Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Тэнгэрлэг нэгэнтэй холбогдох нь

Дэлхийн томоохон шашнууд ба тэдгээрийн Бурханы талаарх үзэл баримтлалын тухай. Хинди, Буддизм, Лал, Христ итгэл, ба Шинэ үе...

Мэрилин Адамсон

Бид бүгд л энэ тал дээр амжилттай амьдрахыг хүсдэг бөгөөд зарим маань л би үүнийг зөв хийж чадсан гэж боддог. Тэгэхээр дэлхийн томоохон шашнууд гэж юу вэ? Бидний амьдралд илүү агуу утга учир, илүү зөв чиглэлийг зааж өгч чадах ямар нэг зүйл тэдгээрт байна уу?

Хинди, Шинэ үе, Буддизм, Лал ба Христ итгэлийн талаар бид доор авч үзлээ.* Тус бүрийн товч тодорхойлолт, Бурханы талаарх үзэл баримтлал, тухайн шашин хүнд ямар ашиг тустай байж болохыг энд багтаасан. Төгсгөлд нь Есүсийн сургаалууд эдгээр томоохон шашнуудаас ямар ялгаатайг тайлбарласан.

*Эдгээр шашин тус бүр нь дотроо итгэл үнэмшлийн хувьд ялгаатай өөр өөр урсгал чиглэлүүдтэй. Энд дурдагдсан тодорхойлолт нь тухайн шашны үндсэн гол итгэл үнэмшлийг онцолсон. Иудейн шашин зэрэг томоохон шашнуудын талаар авч үзэж болох ч товчхон байх үүднээс бид эдгээрийг сонгосон болно.

Хинди шашин ба түүний үзэл баримтлал

Ихэнх Хиндичүүд хязгааргүй олон дүр төрх бүхий эрэгтэй, эмэгтэй бурхдаар дамжуулан туйлын нэгдмэл (Брахман) нэг Оршихуйд мөргөдөг. Эдгээр олон төрлийн бурхад нь янз бүрийн шүтээнүүд, сүм дуган, гуру нар болон амьтад зэрэг дүр төрхтэй байна.

Энэ амьдралд тэдэнд буй эд хөрөнгө нь өмнөх амьдралдаа үйлдсэн үйлийн үрээс болж тогтоогддог гэж Хинди шашинтнууд итгэдэг. Хинди шашин үүгээрээ энэ амьдралд тохиолдож буй бузар муу, өвчин шаналлын талаар байж болох таамаг тайлбарыг хүмүүст өгдөг аж. Хэрвээ тэр хүний өмнөх амьдралын хэв маяг бузар муу байсан бол тэд энэ амьдралдаа асар их хэмжээний зовлон бэрхшээл туулах нь зохистой ч байж болох юм. Өвдөлт, өвчин, ядуурал болон үер гэх мэт гамшиг хүнд тохиолдож буй нь өөрийнх нь урьд насандаа хийсэн муу үйлээс болсон тул үүнийг амсах нь зүй ёсны хэрэг гэж үздэг.

Хинди шашны зорилго бол кармагийн хуулиас чөлөөлөгдөх буюу хөврөн үргэлжлэх дахин төрөлтөөс ангижрах явдал юм. Хэзээ нэгэн цагт энэхүү тасралтгүй үргэлжлэх тойргоос гарч, амралтыг олж чадах нь сэтгэл учраас сэтгэл л чухал гэж үздэг.

Ямар арга замаар сүнслэг төгөлдөршилд хүрэхээ сонгох эрхийг Хинди шашин хувь хүнд өөрт нь үлдээдэг. Энэхүү кармагийн тойргийг төгсгөх гурван боломжит арга бий гэж үзнэ. Үүнд: 1. Хинди шашны бурхдын аль нэгийг нь хайрлаж, түүнд өөрийгөө бүрэн зориулах; 2. Брахманы (нэгдмэл нэг байдал) талаар бясалгаснаар энэ амьдралд буй нөхцөл байдал бодит бус, амин хувиа хичээх нь хоосон төөрөгдөл, харин зөвхөн Брахман л цор ганц бодитой гэдгийг ухаарахын тулд мэдлэгээр өсөх; 3. Янз бүрийн шашны үйл ажиллагаа, дэг жаягуудад үнэнч, идэвхтэй байх.

