс ч ичмээр янз бүрийн зүйлс ундуй сундуй хэвтэж байгааг санав.

Цэнхэр дүрэмт хувцастай эр машины маань цонхыг хуруугаараа чангахан нүдлээ. Би дутуу татсан тамхиа шалчийлгасан ундааны лааз уруу чихээд цонхоо доошлуулав. Би түүнд ямар ч нууцаа хэлээгүй. Тэр миний унтлагын хувцасны талаар, шөнө цаг орой болсон байгаа талаар эсвэл чичирч байгаа гарны минь талаар юу ч хэлсэнгүй. Тэр надад замын энэ хэсэгт буга зам уруу их орж ирдэг талаар анхааруулсан юм. Тэр миний хурдтай явсныг уучилж надад ямар ч торгуулийн хуудас бичилгүйгээр машин уруугаа эргээд алхлаа. Би согтуу гэхээсээ илүү ядарсан харагдсан байх. Миний хувьд их хэмжээний брэнди уусан ч гаднаа огтхон ч согтуу гэж харагдахгүй байх чадвартай болчихсон байв. Үнэндээ маш их ууж гүн согтсон үедээ л өөрийгөө хэвийн байна гэж мэдэрдэг болчихсон байсан юм. Түүнийг буцаад явах үед би тайван байсан бөгөөд машинаа асаан цааш явах үед аль хэдийн сэтгэлээр унаад эхэлчихсэн байлаа.

Донтолт юутай ижил вэ? Тусгаарлагдмал байдал.

Би өөрийгөө өмөөрөх, өөрийгөө үзэн ядахын аль алийг нь мэдэрдэг байв. Ганцаараа удаан байвал юу хийчихсэн байх бол гэхээс би өөрөөсөө айдаг байсан. Би нэг бус удаа гал тогоондоо халбага сэрээ хийдэг шургуулгыг нээгээд гартаа хурц ирцтэй хутга барьчихсан, үзүүрийг нь хүзүү рүүгээ чиглүүлээд зогсож байсан. Тэр үедээ би ямар ч хамаагүй ямар нэг зүйл мэдрэхийг хүсэж, үхэхийг хүсэж байсан боловч, сэтгэлийн угтаа бол зөвхөн амьдрахыг л хүсэж байсан юм. Маргааш өглөө нь сэрэхдээ би уйлсаар байгаад унтаж орхисон том залууг, сэтгэл нь эмтэрсэн, айсан, хүлэгдсэн мөн асар их ганцаардсан байдалтай гал тогооныхоо шалан дээр хэвтэж байгааг олж мэддэг.

Хэсэг хугацаанд би үдэшлэг хэсэж үзсэн. Олон хүнтэй өрөөнд орох хүртлээ үргэлж өөдрөг мэдрэмжтэй байдаг ч хэсэг хугацааны дараа уулзахыг хүсдэггүй зарим хүмүүсээ олж хардаг. Хүмүүстэй тийм ч амар учраа ололцож чаддаггүй миний хувьд хүчээр хүмүүстэй ярина гэдэг нь үнэхээр ядаргаатай хэрэг байв. Би тэнд санаа зовсон царай гаргаж арван минут хэртэй тэсэж байгаад тамхи татах гэж буй мэт дүр эсгэн гармагцаа машиндаа суугаад яваад өгдөг байсан. Эхний хэдэн жил нь найзууд маань залгаад намайг хаашаа явчихсаныг асуудаг байсан боловч яваандаа хүмүүс утасдахаа ч больсон.

Кинон дээр хүмүүс айлын орон дээр эсвэл танихгүй буйдан дээр сэрээд яаж тэнд ирснээ ойлгохгүй байгааг харах инээдтэй байдаг. Танихгүй байрны гадаах машины зогсоол дээр, машин дотроо жолоочийн суудалд сэрснээ санахад надад огтхон ч хөгжилтэй биш байсан. Толботой хивс дэвссэн шалан дээрээс босож гэр рүүгээ хэрхэн буцаж явах замаа олохгүй будилж байхдаа би огтхон ч инээмсэглэж байгаагүй.

Би гэртээ суугаад тамхи татах, архи уух эсвэл гудамжны буланд очиж мансууруулах бодис хэрэглэхийг илүүд үздэг байсан. Энэ нь илүү аюулгүй мэт санагддаг байсан. Хэрвээ би хэн нэгнийг алчихсан байвал түүндээ лав гайхахгүй байх байсан. Тиймээс би эцэст нь хэзээ ч гадагшаа гарахгүй байхаар шийдсэн юм. Хаалгануудаа түгжээд хөшгөө хаагаад хэдэн өдрөөр ч хамаагүй байдаг боллоо. Бүрэн тусгаарлагдана гэдэг бол бүр мөсөн галзуурах зам гэдэг нь ойлгомжтой.

