Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Яагаад Библийн Бурханыг сонгоно гэж?

Хүн ер нь өөрийн “Бурхан”-аа чөлөөтэйгөөр сонгох хүсэлтэй байдаг. Тэгвэл яагаад Библид илчлэгдсэн Бурхан болох Бурханыг сонгох ёстой гэж?

Бидний олонх нь Бурханы тухай боддог. Ингэхдээ бид Бурханыг өөрийнхөө хувьд хамгийн “өв тэгш” байхаар төсөөлдөг. Магадгүй та Бурхан бол аливааг биелүүлэх чадалтай, бидэнтэй харилцдаг, бидэнд санаа тавьдаг Нэгэн байх учиртай гэж боддог байх. Тэгвэл Библид өгүүлснээр Бурханд дараах мөн чанарууд байдаг.

#1: Бурханы мөн чанар – Бидэнтэй харьцуулшгүй аугаа их Бурхан

Сүүлийн хэдэн арван жилд хүн төрөлхтөн агуу их ололт амжилтад хүрсэн. Бид өмнөх үеийнхнээсээ илүү урт удаан амьдарч, дуунаас хурдан нисэж, бас компьютер ашиглан дэлхий дахинаа нэвтэрч байна. Гэвч зарим талаар бид амжилт олсон нь үнэн боловч харамсалтай нь өөр олон талаар доройтож байна. Хүчирхийллийн гэмт хэрэг, гэр бүл салалт, өсвөр насны хүүхдүүдийн ёс суртахууны доройтол, авилга, шударга бус явдлууд, ядуурал, архидалт, амиа хорлолт, үймээн самуун зэрэг нь нийгмийг өвчлүүлсээр байгааг бид мэднэ. Дэлхий даяар мянга мянган хүмүүс ДОХ-ын вирусийн халдвар тээгчдийн тоог нэмэгдүүлсээр байна. Зуу зуун сая хүн он удаан жилийн ужиг өлсгөлөнд нэрвэгдэж байна.

Энэ бүгдийг тоочвол жагсаалт их урт үргэлжилнэ. Хэрэв хүн төрөлхтөн Бурханы дайтай байсан бол бид ингэтлээ шийдвэрлэх гэж шаргуу тэмцэн, хүчээ дайчилдаг эдгээр бүх асуудлууд бидний дунд бий болохгүй л байх байсан. Бидний дунд гэмт хэрэг, гэр бүл салалт, үндэстэн хоорондын мөргөлдөөн, засгийн газрын шударга бус бодлогоос үүдсэн өлсгөлөн байсаар л байна. Технологи, хөгжил дэвшил энэ бүхнийг эцэслэн шийдвэрлэсэнгүй. Тийм юм бол хүн төрөлхтнөөс илүү агуу, хүн төрөлхтнийг, бидний хүрч чадахаас ч хол аваачих чадалтай Бурхан бидэнд байх нь дээр биш гэж үү?

Библид илэрхийлэгдсэн Бурхан бол тийм Бурхан. Тэр хязгааргүй орчлон ертөнцийг Бүтээгч, бүхнийг мэдэгч, бүх хүч чадлыг эзэмшигч, амьд оршигч бөгөөд үргэлж байсан, мөн бүх юмсын оршин тогтнох үндэс нь болохоо тунхагласан юм. Тэр - “Дэлхийг бүтээж, дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн. Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгэсэн.”1 “Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.”2 “Би бол байгаа болон байсан, мөн хожим ирэх... Төгс хүчит Нэгэн.”3

#2: Бурханы мөн чанар – Түүнтэй хувьчлан танилцаж болно

Өнөө цагт Бурханыг уран зөгнөлт кинонд гардаг сум нэвтэрдэггүй үл үзэгдэгч хана мэтээр үзэх нь элбэг. Бүх юмс цаг үргэлж Бурханы хүчээр оршиж тэтгэгддэг хэдий ч Бурханд үүнээс ч илүү зүйл бий. Жишээ нь, Бурхан бидний хувьд яг л эцэг эх, ах дүү, найз нөхөд шиг байдаг бол ямар вэ? Илүү дээр биш гэж үү? Өөрөөр хэлбэл та сэтгэлээ уудлан ярьж, зовлонгоо хуваалцаж, мэргэн замыг заалгаж, амьдралыг хамтдаа туулах хэн нэгэн танд байна гэсэн үг. Сэтгэлийн хөдөлгөөнгүй, нээж илрүүлэхийн аргагүй нууц, хүршгүй, хүйтэн хөндий тийм бурханд гойд юм юу байх билээ.