Шинэ үе ба үүний үзэл баримтлал

Шинэ үе нь хүний өөрийнх нь эрх мэдэл буюу хүн өөрөө бурхан болно гэдэг үзлийг хөгжүүлэхийг дэмждэг шашин юм. Шинэ үеийг дагагчийн хувьд бурхан гэдэг нь ер бусын, орчлонг бүтээсэн хувь мөн чанартай Бурхан бус харин өөрсдийнх нь дотор буй илүү өндөр ухамсар байдаг. Шинэ үед итгэдэг хүн өөрийгөө бурхан, огторгуй, ертөнц гэж итгэдэг. Цаашлаад тухайн хүний харж, сонсож, мэдэрч, төсөөлж байгаа бүх зүйлсийг ариун, тэнгэрлэг гэж тооцдог.

Маш олон ургалч үзлийг шингээсэн Шинэ үе хөдөлгөөн нь өөрийгөө эртний олон янзын сүнслэг зан заншлуудын цуглуулга хэмээн танилцуулдаг. Хинди шашинтай адил олон тооны эрэгтэй, эмэгтэй бурхдыг хүлээн зөвшөөрдөг. Дэлхийг бүх сүнслэг биесийн эх сурвалж гэж тооцдог бөгөөд энэ нь өөрийн гэсэн ухаан, сэтгэл хөдлөл ба бурханлаг мөн чанартай гэж үзнэ. Гэвч хүн өөрөө энэ бүхнээс илүү эрхэм дээд нэгэн гэж үздэг. Хүн өөрөө эхлүүлэгч, хянагч бөгөөд бүхнийг захирагч. Хүний шийдвэр, тооцооллоос гадуур бодит байдал гэж үгүй хэмээдэг байна.

Мөн Шинэ үе нь янз бүрийн ухамсрын түвшнүүдэд хүрч, өөрийн бурханлаг мөн чанарыг хөгжүүлэхэд нь зориулж асар олон төрлийн дорнын шид тарни ба сүнслэг дэг жаяг, амьсгалах урлаг, маань унших, хэнгэрэг нүдэх,бясалгах зэрэг метафизикийн болон физикийн техникүүдийг хүмүүст заадаг.

Хүний амсаж туулж буй аливаа сөрөг бүхнийг (уналт бүтэлгүйтэл, гашуудал, уур, хувиа хичээх байдал, шарх гм) хуурамч хоосон гэж тооцох аж. Хүн өөрийн амьдралыг удирдан чиглүүлэх бүрэн эрх мэдэлтэй бөгөөд тэдний амьдралд ямар ч буруу, сөрөг, өвдөж шаналах зүйл байхгүй гэж тэд итгэдэг. Хүн сүнсний хувьд хөгжсөөр яваандаа ямар ч объектив, гадаад бодит байдал үгүй болох хэмжээнд хүрнэ. Бурхан болж хөгжсөнөөр хүн өөрийн гэсэн бодит байдлыг бий болгодог гэж тэд үздэг.

Буддын шашин ба түүний үзэл баримтлал

Буддын шашинтнууд ямар нэг Бурхан эсвэл бурхдад мөргөдөггүй. Буддын шашныг сайн мэддэггүй гаднын хүмүүс ихэвчлэн тэднийг Буддад мөргөдөг гэж боддог. Будда (Сидхарта Гватама) хэзээ ч өөрийгөө бурхан гэж батлаагүй боловч буддын шашинтнууд түүнийг өөрсдийнх нь олж авахыг хүсэж буй зүйл болох сүнсний гэгээрлийг олж авч чадсан нэгэн гэж хардаг. Мөн түүнийг үхэл, амьдралын тасралтгүй үргэлжлэх тойргоос чөлөөлөгдөж чадсан нэгэн хэмээн тэд итгэдэг. Ихэнх буддистууд хүн тоо томшгүй олон удаа дахин төрдөг бөгөөд ингэх бүртээ заавал зовлон туулах ёстой байдаг гэж итгэдэг. Буддистууд энэ дахин төрөх циклийг төгсгөх замыг хайдаг. Хүний шунал, атаа хорсол, хууран мэхлэл нь эдгээр дахин төрөлтүүдийн шалтгаан гэж тэд үздэг. Тиймээс зүрх сэтгэлээ ариусган, аливаа хүсэл тачаал, өөрийнхийг эрсэн хүслүүдээ орхих нь буддын шашинтнуудын гол зорилго юм.