Донтолтын үндэс нь юу вэ?

Хар тамхинд донтогч эсвэл архины хамааралтай хүнтэй (миний бодлоор тэд ямар ч ялгаагүй) ярилцана гэдэг нь яг л балчир хүүхэдтэй ярих мэт байдаг. Бие махбодийн хувьд бүх талаараа том хүн мэт харагдах ч оюун санааны хувьд төлөвшил нь саатсан байдаг. Би амьдралын гуниг зовлон ба Бурхан ямар харгис хэрцгий талаар уртаас урт чин сэтгэлийн лекц унших дуртай байв. Яриа маань уртсаж, гунигтай болох тусам намайг сонсдог хүний тоо ч багассан.

Шөнө бол миний тайвширдаг газар байсан, миний мэдэхгүй тэр нэг зүйлээс намайг чөлөөлж чадах юм шиг санагдсан юуг ч хамаагүй би ховдоглон залгилж, хамраараа сорж, татаж биедээ шахахаа энэ үед завсарладаг байв. Нэгэн цагт би зорилготойгоор архи ууж, хар тамхи хэрэглэдэг байсан. Энэ нь эрх чөлөө, тодорхой байдал, амар тайван болон сэтгэл хөөрөл авчирдаг байсан. Харин асуудлаа шийдэхээр сонгосон энэхүү шийдэл маань хэзээ ингээд өөрөө асуудал болоод хувирчих нь энэ вэ? Асуудлаасаа зугтахаар сонгосон арга маань хачирхалтайгаар миний шорон болж орхив.

Геройны нөлөө

Би Бурхан уруу хандан уйлж, гуйж намайг авраач хэмээн уурлан хашхирдаг байсан. Шөнө болгон өглөө болно гэхээс айдас төрж, би дахиад нэг өдөр ч амьдарч чадахгүй гэдэгтээ итгэлтэй байдаг байсан. Бүх зүйлээс би цочдог байсан. Утасны хонх, хаалга тогших, сургуулийн, ажлын хүмүүс гээд замд таарсан бүх хүнээс, тэр дундаа өөрөөсөө бүр ч их цочдог байлаа. Би юу хийх гэж байгаагаа хэзээ ч мэдэж байгаагүй. Талхан дээр цөцгийн тос түрхэж байх үедээ ч хоолойгоо хэрчих хүсэлтэйгээ тэмцдэг байсан. Гүүрэн дээгүүр машинтайгаа явах үедээ жолоогоо хажуу тийш дарж хашлага дээгүүр давж унах хүсэл төрдөг байсан. Өдрийн хамгийн эхний хундагыг машиндаа суухын өмнө татдаг байсан бөгөөд дахиад бас ууна гэдгээ ч мэддэг байсан.

Би үхэхийг хүсдэг байсан ч, тэгвэл оршуулга маань маш гунигтай байх болно гэж боддог байсан. Хэн ч гайхахгүй байсан байх. Хүмүүс миний хийж бүтээсэн зүйл гэхээс илүү юу хийж чадах байсан талаар л ярих болно. Эцэг эх минь өөрсдийгөө буруутгаж, ичгүүр ба харуусал дунд амьдрах болно. Дүү нар маань инээмсэглэхээ больж гэнэн хонгор зангаа гээцгээнэ. Миний талаарх дурсамж тэдэнд хүнд ачаа болно. Асуудлыг шийдэх цаг болжээ.

Эмчилгээнд хамрагдах нь

Эмчилгээний өрөөнд суугаад энэ тодорхойгүй замд хийх дараагийн алхмуудаа бодож үзэн, амьдралынхаа өнгөрсөн арван жилийн талаар юу гэж бодохоо мэдэхгүй гайхшран сууснаа би санадаг. Эдгээр жилүүд бүхэлдээ дэмий үрэгдсэн гэж үү? Энэ бүх гэмтэл шархыг би яах ёстой вэ? Ийм өнгөрснийг тээгээд би яаж урагш алхаж, яаж өнгөрснөө ардаа үлдээх вэ?

Бурхан яасан бэ? Би үнэхээр хаягдсан, ганцаардсан байх тэр үед Бурхан хаана байсан бэ? Маш их уусны дараа, зөндөө их мансуурчхаад машинаа бариад гэр уруугаа явах үед Тэр хамт байсан уу? Өөрөө ч мэдэхгүй газарт сэрэх үед маань тэр хамт байсан уу? Үүрийн дөрвөн цагт халуун усны нөөцлүүр далан уруу авирч гараад бүх хүмүүс явсны дараа ухаан алдан унаад дараа нь сэрэхдээ үс минь нойтон боловч ойр хавьд ямар ч аврагч байхгүйг мэдсэн тэр үед Тэр надтай хамт байсан нь гарцаагүй.

