Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Амьдрал яагаад ийм хэцүү юм бэ?

Яагаад хүмүүст хорт хавдар тусдаг юм бол? Яагаад хотыг бүхэлд нь сүйрүүлэх газар хөдлөлтүүд болдог юм бэ? Зөвхөн гэр бүлээ л тэжээх гэж хүмүүс яагаад тэгж их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог юм бол? Энэ мэтийн асуултууд өөрийн эрхгүй төрдөг ч бид ил гаргадаггүй. Бид завгүй амьдрал дундаа түр ч гэсэн зогсоод, ЯАГААД? гэж бодох нь тун ховор.

Гэхдээ биднийг сэрээх ямар нэг зүйл гарч ирдэг. Эцэг эх салж сарних, хөрш айлын охин хулгайлагдах, хамаатны хэн нэгэн хорт хавдар тусах гэх мэт биднийг цочроох гэнэтийн үйл явдлууд болдог. Гэвч бид болсон явдлыг хүлээн зөвшөөрч чадалгүй бахь байдгаараа үлдэх нь бий. Энэ байдал дараагийн эмгэнэлт явдалд цохиулах хүртэл үргэлжилнэ. Харин энэ үед л сая: Ямар нэгэн юм болохгүй байна. Үнэхээр ямар нэг юм маш буруу байна. Амьдрал ийм байх ёсгүй! гэж бодох сөхөө орно.

Тэгвэл, ЯАГААД муу юм болдог юм бэ? ЯАГААД энэ дэлхий илүү дээр байж болоогүй юм бэ?

ЯАГААД гэсэн энэ асуултын хариу Библид бий. Гэвч ихэнх нь энэ хариултыг сонсох дургүй. Учир нь дэлхий ертөнц ийм байгаа нь бид ингэж л хүссэний улмаас юм.

Хачин сонсогдож байна уу?

Юу?, эсвэл хэн, энэ дэлхийг одоо байгаагаас нь өөр болгож чадах вэ? Юу, эсвэл хэн, амьдралыг үргэлж зовлонгүй байлгах баталгааг хүн бүрд өгч чадах вэ?

Бурхан. Тэр чадна. Гэвч Тэр баталгаа өгдөггүй. Ямар ч л байсан одоо биш. Үүнээс болж бид Түүнд уурладаг. “Бурхан хамгийн хүчирхэг, бүгдийг хайрлагч биш. Тийм л байсан юм бол энэ дэлхий одоогийнх шиг байх ёсгүй байсан юм!” гэж бид Түүнийг буруутгадаг.

Бурхан бодлоо өөрчилнө гэж санасандаа ингэж буй хэрэг. Бүх бурууг Түүнд тохсоноор Тэр аливааг хийх арга замаа өөрчилнө гэж бид найддаг.

Гэвч Тэр хөдлөх шинжгүй. ЯАГААД?

Бурхан бол хувиршгүй. Тэр, бүгдийг яг одоо нэг мөсөн өөрчлөхгүй. Яагаад гэвэл Тэр бидний гуйсныг л өгч байна. Юуг тэр вэ? Түүний оролцоо ба тусламжгүйгээр амьдарна гэж хүссэн тэр ертөнцийг.

Адам, Ева хоёрын түүхийг санаж байна уу? Тэд “хориотой жимс”-ийг идсэн. Тэр жимсийг идэх нь, Бурханы хэлсэн үг болон тэдэнд хийж өгснийг нь үл хэрэгсэн, Түүнгүйгээр амьдралаа шинээр эхэлье гэсэн утгатай. Учир нь Адам, Ева хоёр Бурхангүйгээр Түүн шиг болно гэж найдсан юм. Бурхан болон Түүнтэй дотно харилцаатай байхаас илүү дээр юм байгаа гэсэн санаагаа тэд хэрэгжүүлсэн юм. Тэдний хийсэн сонголтын үр дүнд энэ дэлхийн тогтолцоо алдаа зөрчил, гэм буруугаар дүүрсэн.