Буддын шашинтнууд олон тооны шашны зарчмуудыг дагаж мөрддөг бөгөөд бясалгалд маш их цаг зориулдаг. Буддын сүсэгтнүүдийн хувьд бясалгана гэдэг нь бурханд хандан залбирах юм уу түүнд анхаарлаа хандуулна гэсэн үг биш юм. Энэ нь харин илүү хувь хүний сахилга батыг төлөвшүүлэхэд чиглэнэ. Бясалгал үйлдсэнээр хүн Нирваан дүрийг олох буюу хүсэл тачаалын дөлийг “бүрэн унтраах” боломжтой гэж үзнэ.

Буддизм нь ихэнх томоохон шашнуудын хувьд үнэн гэж хүлээн зөвшөөрдөг үзэл баримтлалуудыг дагадаг. Жишээ нь: сахилга баттай байдал, үнэт зүйлс, хувь хүний амьдрах зам мөр зэрэг...

Лалын шашин ба түүний үзэл баримтлал

Лалын шашинтнууд хүн төрөлхтнөөс илүү дээд эрх мэдэлтэй, давуу хүч чадалтай, цорын ганц агуу хүчирхэг Аллах Бурхан байдаг гэдэгт итгэдэг. Аллах бол орчлонг бүтээсэн бөгөөд бүх сайн ба бузар муугийн эхлэл гэж үздэг. Болж буй бүхэн нь Аллахын хүсэл юм. Тэр бол хүчирхэг, шударга шүүгч бөгөөд өөрт нь итгэгчдэд амьдралдаа хийсэн сайн үйлсийнх нь дагуу болон шашиндаа зориулах зориулалтаас нь хамааран өршөөл нигүүлсэл үзүүлдэг. Аллахын дагалдагчид Аллахтай түүний зарцын байр сууринаас харилцдаг.

Лалын шашинтнууд хэд хэдэн эш үзүүлэгчдийг хүндэтгэн дээдэлдэг боловч Мухамедыг сүүлчийн эш үзүүлэгч бөгөөд түүний хэлсэн үг ба амьдралын хэв маяг нь хүнийг удирдан чиглүүлэх дээд эрх мэдэл болно гэж үздэг. Лалын шашинтан байхын тулд тухайн хүн шашны таван зарчмыг дагаж мөрдөх ёстой байдаг. Үүнд: 1. Аллах ба Мухамедын талаар итгэлийн тунхгийг байнга давтан хэлэх, 2. Тодорхой залбирлуудыг Араб хэл дээр өдөр бүр таван удаа хэлэх, 3. Ядуу хүмүүст өгөх, 4. Жил бүр нэг сарын турш нар мандахаас нар жаргах хооронд хоол, уух зүйлс, бэлгийн харилцаа, тамхи зэргээс татгалзаж мацаг барих, 5. Амьдралынхаа туршид нэг удаа Мека дахь бунхан уруу даяанчлан очиж мөргөх гэсэн таван зүйл орно. Эдгээр зарчмуудад үнэнч, итгэмжтэй байснаар нас барах үедээ Диваажинд очно гэж лалын шашинтууд итгэдэг. Хэрвээ тийм байж чадахгүй бол тэд тамд мөнхөд шийтгэгдэх болно.