Библийн Бурхан болох Бурхан Өөрийн сүр жавхлант, дээд язгуурт байдлаасаа үл хамааран бидэнд Өөрийгөө таниулахыг хүсдэг. Мөн Түүнийг танин мэдэж болохуйц байдаг. Хэдийгээр Бурхан харагдахгүй боловч бид Түүнтэй ярьж, Түүнээс асууж, Түүнийг сонсож, Түүнээс амьдралынхаа асуудалд гарц, чиглүүлгийг авч болно. Тэр ихэвчлэн эдгээр асуултад Түүний Үг болох Библиэр дамжуулан хариулт, зааврыг өгдөг. Олон хүн Библийг Бурханы бидэнд илгээсэн хайрын захидал гэж нэрлэдгийн нэг учир энэ.

Хүн гэр бүлийнхээ дотнын хүнтэйгээ харилцаатай байдаг шигээ Бурхантай ч мөн дотно харилцаатай байж чадна. Тэр Өөрийг нь таньдаг хүмүүсийг Өөрийнхөө хүүхдүүд, сүйт бүсгүй, бас найзаа гэж дотночлон дууддаг. Тэгэхлээр Библийн Бурхан бол хүмүүст бүх зүйл нь болдог бөгөөд хэнийг ч ялгаварладаггүй. Тэр сэтгэл хөдлөлөөр дүүрэн нэгэн. Уурлаж бас гунигладаг, өршөөл үзүүлдэг, элэгсэг, ууж сэтгэлтэй. Тэр өөрийн гэсэн шинж чанар ба ухамсар бүхий үлэмж өндөр оюун ухаантай. Бид Түүний тухай бодит баримтуудаас мэдэж болохоос гадна хамгийн сайн найз шигээ Түүнийг дотночлон таньж болно. “Хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ” гэдэг шүү дээ. “Цорын ганц үнэн Бурхан Таныг таньж мэдэх нь мөнхийн амь мөн.”4

#3. Бурханы мөн чанар – Хүний зовлонг ойлгодог Бурхан

Зарим нэгэн нь Бурханы тухай ингэж боддог. Тэр бүх орчлон ертөнцийг Өөрийнх нь тусламжгүйгээр амьдарч чаддаг байхаар бүтээчхээд хаячихсан, биднээс алс хол, хөндий байдаг гэж боддог. Орчлон ертөнцөд, тэр дундаа онцгойлон энэ дэлхий дээр болж буй зүйлсэд санаа тавьж, оролцдог Бурхан байдаг байх нь илүү дээр тийм үү? Бас хүний амьдралд тохиолддог зовлон зүдгүүр, ар араасаа гарч ирэн бидний нуруун дээр овоордог үүрэг хариуцлагууд, асуудал зөрчлүүдэд ч мөн санаа тавьдаг бол ямар вэ? Энэ бүхнийг ойлгодог, энэ хатуу хорвоо дээр амьдрах ямар байдгийг ямар нэгэн байдлаар мэддэг тийм Бурхантай байвал бидэнд илүү дээр биш гэж үү?

Библийн Бурхан бидний нэгэн адил, хүн байх нь ямар болохыг мэддэг. Есүс Христ зөвхөн Бурханы Хүү байгаад зогсохгүй, Тэр бас хүний дүр ба мөн чанарыг өмссөн Бурхан байсан юм. “Эхэнд Үг[Есүс] байсан, Үг[Есүс] Бурхантай хамт байсан ба Үг[Есүс] нь Бурхан байсан. Үг[Есүс] нь махан бие болж бидний дунд оршсон.”5

Бурханы Хүүгийн тухай Библид “Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл болой.”6 Тэр бол “Үл үзэгдэгч Бурханы дүр мөн.”7 Тэр бол “хүн төрхийг олж”8 “хүнтэй адил болгогдсон”8 байсан “Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг.”9 Түүний дотор “Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог.”10 Бас “Тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс бүгд Түүгээр бүтээгдсэн.”11

Есүс Өөрийнхөө тухай “Намайг харсан хүн Эцэгийг харсан”12, “Намайг харагч хүн Намайг илгээсэн Нэгэнийг харж байна”13, “Би болон Эцэг нэг юм”14 гэж хэлсэн.

