Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Жинхэнэ Амьдрал

Амьдралдаа сэтгэл хангалуун байдал, хүлээн зөвшөөрөл болон амьдралын утга учир, зорилгыг олж авсан гурван хүн энэ бүхнийг хаанаас олж авснаа тантай хуваалцаж байна.

Та, амьдралд сэтгэл ханамжгүй байж үзсэн үү? Зүгээр нэг амьдрах бус харин амьдрал илүү утга учиртай байх ёстой гэж та бодож байв уу? Дараах хүмүүсийн хуваалцсан зүйлсээр дамжуулан, бид тантай жинхэнэ амьдралын тухай, энэхүү жинхэнэ амьдралд Бурхан ямар оролцоотой болох тухай хуваалцахаар зорьсон юм.

Жинхэнэ амьдрал дахь сэтгэл хангалуун байдал
[Жон Г.]

Тэр л уулын оргилд гарчихвал боллоо доо гэсэн амьдралын зорилготой нэгэн залуугийн тухай та сонсож байсан байхаа. Хүрье гэж зүтгэсэн оргилдоо хүрсэн ч дахиад л ямар нэг зүйл дутуу байгааг тэр мэдэрдэг байв. Энэ нь бүхэл бүтэн цомын төлөөх хөл бөмбөгийн тэмцээнд ялалт байгуулчихсан атлаа үүнийхээ дараагаар энэ нь сэтгэлийг нь дүүргээгүйн улмаас ихээр гунигт автсан нэгэн мэргэжлийн хөл бөмбөгчинтэй адил.

Коллежид сурч байх үед маань надад эдгээртэй адил зүйл маш их тохиолддог байлаа. Хүмүүс надад найз нөхөд, ойр дотнынхонтойгоо хүссэнээрээ зугаацан таалагдсан охидтойгоо хөгжилдөн, цаг нөхцөөх гээд сэтгэлээ дүүргэж болох олон янзын зүйл санал болгож, би ч тэдгээрийг нь хийж байсан.

Хүссэн бүхнээ хийх гэж тэмүүлэн, харсан бүхнээ би энэ үед авч байлаа. Гэсэн ч тэдгээрийн оргилд гарсны дараа дахиад л хоосон. Ямар нэгэн юм дутуу байгаа учраас дахиад л цааш явах хэрэгтэй болно. Амьдралд ямар нэг зүйл дутсан хэвээр, гэтэл явах газар цааш үгүй.

Мэдээж хэрэг, миний мэдэрч байгаа энэхүү амьдралын талаар хэн ч мэдэхгүй, би ч гаднаа энэ байдлаа хүмүүст харуулахыг хүсээгүй. Харин миний ойр дотнынхны дунд олон залуус намайг харж байгааг би мэдэрч байв. Магадгүй, тэдний зарим нь над шиг амьдрахыг хүсдэг байх. Гэтэл тэд миний доторх хоосон зайг мэдэхгүй шүү дээ.

Гэхдээ бидний дотор бас нэгэн бүлэг залуус байсан юм. Би тэднийг “Библийг бишрэгчид” гэж нэрлэдэг. “Би тэднийг дооглож, буруушаах шалтгааныг үргэлж хайдаг байсан ч миний дийлэхгүй ямар нэг юм тэдэнд байгааг би хардаг байсан. Яг л өнөөх хайгаад байгаа жинхэнэ сэтгэл хангалуун байдал тэдэнд байгаа ч юм шиг. Тэд л амьдралын жинхэнэ утга учрыг мэдээд байгаа юм шиг санагддаг байлаа.

Сургуулиа төгсөх гэж байсан тэр жилийн зун нь сүмийн Библи судлалд намайг урьсан юм. Тийшээ очих хэд хэдэн шалтгаан надад байсан. Би урьдынхаасаа илүү сүнслэг зүйлсийг мэдрэх болов уу гэж бодож байлаа. Тэгээд нэг залуу Библээс зааж эхлэхэд үнэхээр гайхаж, бүр алмайрсандаа “Аанхаан, энэ чинь харин дажгүй юм гээч" гэж бодож билээ. Библи ийм үнэн зүйлийг ярьж амьдралд ийм ойрхон байсан юм гэж үү?