Олон хүмүүсийн шашин ба бурхнаас хүсдэг зүйлсийг нь лалын шашин хангаж чаддаг. Бүхний дээр оршигч нэг бурхан байдаг бөгөөд түүнд мөргөдөг хүмүүс сайныг үйлдэж, шашны дэг жаягуудыг дагадаг байх ёстой гэж Лалын шашин заадаг. Шашиндаа хэр үнэнч байснаасаа хамаарч нас барсныхаа дараа шагнал эсвэл шийтгэл хүртэнэ. Лалын шашинтнууд Аллахын төлөө амиа өргөх нь Диваажинд гарцаагүй аваачих зам мөн гэж итгэдэг.

Христ итгэл ба үүний үзэл баримтлал

Христэд итгэгч нар Өөрийгөө хүмүүст илчлэн таниулсан, мөн хүмүүс энэ амьдралынхаа туршид Түүнтэй хувьчлан таньж мэдэх боломжтой, хайрын Бурханд итгэдэг. Есүс Христтэй холбоо тогтоосон хүний гол зорилго нь шашны дэг жаягуудыг гүйцэлдүүлэх эсвэл сайн үйлс хийхэд бус харин Бурхантай харилцаатай амьдрахын сайн сайхныг амсаж үзэн, Бурханыг илүү гүнзгий таньж мэдэн, өсөж төлөвшихөд оршдог.

Есүс Христийн зөвхөн сургаалуудад төдийгүй, Түүнд өөрт нь итгэснээр Христэд итгэгч нар баяр хөөртэй, утга учиртай амьдарч чаддаг. Энэ дэлхий дээр амьдарч байх үедээ Есүс өөрийгөө Бурхан уруу дагуулах эш үзүүлэгч эсвэл гэгээрсэн багш гэж танилцуулаагүй. Харин Есүс өөрийгөө хүний биеэр ирсэн Бурхан гэж гэрчилсэн. Тэр гайхамшгуудыг үйлдэж, хүмүүсийн гэмийг уучилж, өөрт нь итгэсэн хэн боловч мөнх амьтай болно гэж хэлсэн юм. Тэрээр "Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав."1 гэсэн билээ.

Христэд итгэгч нар Библийг Бурханаас хүн төрөлхтөнд бичсэн захидал гэж үздэг. Энд Есүсийн амьдрал ба гайхамшгуудыг тэмдэглэж үлдээснээс гадна, Түүний мөн чанар, хайр, үнэн болон хүн хэрхэн түүнтэй харилцаатай болж болохыг бичсэн байдаг.

Христэд итгэгч нар амьдралдаа ямар ч нөхцөл байдлыг туулсан, тэднийг чин сэтгэлээсээ хайрладаг, мэргэн агаад хүчирхэг Бурхан уруу итгэлтэйгээр хандан тусламж гуйх боломжтой гэж Библид заадаг. Бурхан тэдний залбиралд хариулдаг бөгөөд Түүнийг алдаршуулан амьдрах үед амьдрал утга учиртай болдог гэдэгт тэд итгэдэг.

Эдгээр томоохон шашнууд нь хоорондоо ямар ялгаатай вэ?

Эдгээр томоохон итгэл үнэмшлүүд болон Бурханы талаарх тэдний үзэл бодлуудыг ажиглаад үзвэл тэнд асар том ялгаанууд байгааг олж харах боломжтой:

  • Хинди шашин тоо томшгүй олон эр, эм бурхдыг шүтдэг
  • Буддын шашинтнууд бурхан гэж байдаггүй гэдэг.
  • Шинэ үеийг дагагчид тэд өөрсдөө Бурхан мөн гэж итгэдэг.
  • Лалын шашинтнууд хүчирхэг боловч танин мэдэх боломжгүй Бурханд итгэдэг.
  • Христэд итгэгч нар хүмүүсийг хайрладаг бөгөөд харилцах боломжтой Бурханд итгэдэг.

Бүх шашнууд нэг ижил Бурханд мөргөж байна уу? Тэгвэл нэг зүйлийг бодоод үзье. Хүн бүр орчлонгийн ухамсрын төвд байх ёстой гэж Шинэ үе заадаг бол, ингэх нь Лалын шашинтнаас цор ганц Бурханаасаа татгалзахыг, Хиндичүүдийг олон бурхдаасаа урвахыг, Буддизмыг Бурхан байгаа гэж хүлээн зөвшөөрөхийг шаардана.