Тэдний түүх бол бид бүхний түүх1 Тийм биш гэж үү? Чанга биш ч гэсэн хэн зүрхэндээ: Бурхан, үүнийг би Тангүйгээр хийж чадна гэж бодож байна. Би өөрөө дөнгөчихнө өө. Туслах гэсэнд баярлалаа гэж хэлээгүй вэ?

Бид бүгд л амьдралаа Бурхангүйгээр авч явахыг оролдсон. Яагаад, бид ингэдэг вэ? Шалтгаан нь Бурханаас илүү үнэ цэнэтэй, илүү чухал ямар нэг зүйл байгаа гэсэн далд санааг бид өвлөөд авчихсан байх. Хүн болгоны хувьд чухал зүйл нь өөр өөр байж болох ч гол утга нь ижилхэн. Амьдралын хамгийн чухал зүйл бол Бурхан биш. Яах вэ дээ, би энэ бүхнийг Түүнгүйгээр болгочихно гэх гэсэн юм.

Бурханы хариулт юу вэ?

Тэр, үүнийг зөвшөөрдөг. Бурханы эсрэг, бидний эсвэл бусдын явдаг замууд болох аллага, хүчирхийлэл, шунал, луйвар, заль мэх, завхай зайдан явдал, хүүхдийн хулгай гэх зэргээс болж олон хүн их зовлон амсдаг. Энэ бүхэн, амьдралд нь нөлөөлөхийг Бурханд зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсээс болсон гэж тайлбарлаж болно. Тэд зөвхөн амин хувиа л бодож амьдардаг. Ингэхдээ өөрсдийгөө ч, бусдыг ч зовоодог.

Үүнийг хараад, Бурхан яадаг бол? Тэр маадгар биш. Үнэндээ бол Бурхан өрөвдөн шаналж, Өөр уруу нь эргэнэ гэж найдан харсаар байгаа. Ингэснээр Тэр бидэнд жинхэнэ амьдралыг эргүүлэн өгч чадах юм. Есүс: “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая”2 гэж хэлсэн. Гэвч үүнийг олонх нь хүсдэггүй. Энэ байдлыг Есүс, “Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэчнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй”3 хэмээн илэрхийлэн хэлсэн. Есүс өнөөх асуудлыг Өөрт нь хандсан бидний харилцаан дээрээс дахин гаргаж ирсэн. “Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.”4

Тэгвэл амьдрал бидэнд шударга бус ханддагийг юу гэх вэ? Өөрсдөөсөө илүү бусдын буруугаас болж биднийг зовоодог амьдралын аймшигтай хүнд байдлын тухайд юу гэх вэ? Бид хохирол амсахын зовлонг мэдрэхдээ, хүмүүс Түүнтэй маш муухайгаар харьцах үед Бурхан Өөрөө яаж тэсвэрлэж байсныг илүү ойлгоно. Таны юу туулж буйг Бурхан хэн хэнээс илүү ойлгодог.

Есүс нөхдөдөө орхигдож, Өөрт нь үл итгэгчид Түүнийг доромжлон зодож, эрүүдэн, загалмайд хадуулсан ба ингэж олны өмнө ичгүүрт байдлаар үзмэр болж, амь тэмцэн удаан хугацаагаар тарчилж үхсэн. Тэр, энэ бүхнийг бидний төлөө тэсвэрлэсэн бөгөөд үүнээс илүү хүнд зовлон гэж байхгүй юм. Есүс биднийг бүтээсэн мөртлөө, Өөрт нь хүссэн бүхнээ үйлдэхийг тэдэнд зөвшөөрснөөрөө Сударыг биелүүлж, биднийг гэм нүглээс чөлөөлсөн. Энэ бүхэн Есүсийн хувьд гэнэтийн явдал байгаагүй. Тэрээр тухайн үед юу болох гэж байгааг, тухайлбал өвдөлт, доромжлол бүхнийг амсахаа урьдаас нэг бүрчлэн мэдэж байсан. “Есүс Иерусалим өөд явах гэж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад, замдаа тэдэнд, ‘Харагтун, бид Иерусалим өөд явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар, хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллаж, харь үндэстэнд тушааж, тэд нараар доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.”5