Бурхан миний зүрх сэтгэлийн хаалгыг тогшиж байсан нь энэ байжээ. Гэтэл би хаалгаа нээхийг зөвшөөрөөгүй. Шалтгаан нь амьдрал маань яаж өөрчлөгдөх бол, мөн найзууд маань намайг тэнэг гэж бодох болов уу? гэсэн бодол надад айдас төрүүлж байлаа. Гэвч энэ тухай бодох тусам Түүнтэй харилцаж эхлэх нь хийх ёстой зөв зүйл гэдгийг Бурхан надад ойлгуулж байсан. Тиймээс миний амьдралд орж ирээсэй гэж Түүнээс чин сэтгэлээсээ хүссэн юмаа.

Дараа нь юу болсныг дүрслэн хэлэхэд хэцүү юм, гэхдээ би оролдоод үзье. Би Бурхантай “уулзсан”. Яг тэр үед би жинхэнэ сэтгэл хангалуун байдлыг олсон. Өмнө нь би хэзээ ч мэдэрч байгаагүй бүрэн бүтэн байдлыг мэдэрч, миний зүрх сэтгэлийн гүнд дэх хоосон орон зай дүүргэгдэж, өнөөдрийг хүртэл би тэр дүүрэн амьдралаар амьдарч байна.

Миний олсон тэр зүйл, ер бусын биш. Харин энэ нь Есүс Христийн хүн болгоны амьдралд хийхийг хүсэж буй тэр зүйл юм. Тэрээр хэлэхдээ (одоо ч ингэж хэлж байна) "Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй"1. Есүс, Өөртэй нь хувийн харилцаатай байхыг биднээс хүсдэг.

Одоо хэр нь амьдралд өгсөж уруудах, гуньж гутрах, аливаа юманд хүрэх гэж зүтгэж тэмүүлэн шантрах үеүд байсаар байв ч надад амьдралын утга учир, сэтгэл хангалуун байдлыг өгдөг эх сурвалж нь миний таньж мэдсэн Есүс Христ юм.

Жинхэнэ амьдрал дахь хүлээн зөвшөөрөлт
[Роберт К.]

Би өсвөр насны хүүхэд байхдаа “Озын илбэчин” гэдэг телевизийн алдартай нэвтрүүлэг үздэг байлаа. Магадгүй та энэ талаар санах байх. Дороти охин Кансасийг орхиод, Озод ослын буулт хийн, чөтгөрийг эвлэгхэн алснаар тэр алдар цуутай хүн болов. Озын оршин суугчид түүнийг ихэд хүндэтгэн, найрсаг хүлээн авсан боловч, гэртээ буцах хүсэл нь гүйцэлдсэнгүй. Гэвч азаар Дороти Озын илбэчинтэй нүүр тулах аялал хийх байлаа. Үүнийг мэдэхээсээ өмнө тэр замдаа гурван шинэ найзтай болсон байсан ба агуу илбэчинтэй уулзахаар догдолж байлаа.

Дараа нь юу болсныг санаж байна уу? Эелдэг халамжтай илбэчний оронд, Дороти болон түүний найз нартай ууртай, аймшигтай дуу хоолой мэндчилсэн юм. Тэр тэднээс биелүүлэх бараг боломжгүй даалгавар гүйцэтгэхийг шаардав. Энэ нь эмгэн чөтгөрийн шүүрийг олж ирэх байсан юм. Озын гайхамшигт илбэчний хувьд шүүрийг олох нь маш хүнд хэрэг байж л дээ.

Маш олон янз бүрийн төвөгтэй бэрхшээлүүдийг туулан байж Дороти болон түүний найзууд Озын илбэчний өмнө өнөөх шүүрийг олж ирэн түүнтэй дахин учирдаг. Тэд, шүүрийг авчрах үед Доротогийн нохой Тото өнөөх илбэчнийг халхалсан хөшгийг таттал тэдний төсөөлж байсан эелдэг, гайхамшигтай илбэчин огт биш байжээ. Зүгээр нэг хөгшин эр байжээ.