Дэлхийн томоохон шашнууд (Хинди, Шинэ үе, Буддын шашин, Лалын шашин, Есүс Христийг дагах) нь тус бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Эдгээрээс нэг нь л хүмүүсийг хайрладаг, хувьчлан харилцдаг, энэ дэлхий дээр амьдарч байх үедээ танин мэдэх боломжтой Бурхан байдаг гэж баталдаг. Хүмүүсийг Өөртэйгөө харилцаа тогтоогооч хэмээн урьдаг, бидний дэргэд ирж тайтгаруулж, зөвлөдөг, бидэнд хайртай хүчирхэг Бурханы талаар Есүс Христ л өгүүлсэн билээ.

Хинди шашны хувьд хүн өөрийн хүчээр кармагаас ангижрахыг хичээдэг. Шинэ үе хөдөлгөөний хувьд хүн өөрөө өөрийгөө бурхан болгохоор зүтгэдэг. Буддын шашинд хүн өөрөө шунал тачаалаасаа ангижрахыг оролддог. Харин Лалын шашны хувьд хүн нас барсныхаа дараа диваажинд очихын тулд шашны хуулиудыг дагаж мөрдөх ёстой байдаг. Харин Есүсийн сургаалд хүн Бурхантай хувьчлан харилцаа тогтоох ба энэ харилцаа нь ирэх амьдралд ч мөн үргэлжилдэг хэмээн заадаг.

Хүн энэ насандаа Бурхантай холбоо тогтоож болох уу?

Хариулт нь, тийм. Зөвхөн холбоо тогтоох төдийгүй, та Бурханаар бүрэн хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэдэх боломжтой.

Дэлхийн олон шашнууд хүн сүнсээр төгөлдөршихийн тулд өөрөө хичээж, зүтгэх ёстой хэмээн сургадаг.

Жишээлбэл, буддын шашин хэзээ ч хүн гэм зэмгүй гэж заагаагүй. Мухамед ч бас өөрт нь өршөөл, уучлал хэрэгтэй байсан гэдгийг өчсөн байдаг. "Хэчнээн ухаалаг, авьяаслаг, хэчнээн нөлөө бүхий эш үзүүлэгч, гуру, багш байснаас үл хамааран тэд яг л бидэнтэй ижил төгс бус хүмүүс байсан гэдгээ ухаарсан байжээ.”2

Харин Есүс Христ хэзээ ч хүнийг гэм нүглээс нь болж буруутгаагүй. Тэр ч бүү хэл Есүс тэдний гэм нүглийг уучилж байсан бөгөөд бидний гэмийг ч бас уучлахыг хүсдэг. Өөрсдийн алдаа зөрчлүүдийг, бусад хүмүүс мэдчихвэл биднийг дорд үзэж болзошгүй талбаруудыг, ийм зүйл байгаагүй байсан бол дээр байх сан гэж хүсдэг зүйлсээ бид бүгдээрээ мэднэ. Тэдгээр нь магадгүй донтолт, муухай зан авир, ариун бус байдал, үзэн яддаг дурсамж ч байж болох юм. Бурхан бидэнд хайртай боловч гэм нүглийг үзэн яддаг. Бидний гэм нүглийн үр төлөөс нь Түүнийг мэдэхээс тусгаарлагдах явдал гэж Тэр хэлсэн. Гэвч Тэр бидэнд уучлагдаж, Түүнийг таньж мэдэх замыг өгсөн. Бурханы Хүү Есүс хүний биеэр ирж бидний бүх гэм нүглийг өөртөө үүрч, загалмайн зовлонг эдэлж, бидний өмнөөс сайн дураараа өөрийн амиа өгсөн юм. Библид, "Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ.”3 гэж бичжээ.