Хэрвээ би Түүний эдгээр оролцоонуудыг тэр үед ухаарсан бол яагаад? гэж гайхах байсан байх? Намайг аврах ямар үнэ цэнэ надад байгаа юм бэ? Би энэ дэлхийд ямар ч нэмэр болох зүйл хийгээгүй байхад Бурхан яагаад надад санаа тавина гэж?

Эмчилгээний үед зөвхөн өөрөө хүсэж зорих нь хангалтгүй

Хоёр сар эмчилгээ хийлгээд ямар ч ахиц дэвшил гараагүй тул би өмнө нь хэзээ ч тийм байгаагүйгээр их сэтгэлээр унасан. Би хэдий архи ууж, мансууралгүй 60 хоног болсон боловч мансууруулах бодисоос хамааралтай хэвээрээ л байв. Бусад хүмүүстэй адил болж чадна гэдэг баталгаа надад байгаагүй. Би уудаг байх үедээ ядаж л амьдралын энэ их хүлээлт найдлагуудаас чөлөөлөгдөх арга байгаа гэж боддог байсан юм. Харин одоо би маш эмзэг хэврэг болчихсон. Шилэн дотор хийсэн эсвэл эсвэл шүүгээн дээр нарийхан зураас мэт асгасан асуудлын шийдлүүд минь миний өмнө алга.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд би маш олон удаа цөхрөнгөө барж өвдөг дээрээ сөхөрч, “Бурхан минь НАДАД ТУСЛААЧ” хэмээн гашуунаар хашхирч байсан. Би авралыг хүсч байсан. Бурханаас үүнийг засаж залруулж өгөхийг хүсэж байсан. Гэвч би хүсэл зоригоо Бурханд огтхон ч захируулж байсангүй. Гэхдээ эцэст нь тэр нэг шөнө, өрөөндөө ганцаараа байх үедээ би шударга байхыг хүссэн бөгөөд Бурхантай нүүр тулахаар шийдсэн. Би түүнд чин сэтгэлээсээ өөрчлөгдөхийг хүсч, донтолтын асуудлаа Түүнд даатган, үүний тулд алхам хийхэд бэлэн байгаагаа хэлсэн юм. Тэр шөнө би тайван унтаж чадсан. Энэ бол миний мэдэрсэн хамгийн анхны эрх чөлөөний амт байлаа.

Тэр шөнийн залбирал болон бусад залбирлуудын хоорондын ялгаа нь итгэл гэсэн чухал бөгөөд хүчирхэг ганц үг юм. Донтолтынхоо хамгийн хүнд өдрүүдэд ч гэсэн намайг энэ ачаанаас Бурхан л салгаж чадна гэдэгт би тодорхой хэмжээгээр итгэдэг байсан. Гэсэн хэдий ч би бүхнийг өөрийнхөөрөө хийхийг илүүд үзсэн. Би өмнө нь хэзээ ч асуудлаа Бурханд өргөдөггүй, би юу хийх ёстой талаар мэргэн ухаан, удирдамж ч асуудаггүй байсан. Энэ үед л би анх удаа “За яахав нэгэнт би үүнийг чадахгүй гэдгийг өнгөрсөн түүх баталж байгаа учраас Бурхан үүнд санаа тавих юм байна” гэж баттай ойлгосон юм.

Хүмүүс донтолтыг өөрийн хүсэл зориг/сэтгэлийн тэнхээгээр давж гарч чадна гэж боддог. Миний донтолт бол өөрийн биеийг хүчирхийлж буй хэрэг гэдгийг би мэдэж байсан ч амьдралаа архигүй, мансууруулах бодисгүйгээр төсөөлж чадахгүй байлаа. Энэ нь надад занга болж байсан ч миний цорын ганц найз бас миний цорын ганц амьдрах арга маань байсан юм. Яг ийм мухардмал байдал дунд хичнээн өөрөө хүссэн ч үүнийг хийх боломжгүй юм. Хэрвээ би өөрийнхөө энэ их мухардмал байдлыг тодорхой мэдэхгүй байгаа бол үүнийг даван гарах талаар бодоод ч хэрэггүй биз. Бурхан байгаа учир Бурханд талархъя.

Донтолтоос илүү хүчтэй зүйл бий юу?

Донтолт бол овжин, хайр найргүй, хөдөлшгүй хүчтэй мэт санагддаг ч үүнийг Бурхантай нэг дэвжээн дээр гаргавал тэр үнэндээ юу ч биш юм. Донтолтын эсрэг тэмцэлд маань өөрийн хүсэл тэмүүлэл, хүний хүчин чармайлт хангалтгүй байсан боловч Бурханы хүч хязгааргүй юм. Донтолт бол Сатаны дуртай зэвсгүүдийн нэг гэдэгт би эргэлздэггүй. Учир нь энэ өвчин яг л чөтгөрт эзэмдүүлсэн мэт аймшигтай байдаг. Донтолтоос ангижирна гэдэг бол жинхэнэ сүнслэг тулаан юм.