Ямар нэгэн ой гутмаар зүйл танд тохиолдох гэж байна гээд төсөөлдөө? Есүс сэтгэлийн гүн шаналлыг ойлгодог. Есүсийг баривчилсан тэр шөнө, Тэр залбирахаар явахдаа хэдэн нөхрөө дагуулав. “Тэр Өөрийн хамт Петр болон Зебедеен хоёр хүүг авч явав. Тэр зовж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд ‘Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэв. Тэр тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж, ‘Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбирлаа.”6 Тэр үед Есүс гурван найзаа хань татсан боловч тэд нар нь Түүний хэчнээн зовж байгааг ойлгоогүй, Есүсийг залбирчхаад эргээд ирэхэд нь тэд унтаж байсан. Есүс өвдөх ба ганцаардахын туйлд хүрэх ямар байдгийг мэдэхийн дээдээр мэднэ.

Иохан Сайн Мэдээгээ дүгнэн: “Тэр ертөнцөд байсан. Ертөнц Түүгээр бий болсон атал, ертөнц Түүнийг таньсангүй. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.”7 “Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан, ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”8

Энэ дэлхийд өвчин шаналал, хүнд зовлон байгаад гайхах зүйл байхгүй. Үүнийг зарим нь бусдыг хохироох хувиа бодсон, заналт үйлдлүүдээс болдог гэж тайлбарлана. Зарим нь амьдрал ийм байх ёсгүй гэж эсэргүүцдэг. Харин Бурхан Өөрийгөө санал болгодог. Тэр ч бас энэ бүхнийг тэсвэрлэсэн бөгөөд бидний өвчин шаналал, хэрэгцээг сайн мэддэг болохоо бидэнд ухааруулдаг. Есүс дагалдагч нартаа, “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.”9 гэж хэлсэн. Айж, эргэлзэх шалтгаан бидэнд хангалттай их байдаг ч энэ бүх асуудлаас давсан уужим их амар амгаланг Есүс өгч чадна. Эцэст нь, Тэр бол Бүтээгч Эзэн. Тэр өнө эртнээс оршин байсаар ирсэн. Тэр, орчлон ертөнцийг сууриас нь эхлэн бүтээсэн.

Тэр тийм агуу мөртлөө биднийг сайн мэддэг, бүр аар саархан, жижиг зүйлсийг маань ч хүртэл шүү. Хэрэв бид Түүнд итгэж, амьдрах юм бол бэрхшээлтэй тулгарсан ч Тэр биднийг аюулгүйгээр авч гарна. Есүс, “Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан”10 гэж айлдсан. Бидний туйлаас айдаг үхлийг Есүс амссан ба үүнийг даван дийлсэн. Түүнд итгэвэл Тэр энэ амьдралын хүнд байдлуудыг давахад тусалж, дараа нь биднийг мөнх амьдралд аваачина.

Бид энэ амьдралаа ганцаараа туулсан ч болно, Бурхантэй хамт туулсан ч болно. Есүс ингэж залбирсан: “Зөвт Аав аа, ертөнц Таныг мэдээгүй боловч, Би Таныг мэдсэн. Мөн Таны Намайг илгээснийг тэд мэдсэн билээ. Би, Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм.”11

Бурхантай яаж харилцаа тотоохыг Бурханыг хувьчлан мэдэх нь сэдвээс олж уншаарай.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…

Зүүлт: (1) Исаиа 53:6 – “Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” Ром 3:11 – “Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга.” (2) Матай 11:28 (3) Матай 23:37 (4) Иохан 8:12 (5) Матай 20:17-19 (6) Матай 26:37-39 (7) Иохан 1:10-12 (8) Иохан 3:17,16 (9) Иохан 14:27 (10) Иохан 16:33 (11) Иохан 17:25,26

ХУВААЛЦАХ:  

TOP