Есүс бидний төлөө нас барсан учраас Бурхан биднийг бүрмөсөн уучилдаг. Энэ нь бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гэм нүглийг уучилна гэсэн үг. Есүс тэр өрнүүдийг бүгдийг нь төлсөн. Орчлонг бүтээсэн Бурхан, бидэнд хайртай бөгөөд бидэнтэй харилцаатай байхыг хүсдэг. "Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм."4

Христ бидэнд гэм ба буруутгалаас чөлөөлөгдөх жинхэнэ эрх чөлөөг санал болгодог. Тэр хүмүүст маргааш чи арай дээр хүн болох байх гэсэн бүдэг бадаг найдвар үлдээгээд алдаа зөрчлийг нь өөрсдийнх нь нуруунд тохоод орхидоггүй.

Есүс Христийн дотор Бурхан хүн төрөлхтөн уруу хүрч ирээд, бидэнд түүнийг мэдэх замыг зааж өгсөн билээ. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм."5

Бурхан биднийг Өөрийг нь таньж мэдээсэй гэж хүсдэг.

Бурхан биднийг Өөртэйгөө харилцаатай амьдруулахаар бүтээсэн. Есүс хэлэхдээ, "

-Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй."6 гэжээ. Есүс хүмүүсийг дуудахдаа, зөвхөн сургаалуудыг минь дага гэж дуудаагүй харин Намайг дага гэжээ. Тэр хэлэхдээ, "Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй."7 гэсэн. Үнэн гэдгээ нотлохын тулд Христ, өөрсдийгөө үнэнийг зааж байна хэмээн хэлдэг эш үзүүлэгч, багш нарын хүрсэн хязгаараас ч хол явсан юм.

Есүс Өөрийгөө Бурхантай эн тэнцүү нэгэн гэж танилцуулсан бөгөөд үүнийгээ ч баталсан. Загалмайд хадагдан нас бараад гурав хоногийн дараа эргээд амилах болно гэдгээ Есүс хэлж байсан. Ирээдүйд, хэзээ нэгэн цагт дахин хүн болж ирнэ гэж Тэр хэлээгүй. (Хэрвээ тэр үнэхээр ингэж ирсэн байлаа ч үүнийг хэн мэдэх билээ?) Оршуулагдсанаасаа гурван өдрийн дараа эргээд амь орж, Өөрийг нь загалмайд хадагдахыг харсан тэдгээр хүмүүст үүнийгээ харуулна гэдгээ Тэр хэлж байсан. Тэрхүү гурав дахь өдөр нь Есүсийн булш хоосон байсан бөгөөд олон хүн Түүнийг дахин амьдарсан байхыг харсан гэж гэрчилсэн байдаг.

Дэлхийн бусад шашнуудаас ялгаатай...

Олон шашин хүний сүнслэг хичээл зүтгэлийг онцолдог. Есүс Христэд итгэдэг хүний хувьд сүнслэг амьдрал бол Бурхан ба хүний хооронд буй хоёр талт харилцаа юм. Тэр биднийг Өөр уруу нь очиход баяртайгаар угтдаг. "ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг."9 Таны залбиралд хариулж, танд илүү агуу амар тайван ба баяр хөөрийг өгч чадах, амьдрах зүг чигийг зааж, таныг хайрлаж, амьдралыг тань өөрчлөх хүчтэй Бурхантай та харилцаа тогтоох боломжтой. Есүс хэлэхдээ, "Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм."10 гэсэн. Энэ нь амьдрал төгс төгөлдөр, ямар ч асуудалгүй болно гэсэн үг биш. Харин энэ нь амьдралын чинь туршид хамт байж, итгэмжтэйгээр хайрлах Бурхантай, та амьдралынхаа бүхий л асуудал дундаа харилцаатай байна гэсэн үг юм.

Энэ нь Хутагтын Найман Мөр, Таван багана, бясалгал, сайн үйлс тэр ч бүү хэл Арван хууль гэх мэт өөрийгөө төгөлдөршүүлэх аргуудыг дагаж мөрдөх амлалт ч биш. Эдгээр нь сүнслэг байдлаа өсгөхөд чиглэсэн ойлгомжтой, сайн боловсруулсан, дагахад хялбар арга зам мэт харагддаг. Гэвч эдгээр нь төгс байдалд хүрэхийн төлөө үүрэх ачаа дарамт л болж, Бурхантай харилцах нь алс хол хэвээр үлддэг.