Тэр хэдийгээр Бурхан байсан боловч Есүс бас яг л хүн байсан. Өлсөх, ядрах, уйлах, идэхийн аль алиныг нь мэднэ. Тэр бидэнд тулгардаг бүх л төрлийн бэрхшээлүүдийг туулсан, сүүлд нь бүр илүүг ч амссан. Мөн түүнчлэн Библи дээр Түүнийг хэлэхдээ “бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй”15 биш харин “нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон (зовсон)” гэж хэлсэн.

Тиймээс Библийн Бурхан бидний өвчин шаналал, муу муухайгаас зай барьж, сэжиглэж амьдраагүй юм. Үнэндээ Тэр энэ гариг дээр байх хугацаандаа маш энгийн даруу байдалтайгаар амьдарсан. Тэр ядуу айлд төрсөн, гадна төрхөөрөө ч гойд зүйлгүй, хэлсэн ярьснаас нь болж хүмүүс Түүнд хорсож заналхийлдэг байв. Түүнийг хардаж сэрдэх, тэр ч байтугай гэр бүлийнхэн болон нөхөд нь хүртэл түүний талаар буруугаар ойлгож байсан. Үүгээр ч зогсохгүй эцэст нь тэр хилсээр яллагдсан.

#4. Бурханы мөн чанар – Бидний төлөө үнэхээр санаа тавьдаг Бурхан

Бидний ихэнх нь хүлээн зөвшөөрөгдөж, хайрлуулахыг хүсдэг. Бид сайхан үгнээс илүүтэй чин сэтгэлийн хайр халамжийг бусдаас хүлээдэг. Бодитой үйлдлээр илэрхийлэгддэг халамж, санаа тавилт бидэнд хэрэгтэй байдаг. Хэрэв Бурхан бидэнд ийм хайрыг үзүүлдэг бол Тэрээр байж болох хамгийн “өв тэгш” Бурхан биш гэж үү?

Библийн Бурхан үнэхээр анхаарч халамжилдаг. Түүний энэ чанарыг үгээр илэрхийлэхдээ “Бурхан бол Хайр”16 гэж Библид хэлжээ. Гэхдээ хайр халамж, санаа тавих гэх зэрэг үгс нь бодитой үйлдэл болохгүй бол үнэндээ ач холбогдолгүй хоосон үгс л юм. Харин Библийн Бурхан бол энэ тал дээр маш онцгой бөгөөд санаанд оромгүй Нэгэн билээ. Тэр бидний төлөө хэр их санаа зовдгоо үнэхээр харуулсан юм. “Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм. Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм.”17 “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”18

Библид Бурханыг төгс бөгөөд Ариун Нэгэн гэж тунхагладаг. “Бурхан бол гэрэл, мөн Түүний дотор харанхуй огт байхгүй.”19 Тийм учраас Тэр сэвгүй ариун харилцааг хамгаас илүү хүсдэг. Мөн Бурхан Өөрийнхөө өмнө биднийг цэвэр болгох замыг Хүүгээрээ бэлдүүлэхээр илгээсэн юм. Есүс ёс суртахууны хувьд ямар ч өөгүй төгс амьдарсан. Гэсэн ч дараа нь бидний ярьж, хийж, бодсон бүхий л буруу зүйлс(гэм нүгэл)-ээс болж, эцэж туйлдталаа дарамтлагдан, эрүүдэн шүүгдэж, эцэст нь загалмай дээр цаазлагдсан. Энгийнээр хэлэхэд бидний төлөө, бидний өмнөөс үхсэн юм. “Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.”20 “Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин Эзэн бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.”21

Бурхан бидний гэмийн улмаас бидний оронд үхүүлэхээр Хүүгээ илгээснээрээ бидний төлөө санаа тавьдгаа хангалттайгаар батлан харуулсан юм. Биднийг мэдээсэй гэж Бурхан үнэхээр их хүссэндээ ингэсэн хэрэг. Тэр бидний хийсэн нүглийн асуудлыг шийдэхийн тулд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байсан юм. Одоо бид Бурханы өмнө бүрэн уучлагдаж, харилцаагаа эхэлж болохоор байна.

#5. Бурханы мөн чанар – Бүх юмс Түүний бүрэн хяналтад байдаг

Дэлхий дахинд болж буй аймшигтай, сэтгэл өвтгөсөн үйл явдлууд, үүсэж буй нөхцөл байдлууд нь бүхнийг чадагч, сайхан сэтгэлтэй Бурхан гэж байдаггүй гэмээр, Тийм үү? Үнэндээ тийм биш ээ. Харин төгс Бурхан тухайн цаг үед болох муу зүйлсийг ямар нэгэн “том төлөвлөгөө”-ний нэгэн хэсэг байхаар алсын хараатайгаар зөвшөөрдөг байж болох. Бурхан бүх үеүдэд чухам юу болоод байгааг мэдэж байсан бөгөөд эдгээрийг зөвхөн Өөрийнх нь хэтийн төлөвлөгөөний хэсэг болж таарахуйц хэмжээнд л зөвшөөрдөг.

Библийн Бурхан бол тийм Бурхан. Түүний эрх мэдэл бүхий зөвшөөрөл, эсвэл шийдвэргүйгээр газар дэлхий дээр юу ч тохиолдохгүй хэмээн Тэр айлддаг. Тэр бол бүхнээс дээгүүрх хамгийн дээд эрх мэдэлтэн билээ. “Эзэн тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ?”22 “Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ.”23 “Эзэний зөвлөгөө мөнхөд, Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.”24 “Эзэний зөвлөгөө байсаар байх болно.”25

Нэмж хэлэхэд Түүний тухай эдгээр үгс нь болж буй бүх үйл явдлууд Бурханд таалагддаг гэсэн үг биш ээ. Жишээ нь, Есүс дагалдагч нартаа залбирах тухай зааж байснаас нь харвал “Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай”26 гэж байжээ. Бурханы ёс суртахууны хүсэл тэнгэрт(мөнхийн улсад) үргэлж биелэгддэг. Харин газар дээр бол тийм биш. Хэдийгээр Бурхан бүгдийг хянаж байгаа ч газар дэлхий дээр болж буй бүхнийг Тэр таалдаг гэсэн үг биш юм. Яагаад гэвэл, зарим нэг шалтгааны улмаас, тухайлбал: Тэрээр хүмүүст өөрсдөө сонголтоо хийх дээд эрх чөлөөг өгсөн. Магадгүй энэ шалтгааны улмаас эдгээр зүйлс тохиолдохыг Тэр зөвшөөрдөг болов уу. Үүнийг Түүний зөвшөөрсөн хүсэл гэдэг.

Хэдийгээр Библийн Бурханы хүсэл газар дээр төгс биелэгддэггүй ч Түүнд төлөвлөгөө бий. “Тэрээр Өөрийн зүрхний зорилгуудыг гүйцээхээс нааш хэзээ ч амрахгүй.”27 Тэр төлөвлөгөө нь юу вэ? Бурханы эцсийн зорилго бол бидний одоо амьдарч байгаагаас маш өөр хүрээлэн буй орчинд хүмүүстэй хамт амьдрах явдал юм. Тэрхүү шинэ ертөнцийн талаар Бурхан хэлэхдээ “Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо. Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна!”28

#6. Бурханы мөн чанар – Түүнд хүний амьдралын утга учир бий

Урьд нь та өөрийнхөө хувьд маш чухал ажлуудын ард гарч байсан биз ээ. Хожим нь энэ талаараа та бодохдоо тэр бүхнийг чухам яах гэж хийснээ эргэн нэг тунгаадаг байх. Тэр зүйлийг хийх шалтгаан чинь ер нь таны амьдралдаа гүйцээхийг хүсэж байсан эцсийн зорилго мөн байсан уу? Бодох л асуудал. Таны амьдралыг зорилготойгоор төлөвлөж, амьдралд тань байж болох тэрхүү эцсийн зорилго уруу утга учиртайгаар дагуулах Бурхан байдаг болов уу?

Тийм ээ, Библийн Бурхан үүнийг чаддаг билээ. Тэр бидний амьдралыг утга учиртай, зорилготой болгож чадна гэдгээ амладаг. Бид Түүнтэй харьцаатай байснаар “Бурханы бидэнд зориулан бэлтгэсэн сайн үйл хэргийг бүтээж чадах юм.”29 Бид бусдын амьдралд эерэг өөрчлөлтийг бий болгож чадна. Бид Түүний ерөнхий төлөвлөгөөний нэгэн хэсэг болж чадна.

Бас Библийн Бурхан Өөртэй нь харилцах харилцаан дотор бидний алхам бүрийг удирдаж чадна гэдгээ хэлдэг. Ингэснээр бид цаг үргэлж Түүний хувьд тааламжтай, бас бидний хувьд хамгийн сайн ач холбогдолтой байх зүйлсийг хийж чадна. “Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.”30 Энэ нь амьдрал тэр чигээрээ үлгэрийн мэт гайхалтай болно гэсэн үг хараахан биш ээ. Амьдралд өнөөх л өвчин зовлон, асуудал, хувийн алдаа дутагдал байсаар л байна. Амьдрал төгс болдоггүй, харин улам бүр төгөлдөрждөг. Бурханыг таньж мэдэхийн ашиг тусыг Тэр хэлэхдээ “хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах”31 нь юм гэдэг.

#7. Бурханы мөн чанар – Тэр жинхэнэ сэтгэл ханамжийг санал болгодог

Хайрлуулах, бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн нэгэн адил бидний ихэнх нь амьдралдаа сэтгэл ханамжийг хүсдэг. Бидний сэтгэлд удтал хүсэн хүлээсэн, нэг их ундаассан, цангахтай адил ямар нэгэн зүйл байдаг. Бид мөнгө, эд хөрөнгө, романтик дурлал, эсвэл зугаа цэнгэл... гэх мэтээр хөөцөлдлөө ч өнөөх цангаа тайлагддаггүй. Тийм юм бол тэр “цангаа”-г тайлдаг, бидэнтэй хамт байснаараа бидний амьдралд байнгын сэтгэл ханамжийг авчирдаг Бурхан бидэнд байвал мөн сайхан аа?

Библийн Бурхан бол байж болох хамгийн сэтгэл ханамжтай амьдралыг санал болгодог. Есүс – “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн”32 гэж хэлсэн. Тэр бас – “Би бол амийн талх. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй”33 гэсэн. Тиймээс хэзээ ч тайлагдахгүй юм шиг, өөрсдөө ч олж хардаггүй бидний доторх тэр гүн эрмэлзлийг Библийн Бурхан хангахаа амладаг билээ. (Нэмж хэлэхэд магадгүй Тэр биднийг “тийм” байдлаар бүтээсэнд хэргийн учир байж ч болох юм шүү!)

Өв тэгш Бурхан

Библид хэлснээр бол зөвхөн ганц Үнэн Бурхан, бүхнийг бүтээсэн зөвхөн ганц Бүтээгч байна. Бид өөр Бурханыг байлгаж чадахгүй, хэдийгээр бид өөрийг байлгахыг хүсэж болох боловч ингэх шаардлага байна уу? Учир нь өнөөх л Библийн Бурхан маань, байж болох хамгийн өв тэгш Бурхан биш гэж үү?

Энэхүү өгүүлэлд Библийн Бурханыг хэн болох талаар зөвхөн өнгөц дурдлаа. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсэж байвал Библийн “Иохан” номоос уншиж болно. Хэрэв та Бурханы талаар дээр дурдсан бүхнийг шударгаар үнэлж байгаа бол, хэрэв Библийн Бурхан үнэхээр жинхэнэ юм бол, Тэр танд Өөрийгөө ойлгуулах ёстой юм шиг санагдахгүй байна уу? Тэр – “Намайг хайрлагсдыг Би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайдаг нь Намайг олно”34 гэж хэлсэн. “Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.”35

Та өөрийнхөө төлөө ямар нэгэн Бурхантай байхыг хүсжээ. Таны сонгох Бурхан ямар байгаасай гэж та хүсэх байсан бэ?

Та энэ өв тэгш Бурханыг хэрхэн таних вэ? хэмээн тээнэгэлзэж байна уу? Бурхантай харилцаагаа эхлүүлэх нь үндсэндээ гэрлэлттэй тун төстэй. Энэ нь өөрийн хүслээр энэхүү харилцаанд орох шийдвэр юм. Зүйрлэвэл Бурханд хандан “би зөвшөөрч байна” гэж чин сэтгэлээсээ хэлж байна гэсэн үг юм.