Миний эдгэрлийн хөтөлбөр маш энгийн. Надад сайхан санагдах эсэхээс үл хамааран Бурханыг эрэн хайх.

Элч Паулын Есүс дагалдагч нөхдөдөө бичсэн үгсийг (Библи дээр) дагахыг би хичээдэг: "эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ ажил хэрэг болго. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно."1 Хамраараа өвс сорох тухай бодолд автаж байснаас эдгээр зүйлсийн талаар бодолд автах би дуртай.

Донтолтоос би юу олж авсан бэ?

Миний ой гутам өнгөрсөн амьдрал миний хувьд үнэхээр ямар ч үнэ цэнэгүй болж хувирсан. Одоо би бусдыг надтай ижил эдгэрэл, чөлөөлөлтийг олж авч, үүнийгээ хадгалж үлдэхэд нь туслах үүрэгтэй. Бидний туулсан зүйлс ижил байгаа нь биднийг холбож өгдөг. Долоо хоног бүр эдгэрлийн замыг хайсан, яаж гарахаа мэдэхгүй байгаа шинэ хүмүүс, надад тэдний өнгөрсөн түүх хэрхэн гарыг нь дахин нэг хундага аягал эсвэл дахин нэг тариур соруул хэмээн зовоож байгаа талаар ярьдаг. Тэд эргэлзэн байж өөрсдийн ичгүүрийн талаар надад хэлж нүд нь буруутгагдах вий гэсэн айдсаар дүүрэн байдаг. Тэд ярьж дуусаад толгой гудайн харц тулгарахаас зайлсхийцгээнэ. Би инээмсэглээд үнэн сэтгэлээсээ, "Тийм ээ, Би ч бас тэгж байсан." гэж хэлдэг. Тэр даруй тэдний ичгүүр, өөрсдийгөө бусдаас өөр гэж бодож байсан дарамт хийсэн арилдаг. Тэгээд би тэдэнд одоо миний хувьд бүх зүйл өөр болсон талаар ярьж өгнө. Танд, таны төлөө гайхамшиг үйлдэх нэг өөр, харин өөр хэн нэгний амьдралд хийгдэх гайхамшигт сайн дураараа оролцоно гэдэг бол ер бусын онцгой завшаан билээ.

Ямар ч хууль дүрэмгүй, хэрэггүй архичин, бүх талаараа бүтэлгүйтсэн нэгэн яаж Бурханы ажилтан болж чадсан юм бол? Хэдхэн жилийн өмнө энэ дэлхий надгүйгээр илүү дээр байна гэдэгт баттай итгэж байсан хүн яаж өнөөдөр Бурханы ажлыг хийх болов? Үнэндээ надад үүнд өгөх хариулт байхгүй. Учир нь Бурхан миний ойлгож чадахгүй арга замаар ажилладаг. Инээдэмтэй нь, Тэр хамгийн адгийн нэгнийг Өөрийн багаж хэрэгсэл болгон ашигладаг юм шиг надад санагддаг. Хэрвээ тийм бол би үүнийг ойлгох гэж нэг их цаг зарцуулах шаардлагагүй гэсэн үг.

Бурханд бууж өгч, эрүүл ухаанаа олж авахын төлөө хичээнгүйлэн зүтгэснээс хойш зургаан сарын дотор би сургуульдаа дахин явж, удалгүй төгсөх үедээ сурлагын амжилтаараа шагнал авсан нь миний мөрөөдөж ч байгаагүй амжилт байсан юм. Өвдөг дээрээ сөхрөн унаж, ямар ч найдваргүй мэт санагдаж байсан тэр шөнөөс хойш гурван жил гаруй өнгөрчээ. Миний амьдрал "зүгээр" биш харин ер бусын байна. Энэ нь би сая сая доллартай, алдар хүндтэй, хүн бүр намайг агуу гэж боддог эсвэл энэ дэлхий дээр надад хийж чадахгүй зүйл нэг ч байхгүй болсон гэсэн үг биш юм. Харин миний хэлэх гэсэн зүйл бол би өглөө бүр өөрийн хүслээ Бурханд өргөж Түүний хүсэлд нээлттэй байн, намайг ашиглан ажлаа хийгээч гэж Түүнээс гуйдаг бөгөөд Тэр ийм залбирлыг хэзээ ч хоосон буцаадаггүй. Би боломжуудад сэргэг хандвал тэдгээр нь бараг булан тохой бүрд байж байдаг. Би Бурханы тухай нэг зүйлийг мэднэ. Тэр хамгийн аймшигтай нөхцөл байдлыг ч гайхамшигтай зүйл болгон дахин бүтээж чаддаг билээ.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP