Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  
proof of God

Бурхан ертөнцийг бүтээсэн үү?

Орчлон ертөнц хэрхэн бий болсон бэ? Эрдэмтэд Их тэсрэлтийн онол ба орчлон ертөнц эхлэл цэгтэй гэсэн санааг баталдаг.

Биднийг хүрээлэн буй орчлон ертөнц ганц удаагийн асар хүчтэй гэрэл ба энергийн тэсрэлтээс буюу бидний нэрлэж заншсан Их тэсрэлтээс үүдэлтэй гэдэгт эрдэмтэд итгэдэг. Энэ нь өнөөдөр оршин буй бүхний эхлэлийн ганц/сингуляр цэг болжээ. Ертөнцийн эхлэл, орон зайн эхлэл, тэр ч бүү хэл цаг хугацааны анхны эхлэл.

Яг тэр мөчийг хүртэл өнөөдөр бидэнд харагддаг зүйлсээс нэг нь ч оршин байгаагүй.

Цаашилбал, энэ нь цаг хугацаанаас ангид, орон зайгаас ангид, мөн энэ бүхнийг оршин байхад хүргэсэн учир шалтгаанаас ч ангид зүйл байв.

Ертөнц үргэлж оршсоор ирсэн биш харин тодорхой эхлэлтэй гэдэг энэ ойлголт бурхангүй үзэлт эрдэмтдэд асар их эргэлзээ төрүүлдэг.

Эрдэмтэд энэ Их тэсрэлтийн онолд бат итгэдэг үү? Тиймээ. 1920-оод оны сүүлээр, астрономич Эдвин Хабл/ Edwin Hubble өөрийн дурангаар галактикууд (хэдэн сая гэрлийн жилийн тэртээ оршдог) нэг нь нөгөөгөөсөө асар их хурдаар зугтан шилжин хөдөлж байгааг харжээ. Энэ нь тэднийг өөр хооронд нь түлхэлцүүлж буй ямар нэг хүчнээс болоогүй харин тэд эрт цагийн тэсрэлтийн улмаас анхдагч нэг цэгээс эхлээд бүгд шилжилт хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байгаа хэрэг байв.

Энэхүү анхдагч цэгт ертөнцийн бүх масс ганц, хязгааргүй нягт цэгт бөөгнөрч байсан бөгөөд энэ нь нэг атомоос1 ч жижиг хэмжээтэй байж. Улмаар сансрын тэсрэлт буюу Их тэсрэлт болох үед ертөнц бий болжээ. Физикийн ухаанаар Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Стивен Вейнберг/Steven Weinberg хэлэхдээ, "Секундийг зуу хуваасны нэгтэй тэнцүү хугацаанд, бидний итгэлтэйгээр хэлж чадах цаг хугацааны хамгийн эрт үед, ертөнцийн агаарын хэм центиградусын/ Centigrade/ нэг зуун мянган сая хэм (1011) байсан. Энэ нь хамгийн халуун одны цөм дэх хэмээс ч хавьгүй илүү халуун бөгөөд тэр халуунаас болоод эгэл материйн аливаа бүрдэл хэсгүүд, молекулууд, атомууд тэр ч бүү хэл атомын цөм ч хүртэл бүрэлдэн тогтох боломжгүй байсан юм."2 гээд цааш нь, "Ертөнц бүхэлдээ гэрлээр дүүрэн байсан." гэжээ.

Уг нотолгоо нь дараах бичвэртэй нийцдэг, "Эхэнд Бурхан тэнгэр, газрыг бүтээжээ ... тэгээд Бурхан 'Гэрэл бий болог’ гэж айлдахад гэрэл бий болжээ."3 Энэ нь материас биш харин тунхагласан үгээр бий болсон аж. "Гэрэл бий болог."

Бүх томоохон шашнуудын ариун судруудыг судалж үзэхэд зөвхөн Библид л эрдэмтдийн нээн илрүүлсэн энэ бүхнийг тайлбарласан байдаг: Гэрэл тэсэрч энэ ертөнцийн эхлэл тавигдсан. Энэ нь ертөнцөөс өөрөөс нь бус гаднаас үүдэлтэй байв. Үүнтэй зэрэгцэн орон зай, матери ба цаг хугацааны эхлэл тавигджээ. Эхлэл номд “Тэгээд Бурхан ... гэж айлдав.” гээд дараа нь “ ... тэр нь ёсоор болжээ” хэмээн дахин давтан бичигдсэн байдаг.

Өөр талаас нь харвал энэ ертөнц физикийн хуулиудын үр дүнд бий болсон байх боломжтой юу? Жишээлбэл, таталцлын хууль, цахилгаан соронзон орны хууль, гэрлийн хурд ... гэх мэт? Үгүй ээ, учир нь тэдгээр нь хараахан бий болоогүй байсан. Ертөнц анх үүсэн бий болсон үйл явц нь өөрөө физикийн хуулиудыг бий болгосон бөгөөд оршин буй бүхэн тэдгээр хуулиудгүйгээр бий болсон аж.

Ертөнцийн үүсэл – Сингуляр/ганц цэгийн эхлэл

Астрофизикч, өөрийгөө агностик үзэлтэй гэж тодорхойлдог Роберт Жастро хэлэхдээ, "Ертөнцөд болж өрнөсөн бүхний үр тэрхүү анхны агшинд таригдсан. Ертөнц дээрх бүх одод, гариг эрхэс, амьд оршигчид бүгд орон зайн тэсрэлт болох тэр агшинд бий болсон хөдөлгөөний улмаас үүссэн үйл явцын үр дүнд хэлбэржин бий болсон. Энэ нь шууд утгаараа Бүтээлийн үе юм. ...Ертөнц гэнэт бий болсон бөгөөд энэ нь юунаас болж өрнөсөн болохыг бид олж мэдэх боломжгүй."4 Дээр дурдсанчлан энэхүү дүгнэлт нь бурхангүй үзэлт эрдэмтдийг тун хүнд байдалд оруулсан. Хариу үйлдлийг нь ажиглахын тулд шалтгааныг нь баримтжуулах боломжгүй байна гэдэг тун ч амаргүй хэрэг.

Жастро дүгнэж хэлэхдээ, "Учир шалтгааны онолын хүчинд итгэн амьдарч ирсэн эрдэмтдийн хувьд түүх яг л муухай зүүд шиг дуусдаг. Тэрээр үл тоомсорлолын уулс уруу мацан гарч, хамгийн өндөр оргилд нь тулан ирж, сүүлчийн хадыг арайхийн давж гараад харахад, аль хэдийн хэдэн зууны туршид тэнд суусаар байсан бүхэл бүтэн бүлэг теологичид түүнийг угтдаг."5 гэжээ.

Астрономич Херман Бонди, Томас Гоулд, Фред Хоел нар 1948 онд "тогтонги төлөвийн онол" хэмээн нэрлэгдэх болсон онолыг дэвшүүлэх үед тэдгээр эрдэмтдийн сэтгэл хэр их уужирсан бол. Тэд энэ онолоороо ертөнцийн нас бол хязгааргүй гэж үзсэн байна. Тиймээс ямар ч бүтээл, ямар ч учир шалтгаан байх хэрэггүй гэжээ.

Ертөнцийн үүсэл – Тогтонги төлөвийн онол худал гэдэг нь батлагдсан

Гэвч 1960-аад оны үед радио холбооны хоёр инженер (Арно Пензиас, Роберт Уильсон) Бэлл Лабст сансраас ирж буй нууцлаг радио долгионыг нээн илрүүлснээр энэхүү тогтонги төлөвийн онол нь асар хүчтэй сүйрлийн цохилтод өртжээ. Долгион бүх чиглэлээс ижил тэнцүү хэмээр ирж байлаа. Радио долгионы хэмийг хэмжиж үзсэнээр энэ нь хаанаас ирж байгааг тогтоосон байна. Энэ долгион үргэлж оршин байгаагүй, мөн ертөнцийн аль нэг хэсгээс ч ирээгүй байв. Энэ нь харин нөгөө сингуляр цэгээс, бүтээлийн анхны тэр агшнаас иржээ.

Хожим нь 1996 онд, НАСА-ийн Сансрын Орчныг Судлах (КОБЕ) хиймэл дагуул эрт үеэс үүсэлтэй долгион ертөнц тэсрэлтээс үүссэн гэдгийг илэрхийлж байгааг дахин баталсан аж. Өнөөдөр манай ертөнцөд оршин байгаа устөрөгч, литий, дейтери/хүнд устөрөгч/ болон гели ч бас үүнийг баталдаг.

Их тэсрэлтийн онолыг үнэн гэдгийг одоо ч гэсэн эсэргүүцсээр байгаа эрдэмтэд бий юу? Тиймээ. Дараах зүйлсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг эрдэмтэд байсаар: (1) тодорхойгүй учир шалтгаан (2) Бурхан бол үүний шалтгаан мөн гэдэг дүгнэлт. Тиймээс тэд гурав дах хувилбарыг гаргаж ирсэн.

Ертөнцийн үүслийг тайлбарлах гэсэн бусад оролдлогууд

Тэгвэл эдгээр эрдэмтэд бүх ертөнц, эрчим хүч, цаг хугацаа, орон зайн эхлэлийн талаар юу гэж тайлбарладаг вэ?

Тэд шинжлэх ухааны тулгуурладаг үндсэн ухагдахууныг үгүйсгэхийг оролддог: Энэ нь оршин буй бүх зүйлд учир шалтгаан байх ёстой гэж үздэг.

Физикч Виктор Стэнжир, ертөнц магадгүй “шалтгаангүй” байж болох ба “оргүй хоосноос бий болсон” ч байж магадгүй хэмээн хэлжээ.6 Философич Бэртранд Руссел Бурханы оршихуйн талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ энэ санааг ашигласан байна. Тэр хэлэхдээ, "Ертөнц зүгээр л энд байна, тэгээд л боллоо."7гэжээ.

Ямар нэг зүйл мөнхийнх гэвэл түүнд ямар ч “учир шалтгаан” шаардлагагүй гэж хэлэх нэг хэрэг. Гэхдээ, ямар нэг зүйлийн эхлэлийг, тэр дундаа хоромхон зуур бий болсон зүйлийн эхлэлийг судлаад дараа нь үүнд ямар ч учир шалтгаан алга гэж хэлэх харин тэс өөр хэрэг юм.

Философичдын дунд хамгийн их скептик үзэлтэй/тэрс үзэлт/ хүмүүсийн нэгд тооцогдох Давид Хьюм хүртэл энэ санааг маш гэнэн ухваргүй гэж үзсэн. Өөрийн бүх спектизмийн /тэрслэлтийнхээ/ туршид Хьюм хэзээ ч учир шалтгааны онолыг үгүйсгэж байсангүй. 1754 онд Хьюм, "ямар нэг зүйл учир шалтгаангүйгээр бий болж болно гэдэг утгагүй хоосон таамаглалыг би хэзээ ч баталж байгаагүй." гэж хэлжээ.8

Ертөнцийн үүсэл – Шинжлэх ухаанаар батлагдсан

Онолын шинжлэх ухааны нээлтүүд нэг л дүгнэлт уруу тасралтгүй хөтөлдөг: ертөнц ганц/сингуляр цэгээс эхлэлтэй, бидний мэдэх бүх зүйл буюу ертөнц, цаг хугацаа, орон зай, шинжлэх ухааны хуулиуд нь бүгд эхлэлтэй бөгөөд тэр нь тэсрэлт юм. Та хэзээ нэгэн цагт Бурханд итгэхийг хүссэн ч энэ нь шинжлэх ухааны бодит баримтуудтай зөрчилдөж байгаа мэт санагдаад үүнийг хийхийг хүсээгүй удаа бий юу? Үнэн хэрэгтээ, шинжлэх ухаан амьд оршигч бөгөөд бүх зүйлсийг хүчирхгээр бүтээсэн Бурханд итгэх шалтгааныг танд өгч чадна.

Бүхний эхэнд оршигч, мөнхийн хийгээд цаг хугацаанаас ангид оршигч Бурхан цаг хугацааг бүтээсэн гэдэг дүгнэлт логикийн хувьд зүй зохистой хэрэг. Орон зайгаар хязгаарлагддаггүй, хаа сайгүй оршигч Бурхан орон зайг бүтээсэн. Махан биеэр бус харин сүнсээр оршдог, материас ангид оршигч Бурхан ертөнц ба түүнд байгаа бүхний цорын ганц эх сурвалж юм. Энэ бол Библийн эхнээс төгсгөл хүртэл дахин давтан өгүүлдэг мэдээ билээ.

"Харцаа өргөн тэнгэр эрхсийг хар: Энэ бүгдийг хэн бүтээсэн бэ? Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Эзэн бол мөнхийн Бурхан, дэлхийн хязгааруудыг Бүтээгч билээ."9

"...тэр айлдсан учир эдгээр нь бүтээгдсэн юм."10

Бурхан анхнаасаа биднийг оршин суулгахын тулд дэлхийг бүтээсэн гэж Библид хэлсэн. Тэр хүмүүст Өөрийн амин амьсгалыг үлээн өгч, Түүнийг эрэлхийлж, танин мэдэх бүрэн дүүрэн зорилготойгоор энэ дэлхий дээр түр зуур амьдрахыг зөвшөөрсөн. Хэрвээ бид түүнийг таньж мэдэхээр Түүн уруу ирэхгүй бол энэ дэлхийд оршин буй гол зорилгоо алдаж байна гэсэн үг. Бидний оршин байгаа учир шалтгааныг Бурханаас илүү сайн мэдэх хэн байх билээ?

Та ертөнцийн Зохиогчтой танилцахыг хүсэж байна уу? Тэрээр "Бурхан уруу ойрт, тэгвэл Тэр чам уруу ойртох болно” гэж амласан.11 Бид Түүнийг таньж мэдэхээр эрэлхийлбэл “Би та нарт олдох болно” гэж Бурхан хэлсэн.12 "Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн эд баялгаараа бүү сайрхаг. Харин сайрхагч нэгэн Намайг ЭЗЭН гэж мэдэж ойлгодгоороо гагцхүү сайрхаг.” гэж Тэр хэлжээ.13

Энэ ертөнцийн эхлэлийг тавьсан Бурханыг таньж мэдэх боломж бидэнд байна.

Та Бурхантай харилцаа тогтоохыг хүсэж байна уу? Хэрхэн үүнийг хийж болохыг та эндээс харж болно: Бурханыг хувьчлан таньж мэдэх нь.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…

Ертөнц хэрхэн үүссэн талаар өгүүлсэн энэхүү богино нийтлэлийн зарим хэсгийг 2007 онд Реженери Паблишингаас гаргасан Дайниш Д’Соузагийн Христ итгэлийн талаарх агуу зүйлс-ийн 11-р бүлгээс авсан болно.

Зүүлт: (1) Дайниш Д’Соузагийн Регнэри Паблишингаас гаргасан "Христитгэлийн Юу нь Сайхан гэж?" ном (2007 он), 118-р хуудас, (2) Стивен Вейнбергийн "Эхний Гурван Минут: Ертөнцийн үүслийн орчин үеийн тайлал" ном, 5-р хуудас (3) Эхлэл1:1,3 (4) Роберт Жастроу "Профессор Роберт Жастроугийн Үг" 2002 он, LeaderU.com (5) Роберт Жастроу: "Бурхан ба Одон орон судлаач" 1992 он (6) Виктор Стенгэрийн "Шинжлэх ухаан Бурханыг мэдсэн үү?" номын 19-р бүлэг. 2004 он. (7) Бэртранд Рассел, Фредрик Коплестон нарын "Бурханы Оршин Буй нь" ном, 175-р хуудас. (8) Ж.Ю.Т.Грейд, "Дэйвид Хумын захидлууд номын 187-р хуудас, (Оксфорд: Кларендон Пресс) 1932 он. (9) Исаиа 40 (10) Дуулал 148:5 (11) Иаков 4:8 (12) Иеремиа 29:14 (13) Иеремиа 9:23,24

ХУВААЛЦАХ:  

TOP