Миний хүүхэд байх үеийн маань ойлголтоор бол Бурхан надад Озын илбэчинтэй ихээхэн адил санагддаг байсан. Би түүнийг хувирамтгай зантай бас миний талаар маш бага зүйлсийг л мэддэг гэж бодож байлаа. Бурхан бол маш хол хүрч боломгүй өөр ертөнцөд байдаг гэсэн тийм л төсөөлөл надад байдаг байв. Үнэндээ Есүсийн загалмай дээрх үхэл, Түүний хийсэн зүйл үнэхээр агуу золиос болохыг би ойлгодог байсан ч гэлээ Есүс энэ бүгдийг хийхдээ дурамжхан байсан юм шиг надад санагддаг байлаа. Бурхан надаас хүсдэг зүйл нь би сайн ааш зантай байх, Түүний тавьсан шаардлагыг л биелүүлэх гэж боддог байв. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд үүнийгээ би батлан харуулах ёстой. Энэ бүх зүйлсээс Бурхан миний амьдралд тийм их үлгэр дуурайлал бүхий байгаагүйг та харж байгаа байх. Гайхамшигтай гэдэг үг Түүнийг дүрслэх миний үгсийн санд байгаагүй.

Тэгэхдээ л коллежийн нэгдүгээр курст орох үед бүх зүйл өөрчлөгдсөн. Яг л хөшиг нээгдэх мэт... Бурханыг үүл манан мэтээр ойлгож байсан надад хэн нэгэн анх удаа Библийг өгсөн. Яг л эсрэгээрээ Тэр ууртай, харамч Нэгэн биш байлаа. Харин биднийг өрөвдөн хайрладаг Нэгэн байсан юм. Намайг хэзээ ч төгс амьдарч чадахгүй, Түүний хэмжүүрт хэзээ ч хүрч чадахгүй болохыг Бурхан мэддэг байжээ. Тийм учраас л Тэр хүн төрөлхтөн дээр Өөрөө ирж, тэр хэм хэмжээг биелүүлсэн нь Түүний хайр байсан юм.

Есүс Христ миний үлгэр дуурайл бус харин миний хийж чадаагүйг хийсэн намайг орлогч гэдгийг би ойлгосон. Би Түүн шиг загалмай дээр зовох хэрэггүй. Харин тэр зовлонгийн ач тусыг хүртэгчид нь ажээ. Түүний загалмай дээрх үхлийн улмаас миний гэм, миний алдаа аль хэдийнээ шийдэгдсэн болохыг олж мэдсэн. Тэр, энэ бүгдийг миний төлөө Тэр хүссэн учраас хийсэн нь миний төлөөх Бурханы хайр хэр их болохыг харуулсан юм. Энэ бүгдээр Тэр намайг хэчнээн сайн мэддэг бөгөөд намайг байгаагаар маань хүлээн авсан болохыг надад харуулсан. Энэ тухай Библид “Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм”2 гэж бичигджээ.

Хөшигний цаана зогсож байсан тэр Нэгэнд жинхэнэ хүлээн зөвшөөрөл байсныг би ойлгосон. Тийм болохоор таныг ч гэсэн хөшгөө нээж, уучлал, хүлээн зөвшөөрлийг танд өгөхийг хүсэж байгаа тэр Нэгэнийг над шиг олж мэдээсэй гэж танаас би хүсэж байна.

Жинхэнэ амьдралын зорилго
[Мэрилин А.]

Би амьдралыг утга учиртай байх ёстой гэж үздэг байлаа. Өдөр бүрийн хором мөч бүрд утга учиртай байх шаардлагагүй л дээ. Жишээ нь хувцас угаах нь нь ямар утга учиртай вэ? гэж асуугаад байх тийм ч шаардлагатай биш. Амьдрал үргэлж нухацтай байх хэрэггүй л гэх гэсэн юм. Гэвч бидний хувьд ихэнх он жилүүдээ сайхан өнгөрөөх нь тун чухал юм.

Харин зугаа цэнгэл бол мөнхөд үргэлжлэх зүйл биш болохоор амьдрал энэ бүгдээс илүү утга учиртай байх нь зүйтэй гэж бодож байна. Зохиолч Рави Закариа үүнийг “Хэрэв амьдралд томоохон утга учир байхгүй бол… амьдрал жолоодлогогүй, бүхэлдээ утга учиргүй юм” гэж оновчтой хэлсэн байдаг.

Миний амьдралыг өдөөж, урам зориг оруулах ямар нэг зүйлийг хайх зорилгоор би Достоевский, Саатри, Нитше, Сократ зэрэг олон хүмүүсийн философи үзлүүдийг хэдэн жилийн турш судалж үзсэн. Би аль нэг шинэ философийг амьдралдаа хэрэгжүүлэх гэж хэдэн долоо хоног “туршиж” үздэг байсан ч эдгээр философуудыг жинхэнэ бодит амьдрал дээр хэрэгжүүлж үзэхэд урам хугалмаар болохыг олж мэдсэн билээ. Гэвч би эрлээ цааш үргэлжлүүлсэн.

“Тайм” сэтгүүлийн олон улсын сурвалжлагч доктор Давид Айкмэн амьдралын утга учрын талаар нэгэн гайхалтай зүйлийг хэлсэн нь миний эрэлд найдвар авчирсан юм. Тэр хүн хоёр ч их сургуулийн эрдмийн зэрэгтэй, Орос, Хятадын түүх болон коммунист үйл ажиллагааны талаар гарамгай мэргэшсэн, 30 гаруй оронд ажиллаж байсан, 6 хэлээр төвөггүй ярьдаг, амьдралын талаар нухацтай тунгаан бясалгагч хүн байв. Тэр хүн “Хүн бүрд оршин байгаагийн утга учир зорилго гэж байгаа. Гагцхүү үүнийг танд хэн ч хэлж өгөхгүй Харин та өөрөө үүнийг Бурханээс олж мэдэж чадна.” гэж хэлээд, Есүс Христтэй харилцаж эхлээрэй хэмээн санал болгосон байдаг.

Доктор Айкмэн “ Би Есүсийн үгсийг Библиэс уншиж байхад Есүс миний зүрх сэтгэлд, хандан ярьж байгаа юм шиг надад санагдсан. Тэрээр ‘Би бол амьдралд хүргэх зам, хэрвээ чи намайг дагаж, миний хэлсэн зүйлсийг үйлдвэл чиний амьдрал өөрчлөгдөх болно’ гэж байсан юм. Доктор Айкмэн Есүс Христтэй харилцаж эхлэх анхны алхмаа Түүнийг амьдралдаа орж ирээч хэмээн залбирсан залбирлаар эхэлсэн тухайгаа хуваалцан ярьсан байдаг. Тэрээр төгсгөлд нь “Есүс Христтэй харилцаж эхлэх алхмыг хийсэн хэний ч амьдрал сэтгэл догдлом, гайхалтай болох болно гэж би амлаж байна” гэж хэлжээ.

Доктор Айкмэний нэгэн адил би шашингүй үзэлтэй гэр бүлээс гаралтай. Яг л түүнтэй адил анх Есүсийн Өөрийнхөө талаар хэлсэн зүйлс нь надад их онцгой санагдаж байсан. Тэрээр амьдралын талаарх философидоо биш харин хүмүүсийг Өөр лүүгээ хандуулж байсан. Мөн Есүс бидний гэм нүглийг уучлан, хүнд хэцүү нөхцөл байдал дунд ч гэсэн зүрх сэтгэлд минь амар тайвныг өгч, биднийг эрх чөлөөтэй амьдрал уруу дагуулна гэж хэлсэн байдаг.

Бурхан гэж үнэхээр байдаг юм бол Түүнийг үнэхээр таньж мэдэхсэн гэсэн хүсэл надад байсан. Гэлээ ч Христ итгэлийн талаар өөрийнхөө мэдэх бүхнээр бусадтай мэтгэлцэж, асуудал үүсгэдэг байлаа. Үнэндээ Есүсийг Бурхан байсан гэдгийг батлах нотолгоог би хүсэж байсан юм. Ингээд нэгэн өдөр би Бурхан үнэхээр оршин байдгийг болон Есүс бол Бурхан гэж баталсан баримтуудыг үнэнээсээ нягтлан судалсан. Тэр үед маш олон логик болон түүхийн баримтууд байгааг олж харахдаа үнэхээр их гайхаж билээ. Тэр үед надад Есүсийг амьдралдаа урьж, Өөрийнхөө хүссэн байдлаар амьдралд минь нөлөөлөөсэй гэж Түүнд залбирах аль эсвэл амьдралд маань тулгарсан энэ бүлгийг шууд хаагаад дахин “Бурхан”-ний талаарх энэ бүх ойлголтоос татгалзах уу? гэдэг сонголт тулгарч байсан юм.

Ингээд Түүнд итгэх итгэлийн талаарх бат найдвартай олон шалтгаануудыг удаан бодож, тунгаасны эцэст би, Түүнийг амьдралдаа урьсан юм. Ингээд тэр өдөр амьдралын утга учрыг хайж байсан эрэл маань бүрэн шийдвэрлэгдэж билээ.

Бурхантай харилцах боломжтой болсон гэдэг маань намайг үнэхээр гайхшруулж байлаа. Би Түүнтэй ярьж, Тэр намайг сонссон болох нь нөхцөл байдлуудын дунд Түүний хийж байгаа өөрчлөлтүүдээр дамжуулан надад мэдрэгдэж байсан. Тэр, миний бодож мөрөөдөж байснаас минь илүү сэтгэл догдлом бас илүү уужим замаар намайг удирдаж байсан. Надад ямар нэг асуулт төрөх үед Тэр надад яг тохиромжтой бас ойлгомжтой хариултуудыг Библиэр дамжуулан өгч байв.

Энэ бүхэн гэнэт л нэг дор болж байсан гэсэн үг бишээ. Бурхантай харилцах харилцаа хоёр талын байнгын харилцаа байдаг. Энэхүү харилцаанаас одоо хүртэл би баяр хөөрийг амссаар байна. Би бусдаас илүү учраас л надад ийм зүйл тохиож байгаа хэрэг биш харин Есүс Христийг танин мэдэж, Түүнийг дагахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа хэний ч зүрх сэтгэлд Тэр ордог учраас л ийм зүйл болдог...

Бурханыг даган амьдрах амьдралд мөнхийн баяр хөөр байдаг. Өөр юутай ч, бас хэнтэй ч зүйрлүүлэшгүйгээр Есүс Христийг танин мэдэх нь амьдралд жинхэнэ утга учрыг авчирдаг.

Жинхэнэ амьдралд...

Жинхэнэ амьдрал гэдэг бол утга учиртай, зорилготой, хүлээн зөвшөөрлөөр дүүрэн тийм амьдрал. Энэ бүхнийг бид Есүсээс л олдог. Хүн төрөлхтний түүхэнд Есүстэй адил зүйлийг хэлж, хэлсэн зүйлсдээ агуу баталгаануудыг өгч байсан хэн ч байгаагүй. Тэр, Өөрийгөө Бурхан бөгөөд гэм нүглийг уучлах эрх мэдэлтэй, Бурхан Эцэгийг зөвхөн Өөрөөр нь дамжуулан таньж мэдэх тухай тунхаглан хэлсэн. Тэрээр энэ бүхнээ үхлээс амилсан амилалтаараа батлан харуулсан. Есүс зүгээр нэг агуу багш байгаагүй, Тэрээр үнэхээрийн энэ дэлхийн хэнтэй ч зүйрлүүлэшгүй хосгүй Нэгэн байсан юм.

Библид Есүс бол “Хүн болж дэлхийд ирсэн Бурхан” гэдэг. “ Үг нь махан бие болж, бидний дунд оршин”,3 “Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл” юм.4 Товчоор хэлбэл Есүс Христ Бурхан хэн бэ? гэдгийг харуулахаар ирсэн. Тэгэхээр бид Түүнтэй хэрхэн харилцаагаа эхлэх вэ?

Бид сайн хүн болсноороо Бурхантай харилцдаггүй. Бурханы таалалд нийцүүлэх гэж махран зүтгэх нь ч Түүний биднээс хүсдэг зүйл биш. Танд хэн нэгний хүлээн зөвшөөрлийг авахын тулд хичээж зүтгэдэг тийм харилцаа байсан уу? Энэ ч үнэхээр тоглоом биш шүү.

Бурхан биднийг чин сэтгэлээсээ, үнэнээр хайрладаг тул Өөртэй нь ойр дотно байлгах арга замыг бэлтгэсэн. Гэвч Бурхантэй холбоотой болоход гэм нүгэл саад болон хөндөлсдөг юм. (уур хилэн, бусдыг шархлуулах үг яриа, тэвчээргүй байдал, аминч үзэл, шунал гэх мэт нь биднийг амиа бодсон хүмүүс болохыг харуулдаг). Таны залбирал хоосон хана мөргөх мэт болж байсан уу? Бидний гэм нүгэл л Ариун Бурханээс тусгаарладаг.

Тэгвэл биднийг Түүнтэй ойр харилцаатай болгохын тулд Бурхан юу хийсэн юм бэ? Есүс Христ (хүн болж ирсэн Бурхан) хүмүүсийн гэм нүглийг нуруундаа үүрэн, загалмай дээр бидний өмнөөс нас барсан. Биднийг бүрэн уучлагдаж, Түүнд бүрэн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд Тэрээр энэ бүхнийг хийсэн.

Гэмт хэрэгт холбогдоод, ял авсан нэгэн коллежийн оюутны жишээгээр хүмүүс бидэнд байгаа асуудлыг дүрслэн үзүүлье. Шүүгч тэр охиныг шоронд 30 хоног суух эсвэл 1000 доллар төлөх шийтгэл өгчээ. Тэр эмэгтэй оюутанд мөнгө ч байхгүй, цаг ч байхгүй байлаа. Шүүгч үүнийг мэдээд, өөрийн өмсгөл хувцсаа тайлаад, урд суудал уруу алхан очоод, тухайн шийтгэлийн мөнгөн дүнг бичсэн чек өгөв. Яагаад? Учир нь тэр шүүгч, оюутан охины төрсөн аав байсан бөгөөд охиныхоо өмнөөс шийтгэлийг нь авахаар шийдсэн байжээ.

Үүний адилаар, Есүс бидний хүн нэг бүрийн өмнөөс загалмай дээр нас барсан. Тэр бидний өмнөөс ташуурдуулан, занчуулж, загалмай дээр тарчлан зовж бидний өмнөөс золиос болсон. Тэрхүү золиос болсон хайрын хариулт болгож, та Есүсийг амьдралдаа урьж оруулахыг хүсэж байна уу? Энэ бол танаас асууж буй Түүний асуулт.

Бид хэрхэн жинхэнэ амьдралыг хүлээн авч болох вэ?

Тэр биднийг Өөрийг нь таньж мэдээсэй, Түүний өгөх хайр, баяр хөөр, амар тайвныг мэдрээсэй гэж хүсдэг. Бид Түүнийг амьдралдаа уримагц Түүний уучлалыг хүлээн авч, өнө мөнхөд Түүнтэй харилцах харилцааг эхэлдэг. Есүс “Би үүдэн дээр зогсоод хаалгыг тогшиж байна. Хэн Миний дууг сонсоод, хаалгаа нээнэ Би түүний дотор орно” гэж хэлсэн байдаг.5

Хэрвээ, таны зүрх сэтгэлийн хүсэж байвал дараах залбирлыг хийж болох юм. Гэвч таны хэлэх үгсээс илүү зүрх сэтгэлийн чинь хандлага чухал байдаг.

Бурхан минь, би Таны өмнө гэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний бүх гэм нүглийг Та, Өөртөө авч, загалмай дээр нас барсанд тань баярлалаа. Намайг уучилж, Та миний амьдралын Аврагч Эзэн минь болооч. Зөвхөн Таны өгч чадах жинхэнэ амьдралыг надад өгөөч.

Амьдралын утга учрын талаар илүү ихийг олж мэдэхийг хүсвэл Өөрчлөгдсөн Амьдралын Эх сурвалж сэдвийг эсвэл бусад нийтлэлүүдийг үзэж болно.

 Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…
 Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.
 Надад асуулт байна…

Библээс...

"Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй." (1 Иохан 5:12)

"Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв." (Иохан 1:12)

"Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм." (Иохан 3:16)

"Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно." (Эфес 2:8-9)

"Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн." (2 Коринт 5:17)

"Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн." (Иохан 17:3)

Зүүлт: (1) Иохан 6:35 (2) 2 Коринт 5:21 (3) Иохан 1:14 (4) Еврей 1:3 (5) Илчлэлт 3:20

ХУВААЛЦАХ:  

TOP