Есүс Христ бидний нүглийн улмаас үхсэн, гурван өдрийн дараа амилуулагдсан, өнөөдөр ч амьд бөгөөд сайн хэвээрээ байна. Хэрэв бид өөрийнхөө гэмийг уучлуулахаар Түүнд итгэвэл, Тэр бидэнд яг одоо шинэ амьдралыг өгөхөд бэлэн байна: “Учир нь Хүүг харж Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө түүнийг амилуулна гэж айлдав.”36

Бурхан хүнийг ялгаварладаггүй, бас хэнд ч тал засдаггүй. Бүх хүн Түүний дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд ижил үнэ цэнэтэй. Тийм ч учраас Түүний үүрдийн гэр бүлийг Библид “...үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв”37 гэж дүрсэлжээ. Тийм болохоор Түүнтэй харилцахад танд ямар ч бэрхшээл байхгүй. Өөрөөр хэлбэл таны ямар ч гэм буруу саад болохгүй. Тэрээр Есүсийн цовдлогдсон загалмай дээр гэм нүглийн асуудлыг эцэслэн шийдсэн. Одоо бол өнгөрсөн хугацаанд та юу үйлдсэн нь хамаагүй, харин таны төлөө амиа өгсөн Есүст та итгэлээ тавих нь л чухал байна.

Хэрэв та Бурхантай харилцаагаа эхэлбэл, энэ нь цаашид үүрд үргэлжлэх болно. Энэ харилцаа нь цаг хугацаа өнгөрөх тусам улам зузаардаг, мөн таны өнөөгийн амьдралын салшгүй, амин чухал хэсэг болдог. Бусад харилцааны адил энэ харилцаанд өгсөх ба уруудах, ойртох ба холдох, баяр жаргалтай ба зовлон гунигтай үеүд ч бий. Гэвч Бурхан Өөртэй нь хамт байх энэ “харилцааг” хэзээ ч таслахгүй. Яагаад гэвэл энэ л зорилгын төлөө Тэр таныг бүтээсэн, бас таны амьдралын утга учир (Түүнийг танин мэдэх) энэ харилцаан дотор байдаг.

Та сэтгэл хөдөлж байгаагаа мэдэрч байна уу? Есүс – “Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орно”38 гэж хэлсэн. Хэрвээ та Бурханыг яг одоо амьдралдаа оруулахаар урихыг хүсч байвал танд туслах заавар байна.

Бурхан минь ээ, би өөрийгөө гэмтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Та миний бүх гэмийг загалмай дээр Есүс Христийн амиар цагаатгасанд баярлалаа. Би Таны уучлалыг хүлээн авч, Тантай харилцаатай байхыг хүсч байна. Энэ цагаас эхлэн Та миний Бурхан байхаар Аврагч Эзэн минь болж, намайг хүссэн ёсоороо өөрчлөөч.

Хэрэв та Бурхантай харилцах талаар илүүг мэдэхийг хүсвэл Бурханыг хувьчлан таньж мэдэх нь. сэдвийг уншаарай. Хэрэв та энэ шийдвэрийг гаргасан бол энэ тухайгаа бидэнд мэдэгдвэл их баярлах байна. Бидэнтэй холбогдоорой. Мөн энэ сэдвийг унших явцад төрсөн асуултдаа хариулт, эсвэл Бурханыг танин мэдэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнд и-мэйл бичээрэй.

 Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…
 Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.
 Надад асуулт байна…

Зүүлт: (1) Исаиа 45:12 (2) Исаиа 46:9 (3) Илчлэлт 1:8 (4) Иохан 17:3 (5) Иохан 1:1, 14 (6) Еврей 1:3 (7) Колоссай 1:15 (8) Исаиа 9:6 (9) Филиппой 2:8 (10) Колоссай 2:9 (11) Колоссай 1:16 (12) Иохан 14:9 (13) Иохан 12:45 (14) Иохан 10:30 (15) Еврей 4:15 (16) 1 Иохан 4:8, 16 (17) 1 Иохан 4:9-10 (18) Иохан 3:16 (19) 1 Иохан 1:5 (20) 2 Коринт 5:21 (21) Исаиа 53:6 (22) Гашуудал 3:37 (23) Исаиа 46:10 (24) Дуулал 33:11 (25) Сургаалт Үгс 19:21 (26) Матай 6:10 (27) Иеремиа 23:20 (28) Илчлэлт 21:3-5 (29) Ефес 2:10 (30) Сургаалт Үгс 3:6 (31) Галат 5:22-23 (32) Иохан 10:10 (33) Иохан 6:35 (34) Сургаалт Үгс 8:17 (35) Матай 7:7 (36) Иохан 6:40 (37) Илчлэлт 7:9 (38) Илчлэлт 3:20

ХУВААЛЦАХ:  

TOP