Бидний найдвар бол хууль, журмыг дагах явдал бус харин зөвхөн Түүнд болоод Тэр бидний төлөө золиос болсон гэдэгт итгэсэн учраас биднийг бүрэн хүлээж авсан Аврагчийг таньж мэдэх явдал юм. Тэнгэрийн улсад орох эрхээ бид шашинлаг хүчин чармайлт, сайн үйлсээр олж авдаггүй. Тэнгэрийн улс бол Есүс Христтэй харилцаж эхэлсэн үеэс л бидэнд өгөгддөг үнэгүй бэлэг юм.

Та бүрэн уучлагдаж, танд хандсан Бурханы хайрын талаар хувьчлан мэдэхийг хүсэж байна уу?

Бурхантай харилцаж эхлэх нь

Та яг одоо Бурхантай харилцаа тогтоож болно. Маш энгийнээр, та гэмийг минь уучлаач хэмээн Түүнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж, Түүнийг амьдралдаа урихад л болно. Есүс хэлэхдээ, "Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно."11 гэжээ. Таныг бүтээсэн, таныг маш халуун дотно хайрладаг Бурхантай та харилцаа тогтоохыг хүсэж байна уу? Хэрвээ таны зүрх сэтгэл үүнийг хүсэж байгаа бол яг одоо үүнийг хийж болно: "Бурхан минь, намайг уучлаач гэж би гуйж байна. Та миний зүрх сэтгэлд яг одоо орж ирээч. Миний гэмийн төлөө нас барсанд тань баярлалаа Есүс ээ. Амласныхаа дагуу миний амьдралд орж ирсэнд тань баярлалаа."

Библи бидэнд хэлэхдээ, "Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв."12 гэсэн. Та хэрэв Бурханыг амьдралдаа орж ирээч хэмээн чин сэтгэлээсээ гуйсан бол аль хэдийн Түүнтэй хувьчилсан харилцаа тогтоосон гэсэн үг. Та Бурхантай дөнгөж уулзаад байгаа тул цаашид Түүнийг илүү сайн таньж мэдэн итгэлээр өсөж, таныг хайрлах хайрыг нь ойлгоход, мөн танд тулгарах шийдвэр бүрд мэргэн ухаанаар замчлахын тулд Бурхан танд туслахыг хүсэж байна. Бурхантай харилцааны талаар илүү сурахад тань Библийн "Иохан" ном сайн эхлэл болж чадна. Та хүсвэл Есүсийг амьдралдаа урих шийдвэр гаргасан гэдгээ өөр хэн нэгэнтэй хуваалцсан ч болно.

Дэлхийн олон шашнуудын хувьд, хүн сургаал номлол, зам мөр, дэг жаяг, үзэл санаануудтай харилцаа тогтоодог. Есүсээр дамжуулан хүн хүчирхэг, хайрын Бурхантай харилцаатай болох боломжтой болсон. Та Түүнтэй ярилцах боломжтой бөгөөд Тэр таныг энэ амьдралын туршид удирдан замчлах болно. Тэр танд зүгээр л нэг зам мөр, гүн ухаан, шашны талаар заадаггүй. Түүнийг таньж мэдэн, баяр хөөрийг амсаж, амьдралын хүнд бэрхийг туулсан ч Түүний хязгааргүй хайранд бат итгэлтэй байдаг амьдрал уруу Тэр таныг урьдаг. "Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач!"13

 Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…
 Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.
 Надад асуулт байна…

Зүүлт: (1) Иохан 8:12 (2) Ирвин В.Лютцерын "Бурхдын дундах Христ" ном, (Мүүди Пресс, 1994 он) 63-р хуудас (3) 1 Иохан 3:16 (4) 1 Иохан 4:9 (5) Иохан 3:16 (6) Иохан 6:35 (7) Иохан 14:6 (8) Дээрхи номын 106-р хуудас (9) Дуулал 145:18 (10) Иохан 10:10 (11) Илчлэлт 3:20 (12) Иохан 1:12 (13) 1 Иохан 3:1

ХУВААЛЦАХ:  

TOP